НИТХ-ын 2012 оны шийдвэрээр тухайн оны есдүгээр сараас автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор замын хөдөлгөөнд хязгаарлалт хийж эхэлсэн билээ. Уг шийдвэрийг Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэлд бүсчлэл тогтоон хэрэгжүүлсэн юм. Ингэхдээ зун, өвлийн цагийн хуваариар мөрдөж байгаа. Шийдвэр хэрэгжсэнээс хойш авто замын хөдөлгөөний ачаалал 20-30 хувиар буурсан гэдэг. Иргэд ч уг шийдвэрийг нааштай хүлээж аваад хэдийнэ дасал болчихсон. Хэрэв дугаарын хязгаарлалттай өдрөө хөдөлгөөнд оролцвол замын цагдаа найман мянган төгрөгөөр торгодог байв. Харин УИХ-аар баталсан Зөрчлийн тухай хуульд энэ талаарх хуулийн хариуцлагын заалт тусгаагүй ажээ. Тиймээс дугаар нь явдаггүй өдрөө хөдөлгөөнд оролцвол цагдаа нарын зүгээс анхааруулга өгөөд явуулж байгаа гэнэ. Уг шийдвэр тун зөв юм. Учир нь манай цагдаа нараас юм л бол торгоно, шийтгэнэ гэсэн хандлага ажиглагддаг. Бүсээ зүүгээгүй, утсаар ярьсан, дохио өгөөгүй гэхчлэн ялих шалихгүй асуудлыг ч уулын чинээ болгоод заавал торгож байж явуулна. Анхааруулга өгөөд, сануулаад явуулна гэх ойлголт ер нь бол байсангүй. Ихэнх жолооч нарын хувьд замын хөдөлгөөний дүрмийг ягштал баримталдаг, зөрчил гаргахгүй байхыг хичээдэг. Харин ганц нэгхэн удаа санамсаргүйгээс болоод өчнөөн мянган төгрөгөөр торгуулах харамсалтай байдаг юм. Тиймээс анхааруулга, сануулга өгдөг шинэ дүрэм иргэдэд тун ээлтэй болжээ. Тэгээд ч цагдаа нарын үндсэн үүрэг бол торгож, шийтгэх биш анхааруулга өгч сануулах. Эхний удаа зөрчил гаргасан жолоочид зөвлөгөө өгч анхааруулаад явдаг байх ёстой. Одоо үед замын цагдаа нар хөдөлгөөний зохицуулалт хийхээс гадна юм л бол жолооч нарыг ээрч зогсоо харагддаг. Үнэмлэх бичиг баримтыг нь хурааж авчихаад яах гэж байгаа нь мэдэгдэхгүй дагуулаад алхаад л байна. Ер нь хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг заавал машинаас нь буулгаж өөрийгөө ээрүүлдэн зогсоох хэрэг байдаг ч юм уу, үгүй ч юмуу. Харин түүнийхээ оронд анхааруулга өгдөг тодорхой үе шаттай болмоор байна. Тухайн жолооч хэд дэх удаагаа зөрчил гаргаж байна вэ гэдгийг системдээ тэмдэглээд авчихдаг байх хэрэгтэй. Гурав ба түүнээс олон удаа зөрчил гаргасан бол өчиггүй торго. Сануулаад, хэлээд, анхааруулаад байхад үл тоож зөрчлөө давтсаар байгаа бол торгуулж байгаа жолоочид ч гомдолгүй. Дугаарын хязгаарлалтын сануулгыг ч гэсэн энэ жишгээр баримталдаг болмоор байна. Яахав зарим нэг хувиа хичээсэн хүмүүс торгохгүй юм чинь гээд дугаарын хязгаарлалттай өдрөө хөдөлгөөнд оролцох гэх л байх. Тэдэнд сануулга өгснөө бүртгэлдээ тэмдэглээд авчих. Дараагийн удаа дахиад тийм тохиолдол гаргавал хатуу анхааруул. Харин гурав дахь дээрээ торгочихож болно. Торгохдоо бүр өндөр дүнтэй байхад гэмгүй. Заавал цагдаагаар дүрэмдүүлэх биш өөрийн ухамсраар хөдөлгөөнд оролцдог хүнийг хотын соёлтойд тооцъё. Нийслэлийн Засаг дарга ч гэсэн дугаарын хязгаарлалтын тухай журмыг батлахдаа иймэрхүү зүйлийг давхар бодолцох хэрэгтэй. Угаасаа хотын дарга тун удахгүй дугаарын хязгаарлалтын журмыг шинээр батлах юм гэсэн. Тэр үед иргэдээс саналыг нь авахаар төлөвлөж байгаа юм билээ. Шинээр батлах журамдаа торгож, шийтгэхийг урьтал болголгүйгээр сануулж, анхааруулахыг тэргүүнд тавиасай.