Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулган зохион байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулганыг Есдүгээр сарын 12-ны өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулах гэж байна.

Уг үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, Монголын хүнсчдийн холбоо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулж байна.

Монгол Улсын хүнсний салбарын өнөөгийн байдлыг тодорхойлох, хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хүнсний хангамжийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах шаардлагатай арга хэмжээний саналыг боловсруулж, шийдвэрлүүлэхэд “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр хийх үндэсний чуулганы зорилго оршиж байгаа юм.

Үндэсний чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, МХЕГ, ГЕГ зэрэг Төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн холбоод, хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаачид, газар тариалан эрхлэгчид, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл оролцоно.

Үндэсний чуулганы өмнө салбар хуралдаанууд болсон бөгөөд 8 дугаар сарын 28-ны өдөр Мах, махан бүтээгдэхүүн, өндөг, гахай, тахианы мах үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, 8 дугаар сарын 29-ний өдөр Сүү, ус, ундаа, тос үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, 8 дугаар сарын 30-нд Төмс, хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам сэдэвт салбар хуралдааныг тус тус хийж хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн санал бодлыг сонссон юм.

“Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр үндэсний чуулган зохион байгуулснаар хүнсний салбарын хувийн хэвшилд тулгамдсан асуудлыг хэлэлцэж, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, төрөөс авч хэрэгжүүлэх шаардлагатай бодлогын арга хэмжээний саналыг боловсруулах, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг үр дүнд хүрнэ хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *