Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлаар хамтарч ажиллана

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлаар хамтарч ажиллана

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл, Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн дарга Ц.Адъяахишиг нар Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагын “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих” төслийн ахлах зөвлөх Чиба Хисао, төслийн мэргэжилтэн Тэрүя Эми, төслийн ажилтан Г.Амаржаргал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих хэлтсийн ажилтан Б.Болороо нарыг хүлээн авч уулзлаа.

Манай улс 2009 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцид нэгдэн орж, 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулийг баталсан билээ. Жайка байгууллагын “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих” төсөл нь 2016 оны 5 дугаар сараас манай улсын нийслэлд хэрэгжиж эхэлсэн бөгөөд дөрвөн жил үргэлжлэх юм байна.

“Монгол Улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хуулиар хамгаалж буй хэдий ч, хуулийн хэрэгжилтэд зайлшгүй шаардлагатай дэд бүтэц, мэдээлэл, хүмүүсийн ойлголт, ухамсар зэрэг нийгэм, хүрээлэн буй орчны нөхцөл байдлын хувьд учир дутагдалтай асуудал байсаар байна. Төслийн хүрээнд нийгмийн саад бэрхшээлийг арилгах зорилгоор нөлөөллийн ажиллагаа явуулж, энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай” сургалтад хамруулж, сургагч багш бэлтгэн төрийн байгууллагууд, боловсрол, бизнесийн салбарт сургалт зохион байгуулж байгаа. Мөн дэд бүтэц, мэдээллийн хүртээмжийг сайжруулах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран үнэлгээ хийх ажилд оролцож байгаа талаар ярилаа. Тус төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургагч багшаар бэлтгэн, өөрсдөөр нь хичээл заалгах болсон нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаа аж. Өнөөдрийн байдлаар 16 сургагч багшийг бэлтгэжээ. Хүний эрхийн Үндэсний Комисстой сургалт, сурталчилгааны чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа төслийнхөн илэрхийлэв.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлаар хамтарч ажиллана
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлаар хамтарч ажиллана
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлаар хамтарч ажиллана

Уулзалтын үр дүнд 2017 онд Япон болон Монгол Улсад зохион байгуулах “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” сэдэвт сургалтуудад Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтныг хамруулах, Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх “Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубтэй хамтрах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудал, мэдээллийн хүртээмжтэй байдлыг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *