Categories
мэдээ цаг-үе

Ч.Батчулуун: Тав давчихаад туг тойроход гүйж харайх байтугай хуруугаа ч гозолзуулах тэнхэл үлддэггүй юм, уг нь

“Багануур” ХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, Монгол Улсын Өсөх идэр начин Ч.Батчулуунтай ярилцлаа.


-“Марко Поло” уран сайхны кинонд та тоглосон шүү дээ. Мундаг ширүүн төрхтэй баатрын дүр бүтээсэн байна лээ?

-Уг киноны Монгол дахь төлөөлөгчийн газраас монгол баатрын дүрд тохирох хүн хэрэгтэй байна гээд том биетэй, голдуу бөхчүүд дунд шалгаруулалт явуулсан юм билээ. Жүжигчин Н.Оргил ах надтай холбогдож “Тоглосон клип юмнууд байвал явуулаач” гэсэн л дээ. Тэгээд л нэг өдөр Н.Оргил ах “Баяр хүргэе. Чи кинонд сонгогдчихлоо” гэж утсаар ярьсан. Зураг авалт нь Малайзад болсон. Кинонд хэдхэн минут л гараад өнгөрдөг туслах дүр байсан юм. 13 хоног бэлдээд сүүлийн өдөр нь зургандаа орсон. XIII зууны үеийн монгол бөхийн дүр. Би нэг нөхөртэй барилдаад л, нөгөөх нь надтай тулалдаад байгаа тухай л гардаг юм.

-Танд кино, клипний санал их ирдэг үү?

-Их ирнэ. Би ямар мэргэжлийн жүжигчин биш. Тийм болохоор саналд нь татгалздаг юм. Миний хань харин намайг ятгасаар байж дуучин Нарангэрэлийн “Монгол бөхийн гэргийн дуу”-ны клипэнд тоглосон л доо. Тэр клипэнд тоглосноос хойш намайг Монголын хамгийн хурдан хөгширдөг хүн гэж цаагуур чинь яриад байна шүү дээ (инээв). Гэрийн хаяанд сууж байгаад л хүү нь гүйгээд ирэх хооронд хөгширчихсөн байдаг гээд.

-Манай тамирчид, бөхчүүд дунд өндөр бие хаатай содон хүмүүс олон шүү. Тэдэнтэй уулзахад өөрт тохиолддог хөгтэй явдал, бэрхшээлтэй талаа ярьцгаадаг. Машин тэргэнд суухаас эхлүүлээд таарах хувцас олдохгүй хэцүү л байдаг байх?

-Би чинь тийм айхавтар өндөр талдаа орохгүй л дээ. Хоёр метр гаран өндөртэй хүмүүс чинь л нэлээд хүндрэлтэй байдаг юм шиг байна билээ. Надад тэгж нэг их бэрхшээл тулгарахгүй. Япон машин унаад л яваад байдаг юм.

-Таны жин одоо хэд байна вэ?

-160 кг гарантай л байна шүү дээ.

-Та багадаа бөхийн өөр төрлөөр хичээллэж байв уу?

-Чөлөөтөөр хичээллэдэг байсан. Хотод орж ирээд Намшир багшид шавь орж байлаа. Би чинь их орой бөх рүү орсон хүн шүү дээ. 21-тэй хотод орж ирээд чөлөөт бөхөөр хоёр, гурван жил хичээллээд УАШТ-д ороод медалиас мултраад л явдаг байлаа. Тухайн үед 97 кг-ын жинд барилддаг байсан. Залуучуудын УАШТ-д хоёр ч удаа орж байсан. Чөлөөт бөхийн суурьтай л даа.

Харин үндэсний бөхөөр бол 15, 16 настайдаа улсын аваргад барилдаж л байсан. Тэгээд тэр дунд чинь цэрэгт яваад цэргийн албанаас халагдаж ирээд байж байгаад л хотод орж ирсэн нь тэр юм.

-Аав, ижийнхээ уг гарлыг сонирхуулбал?

-Аав минь Говь-Алтайн Тайширынх, ээж Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумынх. Би Төв аймгийн Баяндэлгэр сумынх.

-Аав, ээжийн тань хэнийх нь талд барилддаг, том бие хаатай хүмүүс байсан юм бол?

-Манай ээж том, биерхүү хүн байсан. Ээжийн талд барилддаг ноцолддог хүн байсан ч том цолтой хүн дуулдаагүй. Аавын талд сумын цолтой хүмүүс байсан л юм билээ.

-2014 оны наадмаар та Улсын начин цол хүртсэн шүү дээ. Тэр жилийн барилдааныхаа тухай яривал?

-2014 онд би аймаг, цэргийн хурц арслан цолтой байсан юм. Тэр жилдээ аймаг, цэргийн барилдаандаа хэд хэд, цагаан сарын барилдаанд нь ч түрүүлчихээд байсан л даа. Улсын цол авах хэмжээний бэлтгэлийг байнга л хийдэг байсан болохоор уулзсан хүн болгон л “Чи л цол авахгүй бол өөр хэн авах вэ дээ” гэсэн утгатай зүйл ярьдаг байсан. Бүтэн жилийн турш бэлтгэл сайн байсан болохоор тав даваад начин болсон л доо.

Тавын даваан дээр их хүнд барилдаан хийсэн болохоор зургаагийн даваан дээр муудсан шүү. Дөрвийн даваанд Цацабшир харцагатай барилдаад, тав дээр Сайнбаяр заантай зургаа сугалцаж байж давсан. Сүүлдээ хоёр гар ямар ч тэнхэлгүй болчихсон байсан. Тав давчихаад орж ирээд ундаа ууж байхад миний гарыг чичирч байсан гэж ярьдаг юм. Өөрийнхөө хүчээр барилдаж цол авсан болохоор үнэхээр тэнхэл барагдаж гарын тэнхээ муудчихдаг юм билээ. Тавын даваанд улсын цолтой, аймгийн цолтой хоёр хүн барилдах чинь өдөр, шөнө шиг ялгаатай. Улсын цолтнуудад алдах юм байхгүй, бүх зүйл нь чөлөөтэй. Аймгийн цолтонд унавал тэгээд л бүтэн жилийн хөдөлмөр нь талаар өнгөрнө. Хий гаргахгүй барилдана гэдэг хэцүү л дээ.

-Тав даваад улсын цолтон болж байгаа яг тэр агшинд юу бодогддог юм бэ дээ. Зарим нь гүйж харайх юм, зарим нь хуруу гараа гозолзуулж дэвхцээд янз янз л байдаг?

-Улсын цолтнуудын эгнээнд орчихлоо доо гэж бодогдсон. Хүмүүс тэгж гар хуруугаа гозолзуулж хөнгөн шингэн гүйгээд алга болчихож байгаа харагддаг л юм. Үнэндээ надад тэгж сэтгэлийн эмоци гаргах, гүйж харайх тэнхэл байгаагүй. Үнэн хүч бяраараа цол авсан хүнд тэгж гүйх хүч үлддэггүй юм байна лээ гэдгийг тэгэхэд л ойлгосон. Эсвэл би тийм хүнд барилдаан хийсэн юм уу. Гүйх байтугай, хуруугаа ч гозгонуулах хүч байгаагүй. Сэтгэл хөдлөл багатай болоод тэгсэн юм уу гэхээр би чинь сэтгэлийн хөдлөл ихтэй хүн л дээ. Уг нь бөхөд сэтгэл хөдлөлөө дэвээ шаваагаараа гаргах ч юм уу, тийм ёс жаяг байдаг. Гэтэл одоо бөхчүүд хөлбөмбөг, бусад спортыг дуурайгаад баярлаж байгаагаа гүйж харайж илэрхийлдэг болчихож. Тав давчихаад туг тойрч байхад аавыгаа л бодсон. Аавыгаа байхад тав давчихсан бол доо. Гэхдээ яахав бурхны орноосоо харж л байгаа даа гэж дотроо бодож билээ.

-Өнөө жилийн улсын баяр наадамд та дахин тав давж улсын начин цолоо баталсан?

-Өвөл үндэсний бөхийн бэлтгэл дутуу байсан. Наадмын өмнө Өмнөд Монголд барилдаанаар явж байгаад хоёр хавиргаа хугалчихсан. Өнөөх нь эдгэхгүй, бороолчихоод хөндүүрлээд л яваад байсан. Уг нь өнөө жил ямар ч байсан тав давна даа гэж бодож байсан. Гэхдээ яах вэ ямар ч байсан үзнэ дээ гэсэндээ үзсээр байгаад улсын наадамд дөрөв даваад тавын даваан дээр Б.Гончигдамба гарьдтай үзсээр байгаад начин цолоо баталсан. Бэртлээсээ айсан л даа. Сэдэрчихэж магад гэж их л болгоомжилсон нь онож гайгүй өнгөрсөн. Миний хувьд улсын заанаар улсын начин, улсын гарьдаар өсөх идэр начин цол хүртсэн гэдгээрээ онцлог юм уу даа.

-Та үндэсний бөхөөс гадна хүчний спортоор хичээллэдэг байх аа?

-Тийм, тийм пауэрлифтингийн “Хар хорум” клуб дээр хичээллэдэг. Хүчний бэлтгэлд цаг заваа гаргахгүй бол хүч, бяр нэмдэггүй юм. Үндэсний бөх өөрөө их хүнд бэлтгэлтэй байдаг болохоор пауэрлифтингийнхээ бэлтгэлд давхар анхаарах хэрэгтэй байдаг юм.

-Аливаа хүнд эзэмшсэн мэргэжил, албаараа бахархах мөч бишгүй дээ л таардаг. Танд бөх болсондоо баярлаж, бахархаж байсан мөч гэвэл?

-Сайхан л даа. Бөх чинь сайхан энергитэй. Үндэсний бөхөд өөрийгөө зориулж хар багаасаа л барилдлаа. Ээж, аавынхаа гараас гараад л бөхийн ногоон дэвжээн дээрээ барилдаж байна. Олон түмэн ах дүүс, олон сайхан багш нар, олон сайхан хүмүүстэй уулзаж учраад явж байна. Үндэсний бөхтэй холбогдоод, бөх гэж хэлүүлээд явж байгаа энэ хугацаандаа энэ спортыг сонгосондоо хэзээ ч харамсч байгаагүй. Ер нь бол нэлээд азтай, хийморьтой хүний ажил л даа.

-Хүндэлдэг шүтдэг байсан бөхчүүдийнхээ эгнээнд багтаад нэг дэвжээнд гарч ирээд бүр заримтай нь барилдана гэдэг бол том хувь завшаан байх шүү?

-Зургаан залуу зааныг бөхөөсөө больж байхад л би бараг бөх рүү орж байсан л даа. Өсөхбаяр аваргатай барилдаж үзсэн ш дээ. Бүгдийг нь би хүндэлж биширнэ. Хүүхэд байхаасаа л Бат-Эрдэнэ аваргын фэн байсан юм. Аваргатай барилдаж байсан. Бөхийн өргөөний барилдаанд таарч билээ. Барилдаад давах гэж л үзнэ ш дээ. Гэхдээ би Бат-Эрдэнэ аваргатай барилдах хэмжээнийх байгаагүй л дээ. Хүүхэд байсан. Шуудганд нь нэг хүрчих юмсан гэж бодсон ч юу гэж л намайг хүргэх вэ. Хүргэхгүй л хаяна ш дээ. Сайхаан, сайхан бөхчүүд чинь.

-Бөхийн найраа гэдэг зүйл үндэсний бөхийн нэр төрийг унагаж гүйцлээ. Та үүнд улсын цолтой бөх хүний хувьд өөрийн байр сууриа илэрхийлбэл?

-Бөхийн найрааг би мэдэхгүй. Мэдэхгүй юмны талаар ярих дэмий. Гэхдээ мэдэхгүй гээд хариулт өгөхгүй бол хүмүүс бүр хардах байлгүй. Кинон дээр гардаг шиг өгч, авч сурсан самбай хадаг гэдэг шиг нутгийнхаа начин болох хэмжээний барилдаж байгаа хүүхдийг амлаад авахад тэрийг нь найраа гэх юм уу. Эсвэл тэр олон зуун сая төгрөгт холбогдоод байгаа хүмүүсийг найраа гэх юм уу. Бас л харьцангуй ойлголт л доо. Гэхдээ нутаг орноо гэсэн сэтгэлтэй, бизнес хийдэг, боломжийн амьдралтай хүн улсын цол авчих хэмжээнд сайн барилдаж байгаа нутгийнхаа хүүг дэмжвэл тэрийг нь бас найраа гээд яриад байх уу. Ер нь бол хэцүү юм л даа. Гэхдээ ор тас байхгүй юмыг хүмүүс сөхөж ярихгүй шүү дээ. Байгаа болохоор л ярьж байгаа байх. Яг шударгаар барилдаж, өөрийнхөө хүчээр улсын наадамдаа шөвгөрдөг хүмүүст энэ найраа гэдэг яриа чинь хортойгоор тусаад байгаа юм. Маш хэцүү. Найраа гэдэг зүйлээс болж цол авах хэмжээний олон сайхан залуу цолгүй үлдэж байгаа. Миний хувьд олон жилийн хөдөлмөр, аз хиймориороо л улсын цол авсан болохоор их бахархдаг юм. Аз хийморийг худалдаж авна гэж байхгүй л дээ. Ард түмэн чинь бөхөө биднээс илүү мэддэг.

Ер нь үндэсний бөхөөр хичээллэж, цол авна гэдэг чинь маш их бэрхшээл, саадыг даван туулна гэсэн үг л дээ. “Нарантуул” бөхийн дэвжээнээс л би бөхийн гараагаа эхлүүлж өдий зэрэгтэй явахад надад тусалж дэмжсэн хүн гэвэл маш олон байна. Бүгдийг нь хэлбэл уртаас урт жагсаалт болох байх. Бэлтгэл сургуулилт хийх нөхцөл боломжийг минь гаргаж өгдөг Э.Номинчулуун захиралтай “Багануур” хувьцаат компани, “Дүнжингарав” дэвжээнийхэндээ, дэвжээний шинэ тэргүүн А.Ууганбаяртаа талархаж явдаг. Мөн Төв аймгийн бөхчүүдээ үргэлж дэмждэг М.Энхболд даргад баярлаж явдгаа илэрхийлье. Түүнчлэн Бадам-Очир начин, Сэрээтэр багш, “Хар хорум” клуб, Төв аймгийн удирдлагууд болох Батжаргал, Энхбат дарга нартаа баярлалаа. Мөн бөхөө дэмждэг нутгийн түмэн олон, бөх сонирхогчдодоо чин сэтгэлээсээ баярлаж талархаж явдгаа энэ дашрамд хэлье.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *