“Free zone” хамтлагийн ахлагч Э.Энхтөртэй ярилцлаа.
-Хамгийн сүүлд дуучин С.Сэрчмаатай хамтран “Миний нулимсыг салхи л арчина” хэмээх дуугаа сэргээн дуулсан. Одоогоор шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа болов уу?
-Өмнө нь бага залуу байсан болоод ч тэрүү зөвхөн уран бүтээлдээ гол анхаарлаа хандуулдаг байлаа. Харин одоо хамтлагийнханд маань гэр бүл, ажил амьдрал гээд зайлшгүй цаг гаргах ёстой зүйлүүд гарч ирсэн байна. Тэгэхээр уран бүтээл хийх хугацаа, бүтээмж багасах нь дамжиггүй. Гэхдээ уран бүтээл хийж байгаа. Ямартай ч зүгээр суугаагүй гэдгээ хэлэх байна. Харин миний хувьд бие даан уран бүтээл хийгээд эхэлчихсэн. Одоогоор өмнө нь гаргасан хоёр цомгоо шинэчилж байна. Энэ хоёр цомогт багтсан ихэнх дууныхаа үг, аяыг би өөрөө зохиосон. Дараа нь үндэсний болон бусад хөгжимд зориулсан аязтай болохоор төлөвлөгөөтэй байна. Миний хувьд чанартай цөөн тооны цомог гаргах сонирхолтой байдаг.
-Таныг дуулахаас гадна лимбэ хөгжим сайн тоглодог гэж сонссон юм байна. Лимбэ хөгжмийг хэзээ тоглож сурч байсан юм бэ?
-Аав минь урлагт элэгтэй хүн байсан л даа. Сайхан дуулна, гитар ч тоглочихно. Намайг бага байхад барууны орны хамтлаг дуучдын пянз тун ховор. Тухайн үед л аав минь маш олон пянзны цуглуулгатай байж билээ. Би эхээс тавуулаа л даа. Бүгдээрээ л аавынхаа пянзнаас сонсох дуртай. Сүүлд бодоход аав, ээжийн минь хувьд нэг хүүгээ урлагийн хүн болгох сонирхолтой байсан юм шиг санагддаг. Харин тэр нь би болж таарсан юм. Би ч урлагт их сонирхолтой хүүхэд байлаа. Сонсголоороо лимбэ тоглож сурчихсан юмдаг. Аав, ээжийн ажлынхан, найзууд ирэхэд бид гурав бяцхан тоглолт үзүүлчихдэг байж билээ. Ингээд би Нийслэлийн 42 дугаар сургуулийн тавдугаар ангиас Хөгжим, бүжгийн коллеж руу элсэн орсон доо. Тухайн үед лимбэ хөгжмийн мэргэжлийн багш минь СТА Ч.Энхтайван багш байлаа. Ер нь тэгээд Хөгжим бүжгийн коллежид орсон үеэс эхлэн гадна, дотны хамтлагуудыг сонирхож, хуурцгуудыг нь цуглуулдаг байлаа. Ангийнхандаа аваачиж сонсгоно. Эндээс л хамтлаг байгуулах сэдэл төрсөн гэхэд хилсдэхгүй болов уу.
-“Free zone” хамтлаг анх тавуулаа байсан гэдэг билүү?
– Билгүүтэй, Хосбаяр, Батзаяа, Дүгэрсүрэн миний бие тэргүүтэй таван залуу хамтлаг байгуулахаар сэтгэл шулуудсан. Хамтлагаа ч байгууллаа. Ямар нэр өгөх талаар бодсоны эцэст сугалахаар шийдсэн юм. Өөрсдийн бодож байгаа нэрнүүдээ цаасан дээр бичээд шилэн саванд хуйлаад хийчихлээ. Харин хоёр ч удаа сугалахад “Free zone” гэж гарч ирсэн шүү. Тэр үед бидэнтэй Цогоо гээд найз маань хамт явсан юм. Тэр маань л энэхүү нэрийг бичиж хийсэн юм билээ. Тухайн үед хамтлагууд гадаад нэр өгөх нь бараг моод байсан л даа. Нэр өгсөн залуу маань ч “Энэ бол чөлөөт бүс гэсэн утгатай үг. Тэгэхээр та хэд минь хөгжмийн ертөнцөд өөрсдийн гэсэн чөлөөт бүстэй байх ёстой. Мөн Монголд байгаа хамтлагуудын нэр ихэвчлэн нэг үеэс бүрддэг. Тийм болохоор илүү содон байх болов уу” гэж байсан. Бидэнд ч их таалагдсан.
Ингээд бид хамгийн анх “Титэм” хамтлагийн дуучин, хөгжмийн зохиолч Л.Тайванбат ах дээр очиж дуунуудаас нь дуулсан. Түүний хувьд “Хамтлаг байгуулахаар зорьж яваа чинь их сайн хэрэг. Гэхдээ бэлтгэл маш чухал шүү” гэж захиж байлаа. Яг тэр үед “Камертон” хамтлаг гарчихсан, бидний араас “Номин талст” зэрэг хамтлагууд байгуулагдсан санагдаж байна. Ямартай ч бид чанартай, сайн уран бүтээл хийхийн төлөө хичээсээр л явсан. Ингээд “Чамдаа өгсөн хайр”, “Мөрөөдлийн хатан” дуунуудаа гаргаж байлаа. Энэ хоёр дуу бол манай хамтлагийг үзэгч, сонсогчдод таниулж чадсан. “Чамдаа өгсөн хайр” дуу маань FM-ийн хит парадыг маш олон хоног тэргүүлсэн шүү. Үүнээс хойш сайхан уран бүтээлүүд их ч гарсан. Энэ хугацаанд хамтлагийн зарим гишүүд маань тус, тусын зам мөрөө хөөж, Билгүүтэй бид хоёр л үлдсэн юм. Улмаар 1999 онд сонгон шалгаруулалт явуулж, хамтлагийнхаа Баттөмөрийг элсүүлж авсан даа. Энэ үеэс “Free zone” хамтлаг тогтвор, суурьшилтайгаар уран бүтээлээ туурвиж эхэлсэн. Ерөнхийдөө 1998 онд хамтлагаа байгуулснаасаа хойш зургаан цомог гаргасан байна.
-Рок, попын хамтлаг дуучид цус сэлбэх цаг хэдийнэ болсон гэж ярьдаг. Энэ тухайд та ямар бодолтой явдаг вэ?
-Миний бодлоор рок, попын зогсонги үе ирчихээд байна гэж хараад байгаа юм. Учир нь 2000 он хүртэл рок, попын нөлөө бүхий хамтлагууд ихээр байгуулагдсан. Түүний дараа “A Sound”, “Lemons” зэрэг хамтлагууд гарч ирсэн л дээ. Харин тэдний дараагийн үе гэж гарч ирээгүй. Хоёр ч шинэ үе гарч ирэх хугацаа өнгөрсөн байна. Миний бодлоор одоогоор рок, попыг яг 2000-аад оных шиг олон хүн сонсохоо больсон. Энэ нь рок, поп ид хүчээ авч байх үеийн үзэгч, сонсогчид шилжилт хөдөлгөөний улмаас гадны орнуудыг ихээр зорьсонтой холбоотой болов уу. Мөн рок, попын дуучдын хоорондын эв нэгдэл алдагдсан нь нөлөөлсөн гэж боддог.
Ер нь бол 2000-аад он хүртэл театрын болон кино урлаг, нийтийн дуу зогсонги байдалтай байхад рок, поп эрчимтэй хөгжиж, дэлгэрч байсан. Гэхдээ тайз, дэлгэцийн урлагийг эргэн үзэгчдийн хүртээл болоход рок, попын нөлөө их байсан гэж боддог. Тухайлбал, театр, кино урлагийн бүтээлүүдэд рок, попын дуучид хамтарч, ажиллаж байсан. Түүний нэг жишээ нь кино, жүжгийн дуунууд юм. Ингэснээр үзэгчдэд илүү сайн хүрсэн байх. Манай хамтлагийн хувьд ч гэсэн тайз, дэлгэцийн “Надаар тоглосон хайр” жүжиг, “Мөрөөдлийн хөлөг онгоц” уран сайхны киноны дууг дуулж байлаа. Одоо бол нийтийн дуу, театр, кино урлаг хэдийнэ өөрсдийн гэсэн үзэгч, сонсогчтой болжээ. Үүнээс харахад аливаа зүйл цаг үеэсээ хамаарч хувьсан өөрчлөгдөж байдаг байх нь л дээ.
– Таны бодлоор рок, попын шинэ үе болон гарч ирэхийн тулд яах ёстой вэ?
-Дээд болон дунд үедээ үнэлэгдэж, үзэгчдэд мэдрэгдэж байж шинэ үе болдог. Хамгийн багадаа гурваас дөрвөн жил уран бүтээл туурвисан байх шаардлагатай. Түүнчлэн урлагийн хүний үнэ цэнэ, мөн чанарыг ойлгодог байх нь хамгаас чухал. Урлаг бол асар том цар хүрээтэй салбар л даа. Тухайн цаг үеийг тодорхойлдог, хүмүүжлийг бий болгож байдаг. Ил, далд байгаа сайн, муу зүйлийг өгүүлэн хүмүүст ойлгуулж, ухааруулж чаддаг. Урлаг ард түмнийг байлдан дагуулах ёстой. Би энэ зарчмыг дагадаг. Харамсалтай нь Монголд энэ эсрэгээр байдаг. Ард түмэн урлагийг минь байлдан дагуулдаг. Уг нь урлаг аливаа зүйлийн түрүүнд явж, бусдыг чиглүүлж байх хэрэгтэй. Дуугүйгээр эхэлсэн хувьсгал ч байдаггүй шүү дээ.
Д.УРАНТУЯА