Categories
мэдээ цаг-үе

Эрчүүдээс ч илүү гэр амьтай илжигний тухай

Илжигний өвөг нь Африкийн зэрлэг илжиг юм байна. 5000 жилийн өмнөөс хүн төрөлхтөн илжгийг гаршуулж авчээ. Одоогоор дэлхий даяар 40 гаруй сая илжиг байдаг бөгөөд үүний 96 хувь нь ядуу буурай орнуудад байдаг. Эдгээр орнууд ачаа, бараа зөөхөд мөн мах, сүүг нь хүнсний хэрэгцээндээ ашиглах зорилгоор олон тоогоор өсгөдөг бол хөгжингүй орнуудад тэжээвэр амьтан гэж үзэн хашаа хороондоо тэжээдэг юм байна.

Илжиг, адууны эрлийзийг луус гэнэ. Үр төлийг нь дудран, эмийг нь гүү гэдэг. МЭӨ 3000 оны үед Египэтэд байсан илжиг дэлхий даяар тархсан гэж таамагладаг. Илжиг төрлөөсөө хамаарч 80-160 см өндөр, жин нь 80-480 кг байдаг аж. Ядуу орнуудад ажлын зориулалтаар ашигладаг илжиг дунджаар 12-15 жил амьдардаг бол хөгжингүй орнуудын тэжээвэр илжигнүүд 30-50 жил насалдгийг тогтоожээ.

Илжгийг говь цөлийн нутгуудад тэжээхэд илүү тохиромжтой. Их сонорч амьтан. Учир нь түүний том чих нь холын дуу чимээг хурдан сонсох ач холбогдолтой. Илжиг урд туурайгаар цохиж, хойд хөлөөрөө тангарч өөрийгөө хамгаалдаг. Гүү үр төлөө 9-11 сар тээж төрүүлдэг бөгөөд ихэрлэх нь тун ховор. Илжиг зөрүүд. Гэхдээ энэ нь түүний зан төлөв биш харин өөрийгөө танихгүй, дасаагүй хүнээс хамгаалж байгаа арга нь гэнэ. Илжигний арга эвийг олж, айлгаж түгээхгүйгээр гаршуулж өөртөө дасгаж авбал ажилд чин үнэнчээр зүтгэнэ. Ерөнхийдөө зөрүүд юм бүхнийг илжигтэй зүйрлэдэг ч үнэндээ ухаалаг, болгоомжтой, найрсаг амьтан.

40 гаруй сая илжигний 11 сая нь Хятадад бий. Илжгийг ачаа тээвэр, хөдөө аж ахуйн салбарт түлхүү ашигладаг. Хямд мөртлөө хөдөлмөрийн бүтээмж өндөртэй тул ус тээрэмдэх, хад асгатай газраар ачаа ачуулах зэрэгт дайчилна. Харин хөгжилтэй, хөгжингүй орнуудад луус, илжгийг хонь хариулахад ашиглахаас гадна хүүхэд, жуулчдад зориулж уналгын үйлчилгээнд хэрэглэдэг. Мөн гэрийн тэжээвэр амьтны зорилгоор өсгөж байна.

Илжигний мах, сүүг хүнсний хэрэгцээнд өргөн ашиглахын сацуу арьсыг нь борлуулдаг. Итали улсын зарим бүс нутгийн хүнсний гол бүтээгдэхүүний тоонд илжигний мах ордог бөгөөд жилдээ 1000 гаруйг нядалдаг юм байна. Сүү нь өндөр чанартай учир үнээ, хонь, ямааны сүүнээс үнэтэй. Сүүг нь хүнсний зориулалтаар ашиглахын зэрэгцээ саван, гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлагад оруулдаг байна. Хятадад зөвхөн илжигний махаар олон төрлийн хоол хийж үйлчилдэг зоогийн газрын гудамж байх агаад хятадууд шаржигнуур талхан дээр илжигний мах, шанцай, чинжүү тавьж идэх дуртай байдаг гэнэ.

Харин манай орны хувьд Говь-Алтай аймгийн Алтай, Цээл зэрэг цөөн сум илжигтэй. Илжгийг ихэвчлэн хог, ус зөөхөд ашиглаж байна. Говь-Алтай, Завхан, Ховд аймагт хотын тохижилт үйлчилгээнд хог ачиж зөөх зорилгоор ашиглаад удаж байгаа.

Худаг дээр очоод савыг нь дүүргээд өгөхөөр өөрөө гэрээ олоод ирнэ. Хотын ойр орчимд хоёроос гурван л илжиг бий. Тэднийг баяр ёслолын үеэр хүмүүстэй хамт зургийг нь даруулж мөнгө олдог. Нийслэл болон төв суурин газруудад байдаг илжгүүд бүгд л Говь-Алтайнх. Илжигтэй болъё гэвэл нас хүйсээсээ хамаарч 1-1.8 сая төгрөгийн үнэтэй. Жилд 300-400 орчим илжиг тоологддог байсан бол одоо зуу хүрэхтэй үгүйтэй л бий гэсэн албан бус мэдээ байна.

Бие жижигтэй ч ачаа даах чадвар нь адуунаас хоёр дахин их. Хавар мал төллөх цагаар малчид илжгээ дагуулж хонинд явж шинэ төлөө уутанд хийгээд илжгэндээ ачна. Гэрээ өөрөө олоод ирдэг болохоор ууттай хурга, ишгийг нь буулгачихаар буцаад хоньд руугаа явчихдаг аж. Хэрвээ ачаа нь зам зуурт уначихвал яг тэр байрандаа ачааныхаа дэргэд зогсч л байдаг гэж говь-алтайнхан ярьдаг. Илжиг харьцангуй бага идэштэй. Боов, талх, хоолны үлдэгдэл, хүнсний ногооны хаягдал, өвс гээд юу ч өгсөн идэж орхино. Илжиг адуу хоёр биологийн хувьд өөр хромсомтой. Эр илжгийг гүүтэй эрлийзжүүлэх нь адууг эм илжигтэй эрлийзжүүлэхээс хялбар байдаг. Луус ихэнхдээ үргүй байдаг юм байна.

Илжиг эзэндээ их элэгсэг, гэрсэг бөгөөд гэрээсээ холддоггүй. Хээр хөдөө хонодоггүй гэрээ заавал олоод ирдэг үнэнч амьтан гэнэ. Тэжээвэр амьтад дотроос хамгийн их гэрсэг амьтан болохоор хариулга маллагаа шаардахгүй. Өөрөө бэлчээрлээд өөрөө эргээд ирнэ. Яг энэ чанараас нь улбаалаад гэртээ хонодоггүй, гадуур дотуур явж гэрийн бараа хардаггүй эрчүүлийг “Илжигнээс дор сэтгэлгүй амьтан” гэж зүхдэг нь ийм учиртай.

Чин Ван Ханддоржийн хэлж үлдээсэн “Манж Хятадын маалинга шаахайн ул, марал илжигний туурайг Хаалган давуулж Ар Халхын нутагт хэрхэвч гишгүүлэхгүй” гэх алдартай үг бий. Энэ марал илжиг гэдэг нь эм илжгийг хэлсэн бөгөөд илжгийг бүү өсгө гэсэн утгыг илэрхийлдэг юм байна. Монголчууд илжгэнд тийм ч дуртай биш сүүг нь хэрэглэх байтугай махыг нь идэхээс цээрлэдэг.

Илжигний яс нь ус хатаах чадалтай байдаг учир энэ шинжийг нь ашиглаж ардын уламжлалт анагаах ухаанд цусыг нь тулай, хэрх өвчинд хэрэглэдэг байжээ. Мөн мах нь архинаас гаргах эмийн жорд ордог бол өөх нь үхэр нясуу гэх тууралтыг эдгээдэг юм байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *