Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаасан Б.Шатархүүтэй ярилцлаа.
-Та бол Монголын радио Монголын ард түмний нүд чих болж байсан алтан үед ажиллаж байсан мундаг нэвтрүүлэгчдийн нэг. Энэ их айлын босгыг давж, анх нэвтрүүлэгч болж байсан үеэс тань яриагаа эхэлье?
-Ер нь бол би МУИС-ийн Газарзүйн ангид 1962 онд элсэн суралцаж төгссөн юм. Радиод анх ажиллаж эхэлсэн үеэ одоо бодоход ёстой л залуу насны эрч хүчээр даван туулж дээ гэж боддог. Тэр үед манайх Толгойтод байдаг. Толгойтоос хотын төв орно гэдэг асар хүнд байсан. Хоёр сар өглөө ажил цуглахад ирээд, орой ажил тарахад буцна. Гэхдээ цалингүй, дадлагажигч маягаар ажиллаж байсан. Хоёр сарын дараа тушаал гарч дагалдан нэвтрүүлэгч болсон боловч тэр үед би зургаан сартай жирэмсэн байсан юм. Тэгээд ороод удалгүй жирэмсний амралтаа авахаар болов оо. Радиод орсон эхний хоёр жилээ би хоёр хүүхэд гаргасан. Тэгээд л дотроо “Ажил мэргэжилдээ ч сайжирсан юмгүй, хүүхэд гаргахаас өөр ид шидгүй хүн орж ирсэн байна” гэж бодож байгаа болов уу гэж санаа зовно. Хүн амьтантай зориглож ярьж, харилцаж чадахгүй. Эхний гурван жил би чинь шинэков байлаа. Уг нь би чинь МУИС-д газарзүйн багш мэргэжил эзэмшсэн хүн шүү дээ. Тэр үед дээд сургууль төгссөн хүн радиод ажиллаж байгаагүй юм билээ. Намайг бүр “Би л энд ганцаараа их сургууль төгссөн гэсэн аятай, тусгаар тогтносон Шатархүү улс тэнд сууж байдаг. Хэнтэй ч ярьж, нийлдэггүй” гэж хамт олон минь шүүмжилж байсан удаатай. Яг үнэндээ би тэднээс айж эмээгээд, халгаад байсан хэрэг шүү дээ.
-Тийм хүнд хэцүү гурван жилийг хэрхэн давж туулав. Өнөөгийн залуус их шантрамтгай болсон шиг санагддаг?
-Бас нэг удаа “дээд сургууль төгссөн хүн амархан ажил хийнэ гэж энд орж ирсэн биз” гэдэг байгаа. Тэр бүрт л надад газар доогуур ормоор санагддаг байсан. Нэг удаа би эфиртээ уйлаад сууж байтал манай гавьяат Чулуунбат орж ирээд “Зүгээр, чи ингэж шүүмжлүүлж байна гэдэг чинь ажлаа хийж чадаж байна гэсэн үг. Битгий гутар” гэж хэлсэн юм. “Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд, гарцаагүй түүнийг нь олж хэл” гэж О. Дашбалбар нэгэнтээ шүлэглэсэн байдаг. Яг тэр л үгийг Чулуунбат надад хэлсэн. Хүн урмаар сэхдэг гэж үнэн юм билээ. Бас нөхөр минь намайг шахаж радиод оруулсан болохоор “Зүгээрээ Шатар аа, цэвэрлэгч хийж байгаа хүн ч сайн муугаараа хэлүүлдэг юм. Чи чадна” гэж хэлдэг байсан. Радиод намайг ингэж явахад хамгийн их ойлгож, хүлээж авч, дэмжиж байсан хүн бол манай найруулагч Ням-Осор гуай. Намайг студи дээр суулгаад үүнийг сонс, унш гэх мэтчилэнгээр хамгийн их зүгшрүүлэх гэж ажилласан хүн юм. Жинхэнэ миний багш гэж боддог. Ням-Осор гуайд сэтгэлдээ байнга баярлаж явдаг. Ингэж явсаар байгаад л алтан үеийн агуу нэвтрүүлэгчдийн дунд Шатархүү гэдэг хүн үлдэж чадсан даа.
-Тэгээд хэзээнээс өөрийгөө болж байна гэж бодож, тоох болсон бэ?
-Нэвтрүүлэгчийн мэргэжлийг одоо ч сурч дуусаагүй гэж боддог. Одоогийн хүүхдүүд хоёр гурван юм уншчихаад өөрийгөө чадаж байна гэж боддог. Хүн ер нь өөрийгөө болчихлоо, чадаж байна гэж бодож болдоггүй. Тэгэх л юм бол ахидаггүй. Манай мэргэжлийн хамгийн хүнд өвчин бол “хий унших”. Юу ч бодохгүй, зүгээр л уншихыг хэлж байгаа юм. Өнөөдөр ийм хүн олон болжээ. Би Балжир, Гүнгаа, Ичинхорлоо, Батцэрэн, Чулуунбат гээд мундаг, жинхэнэ алтан үеийн нэвтрүүлэгчдийн үед ажилд орсон. Фронт дээр, тэнд л жинхэнэ нэвтрүүлэгчдийг бэлтгэдэг байлаа. Би тэдний нэвтрүүлгийг сонсож тэднээс их зүйл сурсан даа. Тэр үед уншиж байгаа нэвтрүүлгээрээ өөрийгөө хаана яваагаа мэддэг байлаа. Тухайлбал, “Эрин цаг, үйл явдал” нэвтрүүлэг улс төрийн гол нэвтрүүлэг байсан. Тэрнийг мундагчуул уншина. Үүн дээр миний нэрийг тавьсан байгааг хараад л өөрийгөө шат ахиж байгаа юм байна гэж урамшдаг байлаа.
Уран зохиолын нэвтрүүлэг уншиж буй нь.
-Таны сэтгэлд хоногшсон хамгийн сайхан нэвтрүүлэг тань юу байв?
– Зохиолч Базаррагчаагийн “Баян намар” радио жүжгийг Батбаяр бид хоёроор Бүргэд найруулагч хийлгэж байсан нь санаанаас гардаггүй юм. Хүмүүс ч их гайгүй болсон гэж үнэлцгээж байлаа. Энэ мундаг нэвтрүүлэгчдээр хийлгээгүй байж надаар хийлгэсэнд нь их баярлаж, өөрийгөө жаахан үнэлж байсан юм. Гэхдээ одоо эргээд сонсоход бас л болоогүй байж дээ гэж өөрийгөө голдог.
Радиод ажиллаж байхад транслияцид явна гэж нэг сайхан юм байлаа. Шууд нэвтрүүлэг дамжуулахыг хэлж байгаа юм. Майн баярын жагсаал, Улсын баярын нэвтрүүлэг, Сүхбаатарын төрсөн өдөр, Намын их хурал, пионерийн дөчин жил гээд л шууд нэвтрүүлэг их дамжуулна. Бүргэд найруулагч маань “транслияцид явахаар Шатархүүгийн жинхэнэ онгод ордог” гэдэг байлаа.
-Дээхнэ үед радиогийн нэвтрүүлэгчдийг хүмүүс дуу хоолойгоор нь анддаггүй байсан гэлцдэг. Танд тийм явдал тохиолддог байсан уу?
-2000 оноос хойш хүмүүс радио сонсохоо байчихаж. Түүнээс өмнө дэлгүүрт ороод юм асуухаар “Хүүе, радио дуугарч байна. Та радиогийн нэвтрүүлэгч үү” гэж асуудаг хүмүүс зөндөө таарч байсан.
-Таны амьдралын хамгийн баяр жаргалтай мөч хэзээ, хэрхэн тохиож байв?
-1977 онд байгууллагын коллеги, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын хурлаар орж Москвагийн радиод ажиллахаар явсан юм. Москвагийн радиод оччихоод удаагүй байлаа. Нэг өглөө 07:00 цагт мэдээгээ уншчихаад Москва голын салаан дээр очиход нар мандчихсан байгаа нь их гоё санагдаж билээ. Үнэхээр сайхан зүйлийг мэдрэхэд ээж минь бодогдож надад гашуун дурсамж үлдсэн. Тэр үед “Ээж минь байсан бол” гэж эрхгүй бодогддог юм билээ. Охиноо энэ дайтай явна гэж ээж минь даанч ойлголтгүй энэ хорвоогоос буцсан даа. Мөн энэ үед надад их азтай үйл явдал тохиосон. 1980 оны Москвагийн олимпийн мэдээ, 1981 онд Монголын анхны сансрын нисгэгч Гүррагчаа, Жанибеков хоёрын сансарт ниссэн тухай мэдээллийг Монголын ард түмэндээ хүргэх, түүхэн үйл явдлын гэрч болох аз тохиосонд баярлаж явдаг.
-Та МУИС-д газарзүйн багш мэргэжил эзэмшсэн. Радиод нөхөр маань шахаж оруулсан гэж ярьсан. Яагаад радиогийн нэвтрүүлэгч болохоор шийдсэн бэ?
-Би сургуулиа төгсөөд радио хүлээн авах станцад жил гаруй хугацаанд ажилласан. Нөхөр маань тэнд инженерээр ажиллаж байсан юм л даа. Тэр үед нөхөр маань намайг радиод очиж шалгуулаач, чи нэвтрүүлэгч болж чадна гэдэг байсан. Тэгээд нэг өдөр очоод шалгуулсан чинь “болж байна” гэсэн. Гэхдээ чиний шүд дутуу юм байна, долоо хоногийн дотор хийлгүүлж чадах уу гэхэд их ичсэн. Тэгээд дахиж очоогүй. Дарханд очиж Эвлэлийн хороонд сургууль пионер хариуцсан зааварлагчаар ажиллах болсон. Гэтэл тэнд Эвлэлийн хорооны нэвтрүүлэг бэлтгэж, өөрөө уншдаг юм байна. Тэр үед Амбасэлмаа гуайтай нэг өрөөнд суудаг байлаа. Амбалаа гуай намайг “Чи яг радиогийн нэвтрүүлэгч болох хүн байна” гээд байдаг. Тэгээд л радиод ажиллахаар эргэлт буцалтгүй шийдсэн дээ.
-Ингэхэд та аль нутгийн хүн бэ. Бага насаа хаана хэрхэн өнгөрүүлэв?
-Би Говь-Алтай аймгийн хүн. Намайг долоон настай байхад манайх Улаанбаатар хот руу шилжсэн. Манайх усны гудамжинд байдаг. Би охидын нэгдүгээр арван жилд сурах болсон. Би даахиа үргээлгэчихсэн, хоёр сонжуугаа тайрчихсан болохоор хүүхдүүд намайг их шоолдог байсан. Ээжийнхээ оёж өгсөн хөөрхөн монгол гутлыг өмсчихсөн байхад сургуулийн хүүхдүүд хөдөөний хөөсөн мантуу гээд л шоолно. Манай сургуульд Маршал Чойбалсан гуайн Сувдаа гэдэг охин сурдаг. Саарал победоор хүргүүлж ирнэ шүү дээ. Дууны хичээл дээр багш хүүхдүүдийг самбарын урд гаргаад дуу дуулуулна. Тэр үед манай ангийн Нина гэж шар охин дуулж чадахгүй, минчийсэн улаан болчихоод багшид загнуулдаг байсан. Түүний жинхэнэ нэр Ерөө байсан юм билээ. Сүүлд Ерөө маань МУГЖ, дуурийн дуучин болсон гэж байгаа.
Наймдугаар ангид ордог жилээ комбинатын 18 дугаар сургуульд шилжин очсон юм. Манай ангид Булганаас Зундуйн Дорж шилжиж ирээд байлаа. Тэр үед манай сургууль дээр хэдэн хүмүүс ирээд манай ангиас З.Дорж бид хоёрыг босгож, онцолж хараад явсан.
“Уран зохиолын багш нар маань хэзээ явах гэж байна” гээд л асуугаад байсан. Би учрыг нь сайн ойлгохгүй байлаа. Гэтэл багшийн дээдийн дэргэд СУИС-ийн үндэс суурь тавигдаж жүжигчний ангид хүүхэд шалгаруулж авч байсан юм билээ. Тэгэхэд манай сургуулийн есдүгээр ангид байсан одоо Ардын жүжигчин Мэндбаяр, “Алтан өргөө”-ийн Зоригт, Батсүх гурав жүжигчин болохоор сонгогдон явж байсан. Тийм мундаг жүжигчид манай сургуулиас төрж байлаа.
-Шатархүү гэхээр эрэгтэй хүнд л баймаар нэр шиг. Хэн өгсөн, ямар учиртай нэр вэ?
-Миний жинхэнэ нэрийг Түмэнжаргал гэдэг байжээ. Багадаа их жижиг биетэй байсан болохоор намайг хүмүүс “Шатрын хүү шиг” гэж өхөөрддөг байснаас ийм нэртэй болсон юм билээ. Миний овгийг Дүгэрсүрэн гэдэг. Энэ овог ч миний жинхэнэ овог биш. Намайг ой гарантай байхад төрсөн эцэг минь өөд болсон. Харин найман настай байхад ээж минь хойд аавтай суусан. Тэгээд Дүгэрсүрэн гээд хойд ааваараа овоглох болсон. Миний аавыг Бүтэд гэдэг. Ийм сайхан амьдарсан болохоор өөрийнхөө ааваараа овоглосон бол сайхан байхгүй юу гэж боддог.
-Та дөч шахам жил радиогийн нэвтрүүлэгч хийжээ. Мэргэжлийн өвчин гэх үү, рефлекс гэж хүнд суучихдаг. Та нарт тийм зүйл бий юу?
-Байлгүй яахав. Ном сонин уншихаараа заавал чанга дуугарч уншина. Хэл ам ээдэрвэл түргэн хэллэг хэлээд л. Бас нэг суусан зүйл гэвэл өглөө хоцрохгүйн тулд шөнө байн байн сэрдэг байсан юм. Одоо ч хэвээрээ. Шөнө дахин дахин сэрнэ. Сэрээд унтах гэхээр заавал цаг харна. Тийм рефлекстэй болсон.
-Монгол Улсын гавьяат тамирчин, дугуйчин Өлзий-Оршихыг таны хүргэн гэж сонссон?
-Тийм ээ. Манай охиныг есдүгээр ангид байх үеэс нэг хөх алаг нүүртэй хүү хаалга үүд цохиод байдаг болсон. Хоёр ч удаа ирлээ. Тэгэхээр нь охиндоо “Чамайг сураглаж ирдэг энэ хүү дандаа л хөх алаг нүүртэй явах юм. Зодоон хийдэг, нэлээн хулигаан хүү байх аа” гэж хэлж байсан юм. Гэтэл төрөлхийн тийм мэнгэтэй хүн байсан юм билээ.