УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболд ийнхүү хэллээ.
-2016 оны сонгуулиар ард түмэн МАН-д асар их итгэл хүлээлгэсэн. МАН сонгуулийн үр дүнд үнэмлэхүй ялалт байгуулан УИХ-д 65 суудлыг авч чадсан. Энэ удаагийн УИХ-ын сонгууль ард түмний итгэл хүлээлт хоёр дээр суурилсан гэдгийг би хэлэхийг хүсч байна. Сонгуулийн өмнөхөн эдийн засгийн өсөлт -1,6 хувьд хүрлээ. Төсвийн алдагдал 1,2 их наяд төгрөгт хүрсэн. Монгол Улс төлбөрийн чадваргүйд тооцогдоход ойрхон байсныг та бүхэн санаж байгаа байх. Өнгөрсөн хугацаанд ОУВС-тай хамтран өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэнээр Монгол Улсын санхүү, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжран гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдсэнийг дурдах нь зүйтэй гэж үзэж байна.
2017 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн бодит өсөлт 5,3 хувьд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 4 пунктээр өссөн байна. Эдийн засаг сэргэх энэхүү байдал нь өөрөө аяндаа бий болоогүй. Энэ бүхэн төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулж, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэр бий болгох, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах, зарлагын үр ашгийг дээшлүүлэх талаар та бидний гаргасан бодлогын шийдвэр амжилттай хэрэгжсэний үр дүн юм.
Эрхэм гишүүд ээ, энэхүү ээлжит бус чуулганаар Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр та бид цуглаад байна.
Сүүлийн өдрүүдэд энэ асуудал нь зөвхөн эрх баригч намын дотоод асуудал биш болон хувирч, ард иргэдийг талцуулан хуваасан, үл ойлголцсон байдалд хүргэж байгааг хэлэх нь хэрэгтэй байна. Ийм үл ойлголцлыг удаан ажиглан суух, өдөөн турхирах эрх улстөрч бидэнд байх ёсгүй юм. Энэхүү ээлжит бус чуулганаар хэлэлцэх Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах асуудалд гишүүн болгон нухацтай хариуцлагатай хандаж төр засаг тогтвортой байх нөхцлийг бүрдүүлж, олон нийтийн хуваагдал үл ойлголцол эцэс болж, улс орны өмнө хүлээгдэж байгаа нийгэм, эдийн засгийн илүү чухал асуудалд та бид анхаарал хандуулж ажиллах нь чухал гэдгийг хэлэхийг хүсч байна.
УИХ-ын ээлжит бус чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье гэв.