Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ай Си Би компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. БНСУ-ын Цахим, төлбөр тооцоо, гадаад худалдаа, тээвэр ложистикоор мэргэшсэн тус компани нь Монгол Улсад бэлэн бус цахим төлбөр тооцооны үйлчилгээг нэвтрүүлэх саналаа илэрхийлж, боловсруулсан төслөө танилцууллаа. Бэлэн мөнгөний хэрэглээг халж орон даяар цахим төлбөр тооцооны сүлжээнд холбогдох боломжит шаардлагуудыг хангасан, бэлэн мөнгө хэрэглэдэггүй анхны улс болох боломжтой хэмээн тооцож байгаа аж. Цаг уурын байдал, иргэдийн цахилгааны хэрэглээ, төлбөр тооцоо, хүн амын ажиллах хүчний чадамж зэрэг нь дээрх үйлчилгээг нэвтрүүлэх үндсэн нөхцлийг бүрдүүлж байгаа гэв. Мөн хүн амын насжилт залуу, интернетийн хэрэглээ өндөр байгаа зэрэгч нөлөөлжээ.
Төсөл хэрэгжвэл 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж, 20,000 гаруй шинэ ажлын байр бий болно. Монгол улсын Ерөнхий сайд төсөлтөй танилцаад, дэлхий нийтэд шинэ тутам хэрэгжиж буй боломжит зах зээлийн үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг дэмжинэ. Хэрвээ төслийг хэрэгжүүлвэл инженер техникийн ажилчдыг Монголчуудаас сургаж Монгол Улсад нь монголчуудыг ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагыг тавина гэлээ.
Уг төсөл хэрэгжвэл 20,000 сервер бүхий бэлэн бус төлбөр тооцооны төвийн бааз бий болж, 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.