Categories
мэдээ цаг-үе

Г.Батбаяр: Морины уран бүтээлийн хөгжим хүний сэтгэлийг хөдөлгөж, сэргээж, хөглөж байдаг. Хөглөх хөглөхдөө сагсууруулж хөглөнө

“Хардэл бэйсийн унага”, “Гал шарын унага”, ‘Түрүү магнай”, “Адуучин миний жаргал”, “Тэсийн голын унага” зэрэг олон сайхан дуугаараа морины хэмээн алдаршсан МУГЖ, дуучин Гэнингийн Батбаяртай уулзаж ийн ярилцлаа.


-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан юу байна вэ?

-Сүүлд “Би баян хүн” гэх шинэ дуу дууллаа. Мөнгөөрөө баян биш, ах дүү, ээж аав нутаг усаараа баян, үр хүүхдээрээ баян, монгол орноороо баян гэсэн агуулга сэдэвтэй уран бүтээл байгаа юм. Харин хамгийн сүүлд “Баярын нулимс” гэж дуу гаргах гэж байна. Яагаад гэхээр барианы газар морь орж ирэхээр үзэж байгаа хүмүүсээс баярын нулимс гарахгүй байна гэж үгүй. Манайхан үргэлж баяр үзэж, огшиж байдаг. Морь нь түрүүлээд ороод ирэхэд эзэд нь баярын нулимстай тосдог. Тиймээс “баярын нулимс бөмбөрөх л юм даа. Барихын завдал өгсөнгүй…” гэсэн үгтэй дуу байгаа юм. Сүүлд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин, хүргэн Дөлбадрах болон өөрийн том охин дуучин, Сонгуультай хамтарч хэд, хэдэн дуу дуулсан байгаа. “Миний шүтээн”, “Зүүдний энтэй нутаг”, “Монголдоо би хайртай” зэрэг дуунуудаа нэгтгээд, өөрийнхөө дабл сиди хийх санаатай байна. Хүүхдүүддээ бэлэг барьж байгаа юм. Мөн энэ намар хүүхдүүдтэйгээ хамтарч уран бүтээлийн тоглолтоо хийх бодолтой байгаа. Би Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгадаа ажиллаж байгаа, одоохондоо амарч байна. Удахгүй ажилдаа орно, уран бүтээлүүдээ дуулна.

-Та хөдөө орон нутгуудаар тоглолтоор явж амжиж байна уу. Үзэгчид их хүлээж буй байх?

-Хөдөө орон нутгаар тэр бүр яваад байж чадахгүй юм. Аймгийн ой, насны баяр, тэмдэглэлт ойн наадмууд зэрэг урилгатай хэд, хэдэн газарт очиж дуулсан.

-Таныг тайзан дээр гарч ирээд, дуугаа эхлүүлэхэд л үзэгчид нижигнэтэл алга ташиж, дуу дуустал алга ташсан хэвээр байх юм. Үзэгчдийг ингэж огшуулдаг нууц нь юу юм бэ?

-Морины уран бүтээл өөрөө их сайхан. Түүнээс миний ид шид биш л дээ. Морины уран бүтээлийн хөгжим яваад эхлэхэд л хүний сэтгэл хөдөлж, сэтгэл сэргэж, сэтгэлийг хөглөдөг. Хөглөх хөглөхдөө сагсууруулж хөглөж байдаг. Тийм учраас тайзан дээр гараад, морины дуу дуулахад гоё бахдалтай. Мөн үзэгчдэд дуугаа хүргэхийн тулд, чимэг яриа хийнэ, өөрөө дуундаа орж, дуугаа биеэрээ илэрхийлнэ. Түүнээс биш номхон зогсоод морины дуу дуулаад байвал утгагүй. Морины дуунууд гоё аялгуутай, цоглог учраас хүмүүс их огшдог юм. Өөрийгөө хөглөж жаахан ч гэсэн хөглөгдөж, сагсуурч байж бусдад хүргэдэг. Тэгж байж ард түмэн хүлээж авдаг онцлогтой дуу шүү дээ.

-Морины уран бүтээлийн сайхан нь, энэ хийморьтой амьтныг дуулах нь танд яаж нөлөөлсөн бэ. Мөн танай удамд уртын дуучин хүн байсан?

-Миний хийморьтой яваа, өдий зэрэгт хүртэл нэр хүндтэй ард түмэндээ тэнгэрлэг хөг аялгууг хүргэж буй нь морины уран бүтээлийн ач буян. Ямар ч үед морины тухай уран бүтээлийг тайзан дээр гараад дуулахад сэтгэл сэргэдэг. Миний аав Увс аймгийн Малчин сумын Цалгарын хотгорт төрсөн Гэнин гэж хүн. Аав минь насаараа багшийн ажил хийсэн.

Харин миний ээжийг Аюуш гэдэг. Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн хүн. Манай удамд ээжийн маань аав Ховд аймгийн уртын дууч Жанглай гэж маш сайхан дуулдаг, авьяастай хүн байсан. Би эхээс зургуулаа. Дээрээ хоёр эгчтэй, гурван дүүтэй хүн дээ.

-Гэр бүлийнхээ тухай танилцуулаач. Танай охидууд мөн урлагийн хүмүүс болсон уу?

-Үр хүүхдүүддээ ч би үүнийг л захидаг. Миний охин Б.Сонгууль, хүргэн Г.Дөлбадрах нар дуулдаг болохоор би “Миний хүүхдүүд ямар ч тохиолдолд өөрийн гэсэн уран бүтээлтэй бай. Хүний уран бүтээлийг дахин дуулна гэдэг бэлэн хоол идэж байна л гэсэн үг. Өөрсдөө хөлсөө гаргаж, хөдөлмөрлөж байж л ард түмэнд хүргэдэг юм шүү” гэж хэлдэг. Манайх гурван охинтой. Хоёр нь тусдаа гарсан. Нэг нь бүжиг дэглээч, нэг нь дуучин. Нэг нь гадаад хэлний багш мэргэжилтэй.

-Хүүхэд насныхаа дурсамжаас хуваалцаач. Хүүхэд байхдаа дуучин болно гэж бодож байв уу. Та хожим цэрэгт яваад тэндээсээ дуучин болсон байдаг?

-Хөнгөн шингэн, хүнд их тусархуу, сэргэлэндүү талдаа хүүхэд байлаа. Монгол хүн бүр уралдаж байгаа морины хийморийг харж огшиж байдаг. Их ч хөдөлмөр, зүтгэл гаргасан уран бүтээл бол “Хардэл бэйсийн унага”. Энэ дуу минь намайг уран бүтээлд хөл тавихаас эхлээд өнөөг хүртэл хамт явж байна. Би сумандаа наймдугаар ангиа төгсөөд, гадаадын техник мэргэжлийн сургууль төгсч ирээд, цэрэгт яваад цэргээсээ дуулаад, цэргийн ансамбльд орсон.

Тухайн үед хилийн цэргийн 50 жилийн ой болж, дуулж бүжиглэдэг хүүхдүүдийг шалгаруулж авч байсан юм. Хилийн цэрэгт 18 жил дуулаад, бүх цэрэгт өнөөдрийг хүртэл ажиллаж 35 дахь жилдээ морины уран бүтээлийг хийж байна.

-Анх цэрэгт ямар дуу дуулж байсан бэ?

-“Онгон цэргийн харуул”, “Цэнхэр хангайн нутаг” зэрэг дуу дуулж байсан. Тэгээд л удаагүй морины уран бүтээлдээ орсон юм.

-Таны багш таныг морины уран бүтээл дуулах хэрэгтэй. Мөн хүний дуу дуулж болохгүй гэж захисан гэдэг?

-Манай Зангад багш тэгж байсан. Хүний дууг дуулахаар, сонсогчдод тэр хүн нь бодогддог, Нансалмаа гуайн дууг дуулвал хүмүүс Нансалмаа гуайг санана гэх мэт. Амьд сэрүүн байгаа хүмүүсийн хуучны уран бүтээлүүд рүү давших нь эвгүй. Хүний дуу дуулна гэдэг нь идэж байсан хоолыг нь булаана гэсэн үг.

-Таны хөл одоо нэлээд тэнхэрсэн үү. Таныг гэмтээсэн хүмүүст гомддог уу. Одоо холбоотой байдаг уу?

-Таяггүй гараад хоёр дуу дуулчихаад орох дайны болсон байгаа. Гэмтсэнээсээ хойш 16 жил болчихсон байна. Жирийн үед таяг бариад явчихдаг. Болж өгвөл тайзан дээр таяггүй гарахыг хичээдэг юм. Тухайн үед шүүх хурал болоход л ирж байсан. Тэр хүмүүст гомддоггүй ээ, гомдлоо гээд яахав. Монголын ард түмэн намайг дэмжиж, миний дууг сонсож байна. Ард түмнийхээ хүчээр дуугаа дуулаад, сайхан л амьдарч явна.

-Дуучдын амьдрал, эдийн засаг хэр байгаа бол. Эдийн засгийн хямрал хэр нөлөөлж байна вэ?

-Зах зээлийн энэ үед дуучдын эдийн засаг ч хүнд байгаа байх гэж бодож байна. Яг л уран бүтээлээрээ талхныхаа мөнгийг олдог хүмүүст эдийн засгийн хямрал нөлөөлөлгүй яахав. Эх орон маань сайхан болоод, хүн зоны амьдрал дээшлээд ирэхээр сайжрах байх. Урлаг бол хэзээ ч хаягдахгүй, мөнхийн зүйл.

-Та тоглолтоо хийгээгүй нэлээд удаж байна. Тоглолт хийх үү. Ард түмэнд хүрчихсэн хүмүүс тоглолтоо хийхгүй болохоор их хүлээдэг. Яагаад таг болчихов гээд эрээд, сураад байдаг шүү дээ?

-Хамтарсан уран бүтээлийн тоглолтоо гурван жилийн өмнө хийсэн. Харин өөрийн бие даасан тоглолтоо хийгээгүй их удчихлаа. Яагаад тоглолт хийхгүй байна, та хэзээ тоглолтоо хийх вэ гээд хүмүүс асуугаад л байдаг юм.

Шинэ уран бүтээлүүдээ хийгээд, хүнд сайн хүргэж байгаад, хийе гэж боддог. Чанарт нь илүү анхаарах юм. Залуу хүүхдүүдтэй уралдаж тоглолт хийгээд яахав. Гэхдээ энэ намар хүүхдүүдтэйгээ хамтраад тоглолт хийх санаа байгаа.

-Сүүлийн үеийн залуу дуучид хэр байна вэ?

-Хэн нь ч ах аа, эгч ээ гээд л бүгдтэй нь сайхан харилцаатай байдаг юм. Ганц нэгнийх нь хүч чадал хүрэхгүй бол тусалж байх юмсан гэж боддог. Сайн дуучид ч бий. Батболдтой, Банзрагчтай хамтарч дуу хийлээ. Би ганцаараа дуулж чадахгүй болсондоо биш, залуу хүмүүст туслах юмсан, жаахан ч гэсэн түлхэц болчих гэж л боддог.

-Ямар онцлогтой хүмүүс дуучин болохоороо онцгой амжилтад хүрч байна вэ?

-Тэр болгон хүнд заяадаггүй авьяас. Төрмөл бол төрмөлөөрөө байна. Авьяастай байж сайн сурдаг. Нэг ёсондоо хүний төөрөг хувь тавилан гэж ойлгох юм уу даа. Сонирхсон мэргэжилдээ хөтлөгдөөд л өдий зэрэгт хүрсэн хүмүүс шүү дээ. Насаараа мэргэжилдээ, дуундаа үнэнч явсан дуучид л ард түмний хайртай дуучин болсон байдаг.

-Дуучдад өнөөдөр дуулахгүй, хоолойгоо гамнах ёстой гэсэн үе байх уу?

-Дуулах болгоноосоо эрч хүч хөг авч цаашдын уран бүтээлээ төлөвлөж байдаг.

Өнөөдөр дуулахгүй гэж хувиа хичээж болохгүй. Ард түмэн сонсъё гэж байгаа бол хүссэн үед нь дуулах ёстой. Энэ чинь миний уран бүтээл биш ард түмний уран бүтээл.

-Ард түмнээ нэгдүгээрт тавьдаг байх нь?

-Ард түмэн байж бид дуулна. Ард түмэн байхгүй бол гадаа гараад хашгираад бид хэн ч биш шүү дээ.

-Дуучин болоогүй бол та ямар мэргэжилтэй хүн байсан бол?

-Барилгачин болох байсан юм болов уу гэж боддог. Гэхдээ багаасаа дуулж байсан. Гурав, дөрөвдүгээр ангиасаа эхлэн дуу аялж сурсан юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *