“Рио-2016” олимпийн наадмын мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа 2017 оны Дэлхийн аваргын алтан медалийн эзэн болж, Японы жүдочдын алтан медалийн цувралыг зогсоолоо.
Унгарын Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа учраа болгоноо илүүрхэн ялж, улмаар дэлхийн аваргын алтан медалийн төлөө Японы жүдоч Цүкаса Ёшидатай хүч үзэж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр буулган авч чадав.
Аваргын алтан медалийн төлөөх энэ барилдаан 12 минут 56 секунд үргэлжилсэн юм. Д.Сумъяа дэлхийн аваргын татамид 57 кг-д А хэсгийг тэргүүлэн барилдаж, эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Европын аварга, багийн дэлхийн аварга, Лондонгийн олимпийн хүрэл медальт, Францын жүдоч Присцилла Ньетог, хоёрдугаар тойрогтоо Хонконгийн тамирчин Льюн По Сумыг цэвэр ялснаар шөвгийн наймд шалгарсан.
Харин хэсгийн аваргын төлөө БНСУ-ын жүдоч Квон Юү-жёныг вазари үнэлгээгээр, хагас шигшээд Панамын жүдоч Мирьям Роперыг цаг дуусахаас 2 минут 38 секунд дутуу байхад цэвэр ялсан. Гавьяат тамирчин Д.Сумъяагийн хувьд Монгол Улсаас төрсөн дөрөв дэх дэлхийн аварга, хоёр дахь эмэгтэй аваргаар тодорсон бөгөөд ДАШТ-ээс хос медаль хүртсэн дөрөв дэх монгол жүдоч боллоо.
Энэ өдөр болсон эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Г.Одбаяр хүрэл медалийн эзэн болж, ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын 12 дахь жүдочоор тодорлоо.
Г.Одбаяр Будапештийн дэвжээнд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Саудын Арабын бөх Мухаммед Алхарбиг цэвэр ялж, улмаар АНУ-ын жүдоч Александр Турнер, шилдэг жүдоч Дирк Ван Тичелт нарыг цэвэр ялсан ч хэсгийн аваргын төлөө БНСУ-ын тамирчинд ялагдав.
Харин торгуулийн барилдаанд БНХАУ-ын Өвөрмонголын тамирчин Сайнжаргалыг ялснаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон. Медалийн төлөөх барилдаанд Европын аварга, Азербайжаны жүдоч Хидаят Хейдаровыг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялж, Монголын жүдочдоос Г.Одбаяр ДАШТ-ий ес дэх хүрэл медальтнаар тодорлоо.