Categories
мэдээ цаг-үе

Г.Мөнхбаяр: Засгийн газар мэргэжлийн оновчтой шийдэл гаргаж ажиллаж байна

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Барилга, хот байгуулалтын сайд, МАН-ын Бага хурлын гишүүн Г.Мөнхбаяртай ярилцлаа.


-Засгийн газар огцрох эсэх эцсийн шийдвэрийг өнөө, маргаашгүй гаргах гэж байна. Сайдын хувьд танд ямар хүлээлт байна вэ?

-Нэгэнт УИХ-ын 31 гишүүн гарын үсэг зурж огцруулах асуудлыг өргөн барьсан учраас УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм байна. Манай их хурлын гишүүд ухамсартай хандаасай, намын дотоод эв нэгдлийг хангаасай гэж найдаж сууна. Гишүүдтэй уулзаад явахаар Их хурал ийм шийдвэр гаргасан байхад Засгийн газар нь сөрж ийм ийм ноцтой алдаа гаргалаа гэсэн шүүмжлэл, хариуцлага тооцох тухай тайлбар алга байна лээ. Засгийн газрыг огцруулахгүйгээр ойлголцож болох хэмжээний тайлбарууд хэлж байна. Тиймээс би хоорондоо ойлголцчих юм байна гэж харсан.

-Засаг огцроход хэд хэдэн хувилбарыг яриад байгаа гэв үү. Танд ямар мэдээлэл байна?

-Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх МАН-ын бүлгийн хурал дээр биднийг оруулаагүй. Тийм учраас хэн юу гэж ярьсныг нь сайн мэдэхгүй байна, дүгнэлт хийх нь зохимжгүй байх. Засгийн газрыг буруутгаж байгаа үндэслэлүүдийг сонсож байхад тайлбараа зөв харилцан авчихвал ойлголцчих л юм билээ.

-Таны хувьд энэ Засгийн газрыг ямар хэмжээнд ажиллаж байна гэж дүгнэх вэ?

-Энэ Засгийн газар байгуулагдаад жил орчим хугацаа боллоо. Засгийн газар байгуулагдаж байсан Монгол Улсын тэр үеийн нөхцөл байдлыг өнөөдрийнхтэй харьцуулахад байдал хамаагүй дээрдсэн. Тухайн үед төсвөө яах юм, цалингаа яаж тавих вэ, гадны өрийг яаж дарах вэ гээд ойлгомжгүй олон зүйлтэй тулгарсан. Ийм хүнд нөхцөлд байгуулагдсан Засгийн газар харин ч өнөөдөр нийт эдийн засгийн хэмжээнд сайн үр дүнг харуулж эхэлж байна. Ялангуяа Сангийн сайдыг би магтмаар байна. Сангийн сайд эрчтэй, зөв ажилласнаар дампуурал руу явж байсан эдийн засгийг уналтад орохоос зогсоож чадлаа.

Олон улсын дэмжлэгийг авах нөхцөлийг Сангийн сайд бүрдүүлж чадсан нь үнэн. Салбар хариуцсан сайд бүр хичээж ажилласан, тэрний үр дүнд эдийн засгийн хувьд бидний санааг зовоож байсан асуудлын ард ямартаа ч гарчихлаа. Зарим нэг хүмүүс засгийг унагаачихъя, сайд болоод ажиллачих юм байна гэсэн итгэл төрсөн учраас засгийг огцруулах тухай идэвхийлэн ярьж байгаа болов уу. Хэрвээ энэ Засгийн газар муу ажиллаад эдийн засаг хүнд байсан бол ийшээ ингэж улайрч зүтгэхгүй дээ. Ямар ч байсан эдийн засгийн өсөлт хүний сонирхол татах хэмжээнд хүргэж чадсан байна. Монгол Улстай хөрөнгө оруулалт хийж хамтраад ажиллаж болно гэсэн гаднынхны итгэл үнэмшил ч сэргэсэн. Өнөөдөр гадаад, дотоодын хэн ч бай Монголд төр засгийн тогтвортой бодлого л маш их хэрэгтэй байна гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр бид хариуцлагатай байх ёстой юм. Хувиа бодох ёстой юм уу, эсвэл ард нийтийн эрх ашгийг бодолцох ёстой юу гэдгээ ухамсарлах хэрэгтэй л дээ.

-Таны хувьд Барилга хот байгуулалтын сайдаар томилогдож очсоноос хойш ямар ажилд гол анхаарлаа хандуулан ажиллав?

-Монгол Улсын гадаад өр өндөр байна. Бондын өр гэхэд л 560 сая ам.доллар төлнө. Дахиад 360 сая ам.доллар төлнө. Яамдуудад төсөв гэж үнэндээ цалин тавихаас илүү гарахгүй шахам тавигдсан. Гэхдээ байгаа боломжоороо асуудлыг шийдэж байна. Олон ажил хийгдэж байгаагаас гол хоёр ажлыг онцлон хэлье.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг чухалчлан авч үзсэн. Барилгын компаниуд тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалтыг хийсэн үү гэвэл хийсэн байна. Гэвч дэд бүтцийг шийдвэрлээгүйгээс болж энэ салбар уналтад хүрэхэд нөлөөлсөн.

Бид яамны төсвийн зардлаар Дэнжийн мянгын цагаан байр руу дэд бүтцийг шийдвэрлэж шугам сүлжээ татсан. Тийшээгээ халуун устай, халаалттай болж байна. Тэнд байгаа айлуудыг заавал нийтийн орон сууцанд ор гэж шахахгүй. Ипотекийн зээлээр 80 м2 талбайтай амины орон сууцтай байх бодлогыг энэ Засгийн газар эхлүүлэх гэж байна. Бид бүх шийдлээ гаргачихсан. Хэдийнэ үүнийг шийдээд явах боломж байсан ч өмнөх Засгийн газар эхлүүлээгүй цаг алдсан тал бий. 3, 4 дүгээр хороололд гэхэд дахин төлөвлөлтөд хамрагдсан барилгын компани найман тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ч дэд бүтэцгүйгээс таг зогсчихсон байх жишээний. Өмнөх хотын удирдлагууд манайхыг өөрсдийн хөрөнгөөр барьж бай, шугам сүлжээг улсаас татаж өгнө, хүлээж бай гэж хэлсэн гэдэг. Баянгол дүүргийн X, XI хорооны нутаг дэвсгэрт байрлах энэ асуудлыг манайхаас шийдэж шугам сүлжээг хонгилын системээр шийдлээ. Мөн Нэхмэлийн шар байрууд байна. Гадна шугам сүлжээг шийдэлгүй байж актлагдсан Нэхмэлийн шар байруудыг хэдийнэ нураагаад эхэлчихсэн. Одоо гадна шугам сүлжээг шийдээд өгөхөөр Нэхмэлийн есөн байранд олон иргэд орох боломжтой болно. Энэ мэт байдлаар гэр хорооллын дахин төлөвлөлтийг дэд бүтцийг нь юуны өмнө шийдэж байж гацаанаас нь гаргана гэдгийг олж харж оновчтой шийдвэрүүдийг гаргаад явж байна даа. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Сэлбэ, Баянхошуунд дэд төв байгуулах ажлыг өмнө нь эхлүүлсэн байсан. Тэнд уурын зуух барина гэснийг нь би болиулчихлаа. Үүний оронд төвлөрсөн шугам сүлжээнд холбоод өгчихлөө. XXI зуунд гадны зээлээр татвар төлөгчдийн мөнгөөр эргээд төлөгдөх төсөл дээр уурын зуух барина гэсэн шийдлийг хийж болохгүй л дээ. Юуг хэлэх гээд байна вэ гэвэл бид байгаа мөнгөө зөв хөрөнгө оруулалтад зарцуулахгүй бол хэн юу бодсон нь тэрийгээ дураараа хийгээд байж таарахгүй. Мөн цэвэрлэх байгууламжийн усыг үйлдвэрлэлд ашиглах томоохон ажлыг эхлүүллээ. Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн усыг манай улс анх удаагаа үйлдвэрлэлд ашиглаж нэвтрүүлнэ. Хөрөнгийн эх үүсвэрийг нь Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр шийдвэрлэж энэ ажлыг эхлүүлчихсэн байна. Польш болон Азийн хөгжлийн банкны зээлээр аймаг орон нутгийн цэвэрлэх байгууламжийг иж бүрэн шинэчилнэ. Миний хийсэн хоёр дахь том шийдэл энэ юм. Гүний усыг барилга байшин, цахилгаан станцын дотоод хэрэглээ зэрэг бүгдэнд нь шууд хэрэглэдгийг болиулна. Ядаж айлууд нойлынхоо усыг ундны усаар биш цэвэрлэх байгууламжийн усаар шийдэх цаг иржээ. Мэргэжлийн Засгийн газрын мэргэжлийн яамны мэргэжлийн шийдвэрүүд гэж үүнийг хэлэх байна. Миний зорьж байсан ажил хэрэг болж байгаад баяртай байна.

-Тэгэхээр гэр хорооллын иргэд амины орон сууцтай болох боломж тун ойрхон ирсэн гэсэн үг үү?

-Ипотекийн зээлээр гэр хорооллын иргэд амины орон сууцтай болох ажлыг эхлүүлчихсэн яваа. Дэд бүтцийг нь шийдэж байгаа нь энэ Засгийн газрын мэргэжлийн шийдэл юм. Засгийн газар үүнийг зүйтэй гэж дэмжиж БНХАУ-аас ирэх хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийг 2017-2020 оны улсын төсөвт үе шаттайгаар тусган инженерийн болон нийгмийн дэд бүтэц бүхий бичил дэд төвүүдийг байгуулах төсөлд зарцуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын гадна шугам сүлжээнд зарцуулна. Ингэхдээ хоёр хэлбэрээр шийднэ. Нэгдүгээрт, гэр хорооллын дахин төлөвлөлт гээд барилгын компаниуд хөрөнгөө хийчихсэн нөгөөтэйгүүр иргэдийг чирэгдүүлж буй асуудлыг гацаанаас нь гаргана. Хоёрдугаарт, бүх дүүрэгт олон хороод руу шинээр шугам сүлжээ татна.

-Нийт гэр хорооллын хичнээн хувийг шийдэж чадах юм?

-Гэр хорооллын 30 хувийг хамарна. Энэ Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд ийм л том амбиц барьж орж ирсэн. Тэр ажлаа хэдийнэ эхлүүлчихсэн. Нийт гэр хорооллын 30 хувийг утаанаас салгаж, халуун хүйтэн устай болгоод өгчихвөл эерэг үр дүн гарна биз дээ.

-Дэд бүтцээ шийдчихлээ гэж үзье. Амины орон сууцтай болох ажлыг хэрхэн эхлүүлэх вэ. Гэр хорооллын иргэдэд тэр болгон өөрсдөөсөө хөрөнгө гаргаад хаус барих боломж байхгүй?

-Ипотекийн зээлээр 80 м2 дотор амины орон сууц барина. 80 м2-аас илүү талбайтайг барихгүй. Нэг загварын хоёр давхар амины орон сууцны барилгын зургийг нь батлаад өгчихнө. Тэгэхээр гэр хорооллын иргэд амьдарч буй харьяа хороон дээрээ очиж энэ миний хашаа мөн гэсэн тодорхойлолтыг авна. Тодорхойлолт, амины орон сууц барих зураг төслөө бариад банкнаас зээл авна. Манай улсад маш олон барилгын үйлдвэрүүд ашиглалтад орчихсон байгаа шүү дээ. Тэндээс сонголтоо хийж амины орон сууцаа бариулна. Ойролцоогоор тооцоход 80 м2 амины орон сууцанд 58-60 сая төгрөгийн ипотекийн зээл олгогдох нь. Тиймээс бид энэ жил ипотекийн зээлийг нэмж төсөвт оруулж байгаа.

-Ипотекийн зээлийн төсвийг энэ Засгийн газар бүрэн шийдвэрлэх боломж бий юу. Эдийн засгийн хямралтай төсөв хүнд байгаа учраас асууж байна?

-Засгийн газар өөртөө байгаа боломжоороо шийдэж байгаа. Одоо ипотекийн зээлд 300 орчим тэрбум төгрөг төсөвлөгдөж байгаа бол энэ жил 720 орчим тэрбум төгрөг болгон нэмж төсөвт суулгахаар Сангийн сайдад саналаа хүргүүлчихсэн. 2019 он гэхэд жилд нэг их наяд төгрөгийг төсөвт тавьж чадах юм бол ипотекийн зээлээр амины орон сууцтай болох боломж үндсэндээ бүрдэнэ. Засгийн газар оновчтой бодлогоо тодорхойлж, ажлаа хийж байгаа. Бодлого байна уу байна. Хөрөнгийн эх үүсвэрийн шийдлийг олсон байна. Одоо гагцхүү тогтвортой төр засаг хэрэгтэй байна.

-Засгийн газрыг огцруулах болсон үндэслэл шалтгааны талаар эргээд хоёулаа ярилцъя. Энэ Засгийн газрын сайд нар 800 тэрбум төгрөгийн концессыг өөрсдөө дотроо хуваан авч байгаатай эвлэрэхгүй гэж УИХ дахь АН-ын бүлэг хийгээд манай МАН-аас сонгогдсон УИХ-ын 31 гишүүн үзсэн. Энэ нь засгийг огцруулах гол үндэслэлийн нэг болоод байгаа?

-Өмнөх засгийн газрын үед шийдэгдсэн концессууд юм билээ. Нэр бүхий сайдууд руу хаяглаж хэлээд байгаа. Шалгаад үзэх хэрэгтэй л дээ. Урьдны Засгийн газрын хийж байсан концессын үргэлжлэл хийгдэж байгаа. Бид урьд хийж байсан бүх зүйлээ баллуурдаад байж болохгүй биз дээ. Одоо үүнийг улс төр хийж татаж гаргаж байгаа юм билээ. Ул суурьтай шалгаж үзээд ярьсан зүйлээ нотлох хэрэгтэй л дээ.

-Тухайлбал, таны хариуцсан Барилга, хот байгуулалтын яамаар дамжсан концесс бий юу?

-Засгийн газар байгуулагдсан нэг жилийн хугацаанд манай яамаар концессын нэг ч гэрээ орж ирээгүй, оруулаагүй. Урьд нь хийгдээд эхэлчихсэн концесс бий. Засгийн газрыг унагаах хэмжээнд Ж.Эрдэнэбатын Засгийн газар алдаа гаргаж ажиллаагүй гэдгийг хэлэх байна. Угтаа нэг жил ажилласан суурин дээрээ дөрвөн жил ажиллавал илүү үр дүн гарна. Улс төр тогтвортой байх юм байна гэдэг дээр тулгуурлаж Олон улсын Валютын сангийн хөтөлбөр орж ирсэн болов уу. Хэрэв засаг унавал олон улсын итгэл улам л буурна.

-Ер нь Засгийн газрыг огцруулах хэмжээндээ хүртэл МАН-ынхан яагаад талцав?

-Засаг огцрох энэ асуудал бол УИХ-ын сонгуульд нэр дэвшиж мандат авсан гишүүн болгоны хариуцлагын л асуудал. Хаана ирчихэв, хэн болчихов, ямар ачаа үүрэг хүлээж байна гэдгээ тогтож сайн ухамсарлахгүй байна уу даа. Хувь хүний хариуцлагаас нийгмийн хариуцлага бүрддэг дээ. Ялангуяа шийдвэр гаргадаг хүмүүс алхам тутамдаа хариуцлагатай байх ёстой. Монголын улс төр гэхээрээ бужигнаантай байдаг юм биш шүү дээ.

-Таныг хотын буюу М.Энхболдын фракцид хамаардаг гэгддэг. Сая Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдал юунаас эхтэй байв. Төрийн албыг наймаалцах тухай 60 тэрбум төгрөгийн бичлэгийг та юу гэж харсан бэ?

-Нэгдүгээрт ойлгосон зүйл бол орчин үеийн сонгууль их өөр болчихож. Цаашдын ч сонгуулиуд өөр болох юм байна. Технологийн уралдаан болох нь л дээ. Түүнээс хэн ямар бодлого ярьж байгаа нь сонин биш байх нь. Хоёрдугаарт, шийдвэр гаргаж байгаа гэх юм уу улс төрийн намуудын түвшинд ажиллаж байгаа боловсон хүчний тавигдах шаардлага их өөр болох ёстой юм байна. Үнэндээ улс төрийн туршлагагүйгээс ийм яриа хөөрөөнд өртсөн л байхгүй юу. Тэрийг нь хөзөр болгочихсон хэрэг. Энэ бол улс төрийн туршлагагүй, ажлын туршлагагүйг харуулж байна. Намын гал зууханд байсан туршлагатай хүн хэзээ ч танихгүй хүн орж ирэхэд тэрэнд автдаггүй л байхгүй юу. Алсын хараатай зориудын ярианд хөтлөгдөж ороогдсон юм байна гэж харсан.

-Та үүгээрээ Ц.Сандуйг хэлээд байна уу?

-Ажил, амьдралын туршлагагүй нь харагдаж байна. Ийм эрүүл бус юм ярихад чи хаалгаа хаа гэж хэлэх ёстой. Сонгуулийн үеэр янз бүрийн технологи ярьцгааж л байдаг. Ийм технологи байна гэж ярьсан ч тэрэнд автаж болохгүй л байхгүй юу. Хүний өнөөдрийг хүртэл туулж ирсэн ажлын дадлага, туршлага, мэдрэмж, хандах хандлага харагдана. Бид залгамж халаагаа бэлдэж боловсон хүчнийг томилохдоо маш анхаарах ёстой юм байна.

-МАН-ын даргыг хэн болно гэж харж байна. Тан шиг улс төрд туршлагатай хүнтэй ярилцсаных үүнийг асуухгүй өнгөрч болохгүй байх?

-Уг нь намын сонгуулийн цикль нь УИХ-ын сонгууль. Намын хэмжээнд Их хурлын сонгуульд ялчихсан хэрнээ намын даргаа яагаад өгнө гэж хэлснийг нь сонсоод гайхсан. Гэхдээ яаран мэдэгдэл хийх хүн бас биш. Ер нь намын даргыг олоод тавихдаа хүрвэл хуралдаж байгаад л тавьж болно.

-Шадар сайд У.Хүрэлсүх ажлаа өгөх өргөдлөө гаргасан. Та үүнийг юу гэж харж байна вэ?

-У.Хүрэлсүх бол туршлагатай улстөрч. М.Энхболд, У.Хүрэлсүх нар хэн нэгний хөндлөнгийн оролцоогүйгээр бие биесээ маш сайн мэднэ. Хоорондоо учраа олчино доо.

-Саяхан төв замын хөдөлгөөнийг зүүн тийш эргэх шийдвэр гараад цуцлагдлаа. Та энэ шийдвэрийг дэмжсэн үү үгүй юу?

-Энэ шийдвэрийг хотын даргын эзгүйд гаргачихсан юм биш үү. Өөрөө энэ шийдвэрийг би гаргаагүй гэж хэлсэн байсан. Ямартаа ч зүүн тийш эргэх шийдвэр оновчтой шийдвэр биш. Ямар нэгэн шийдвэрийг иргэдээс асууж, аливаа хүний үзэмжээр шийдэх бус тооцоо судалгаан дээр үндэслэж гаргадаг юм. Ам нээснийх гэж хэлэхэд хотын хөдөлгөөнийг зохицуулахын тулд эдийн засгийн хөшүүрэг рүү оруулах цаг болчихжээ. Давхар замуудаа хийх ёстой. Нийтийн тээврээ хөгжүүлэх ёстой. Намайг хотын даргаар ажиллаж байх үед давхар зам хийх зураг төсөл нь бүгд бэлэн болчихсон байсан ч Э.Бат-Үүл дарга маань харамсалтай нь хийсэнгүй. Уг нь уулзвар өргөтгөсөн тэр өртгөөр давхар замуудаа хийж эхлэх ёстой байсан юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *