“Chinggis Khaan’s Challenge Cup-2017” олон улсын тогоочдын уралдаан, “Mongolian Culinary Festival-2017” үзэсгэлэн өнөөдөр МХАҮТ-д эхэллээ.
Монголд анх удаа “ Chinggis Khaan’s Challenge Cup 2017” олон улсын тогооч нарын тэмцээн болж байгаа нь энэ юм. Энэхүү олон улсын тэмцээнийг Монголын мастер тогоочдын холбоо, Монголын кулинарын холбоо, Дэлхийн тогооч нарын холбоо, МҮХАҮТ, ХХААХҮЯ болон бусад мэргэжлийн холбоо, байгууллагуудтай хамтран зохион байгуулах гэж байна. Уг тэмцээний зорилго нь монгол үндэстний хоолын соёлыг олон улсад сурталчлах, монгол тогооч нарын ур чадварыг дэлхийд таниулах, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, худалдааг хамгийн их татдаг хоол үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.
Төв азид анх удаа олон улсын тогооч нарын тэмцээн болох гэж байгаагаараа онцлог. Одоогийн байдлаар ОХУ, БНХАУ, ХБНГУ, АНУ, БНСУ, Итали, Румын, Турк, Серби, Сири, Катар, Тунис, Польш, Швейцарь, Киргизстан, Казакстан, Узбекстан зэрэг орноос 100 гаруй тогооч нар оролцохоо илэрхийлээд байна. “ Chinggis Khaan’s Challenge Cup 2017” –ийн өмнө Манай улсын хувьд Залуучуудын аварга, Улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийг зохион байгуулна. Шалгарсан тогооч нар олон улсын тэмцээнд оролцох эрх авна.