Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрны гадна талбайд 2000 гаруй иргэн эсэргүүцлийн тайван жагсаал хийв. Жагсагчид НИТХ-ыг тарж, зүүн эргэхгүй байх дүрмийг болиулах, хотын дарга С.Батболдыг огцрохыг шаардаж байна. Мөн Баянзүрх дүүргийг хоёр дүүрэг болгох асуудлыг эсэргүүцэж иргэдээс гарын үсэг цуглуулж байв.
Баянзүрх дүүргийн 28-р хорооны иргэн С.Чулуунбат хэлэхдээ: Хотын дарга С.Батболдын хууль бус шийдвэрээс болж Баянзүрх дүүргийн газрын албаны дарга тамгаа авч зугтсан нь манай дүүргийн олон мянган иргэдийн эрх ашгийг зөрчиж байна. Би ч өнөөдрийг хүртэл газрын гэрчилгээгээ аваагүй, албан ёсоор асуудлаа шийдүүлээгүй байна. Мөн зүүн эргэхгүй гэдэг бол хамгийн тэнэг шийдвэр. 10 гаруй минут яваад очих газар өчнөөн их явж, илүү шатахуун зарцуулж байна гэв.
Жагсаал хийж буй зарим иргэд МАН-ын 60 тэрбумын бичлэг эвлүүлэг биш нь аль хэдийнэ тогтоогдоод байхад өнөөг хүртэл арга хэмжээ авахгүй байна. НИТХ-ын даргаар ажиллаж буй Ц.Сандуйгаас хариуцлага нэхэж, НИТХ-ыг тарахыг шаардаж байна. Дахин шударга сонгууль явуулж, НИТХ-ыг бүрдүүлэх ёстой гэж хэлж байв.
Эсэргүүцлийн жагсаалд оролцсон цөөнгүй иргэн хотын даргад хаягласан шүүмжлэл хэлж байв. Үг хэлсэн нэгэн хүн ярихдаа “Нийслэлийн МАН 2016 онд сонгуульд нэр дэвшихдээ “Аз Жаргалтай-Улаанбаатар” гэх мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж ялсан. С.Батболд 2016 оноос хойш хотыг удирдлаа. Нийтийн эзэмшлийн газрыг наймаалцдаг өмнөх дарга нарынхаа ажлыг л хийлээ. Нийслэлд залуучууд болоод жуулчдын очдог байсан Их дэлгүүр орчмын цэцэрлэгт хүрээлэнгээс эхлээд ил далд нурааж, хулгайлж байгаа олон жишээ бий. Төрийн албыг улс төрийн хэрэглүүр болгохоо зогсоо. Нийслэлийн Засаг даргын албан тушаалаасаа огцрохыг шаардаж байна” гэж байлаа.
Б.ӨЛЗИЙБАЯР
С.НАРАНЖАРГАЛ