Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мэргэжлийн шийдэлтэй чухал төслүүдээ хэрэгжүүлэх хэрэгтэй байна

Гэр хорооллыг орон сууцжуулах тухай яриа аль ч засгийн үед анхаарал татсан гол сэдвийн нэг байдаг. Газраа чөлөөлж иргэдийг орон сууцжуулах гэр хорооллын дахин төлөвлөлт ахицтай байсан ч нийт үр дүнгээрээ тийм ч амжилттай хэрэгжиж чадаагүй. Тэгтэл жил хүрэхгүй хугацаанд Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр нийт гэр хорооллын 30 хувийг амины орон сууцанд оруулах шийдлийг гаргачихсан байна. Нийслэлийн есөн дүүргийн гэр хороолол бүхий бүх хороод руу инженерийн шугам сүлжээ татаж бичил төв байгуулан халуун дулаан устай байлгах боломжийг тэр олж харжээ. Зөвхөн төлөвлөгөө төдий ч биш санхүүгийн эх үүсвэрээ БНХАУ-аас буцалтгүй хоёр тэрбум ам.долларын хөрөнгийг зарцуулах гэх зэргээр дэс дараатайгаар шийдвэрлэхээр болжээ. Энгийнээр хэлэхэд инженерийн шугам сүлжээг улсаас шийдээд өгчихвөл иргэд зээлээр хаусаа бариад явчихна гэсэн үг. Нэг айл 80 м2-аас ихгүй талбайтай хоёр давхар амины орон сууцыг ипотекийн зээлээр өөрсдийн хүссэн сонголтоороо барилгын компаниудаар бариулах юм байна. Одоо улсын хэмжээнд олгогдож буй ипотекийн зээлийн хэмжээ 300 орчим тэрбум төгрөг байгаа бол энэ онд нэг нугалж 700 гаруй тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэхээр болжээ. Дараа жилээс нь нэг их наяд төгрөгийг төсөвт оруулаад явчихвал үндсэндээ нийт гэр хорооллын 30 хувь нь амины орон сууцтай болно гэдгийг хэлж байна. Иргэдийн тав тухыг хангасан амины орон сууцтай зэрэгцээд агаарын бохирдол, хөрсний бохирдол зэрэг тулгамдсан олон асуудлууд хамт арилна. Мэргэжлийн яамны мэргэжлийн шийдэл гаргаж буй энэ Засгийн газрын инженер сайд Г.Мөнхбаярт санаачилга гаргаж, ажил хэрэг болгож буй олон шийдлүүд бий. Тухайлбал, цэвэрлэх байгууламжийн усыг үйлдвэрлэлд оруулах ажлыг хэдийнэ эхлүүлчихсэн яваа. Манай улс Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийнхаа усыг анх удаагаа үйлдвэрлэлд ашиглаж эхлэх гэж байна. Нойлынхоо усыг ундны цэвэр усаар биш дахин үйлдвэрлэлд орсон усаар ашигладаг цаг мөдхөн ирэх нь. Нийслэлд урьд хийгдэж байгаагүй инженерийн томоохон шийдлийг хийчихсэн хэрнээ ажлаа чимээгүй даруу хийж яваа Г.Мөнхбаяр сайд шиг яралзсан хэдэн сайд байхад л энэ Засгийн газар ган төмөр мэт бат бэх байх биз ээ. Ажил хийдэг хүн дуу чангатай байдаггүй гэж эртнээс монголчууд хэлдэг. Г.Мөнхбаяр сайдыг хэвлэлийнхэн ярилцлагад урьдаг ч ажлаа хийж байгаад дараа болъё гэх хариултыг хэлэх нь олонтаа байдаг. Хотын даргаар ажиллаж байсан Г.Мөнхбаяр хотын тулгамдсан асуудлыг андахгүй мэддэг аж. Хамгийн гол нь юу хамгийн чухал оновчтойг олж харж байгаа учраас жил хүрэхгүй хугацаанд чамгүй их ажил амжуулжээ.

Өнөөдөр засаг огцроно, огцрохгүй гэж яригдсаар л байгаа. Ямартаа ч ажлын арвин их туршлагатай, улс төрийн холын хараатай сайд нараа цааш нь ажлыг нь хийлгэхээс өөр арга зам харагдахгүй байна. Засаг солигдсон эс солигдсон бай ард түмэн гагцхүү сайн үр дүнг л хүлээдэг гэдгийг саная. Тиймээс мэргэжлийн шийдэлтэй маш чухал төслүүдээ хэрэгжүүлэхэд одоо төрийн тууштай бодлого хэрэгтэй байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *