Categories
мэдээ нийгэм

Малаа вакцинжуулалтад хамруулаагүй малчинд хариуцлага тооцно

Малаа вакцинжуулалтад хамруулаагүй малчинд хариуцлага тооцноЭнэ сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо / Морингийн давааны/ задгайд иргэн Ц-гийн 14 толгой үхрээс хоёр үхэрт шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, лабораторын шинжилгээний дүгнэлтээр шүлхий өвчин илэрсэн. Үүнтэй холбогдуулан тус дүүргийн Засаг даргын захирамжаар уртаараа 4 км өргөнөөрөө 3 км газарт хорио цээрийн дэглэм тогтоож хяналт, тандалт хийн ажиллаж байна.

Нийслэлд гарсан шүлхий өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллийг сонсч, цаашид авах хэмжээний талаар үүрэг, зөвлөмж өгөх зорилгоор ОБЕГ-аас шуурхай хурлыг өчигдөр 18:00 цагт зохион байгууллаа.

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр болон Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, НОБГ, Хан Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүд шуурхай хуралд оролцлоо. Дүүргийн онцгой комисс хуралдаж, хэд хэдэн шийдвэрийг гаргасан байна. Тухайлбал, голомтын бүсэд хорио цээрийн дэглэмийг хэвээр үлдээж, 28 хоногийн турш үргэлжилнэ. Хөл хорио тогтоосон бүс дэх 219 дүгээр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор үйл ажиллагаагаа хэвийн явуулж, гаднах бүсээс очиж ажиллах багш нарыг дэглэм дуустал тухайн бүсээс гаргалгүй ажиллуулахаар болжээ.

Харин бусад бүсээс очиж суралцдаг хүүхдүүдийг хорио цээрийн дэглэм дуустал өөр өөрсдийнх нь амьдардаг бүсэд сургууль, цэцэрлэгт хамруулахаар болсон байна. Голомтын бүсэд байгаа иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх болон хүнс, ундны усаар хангах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах юм байна.

Тухайн бүс нутаг дахь 2100 орчим малд тандалт хийж байна. Гаднаас буюу бусад аймаг, орон нутгаас орж ирсэн, вакцинжуулалтад хамрагдаагүй 160 орчим малд хийх вакцинжуулалт өнөөдөр дуусч байгаа талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа.

Дээрхи иргэн нь шүлхийн вакцин хийгдээгүй 14 толгой малыг өнгөрсөн сарын 26-нд Дундговь аймгийн Адаацаг сумаас хөлөөр нь тууж авчран Хан Уул дүүргийн 10 дугаар хороо буюу Морингийн давааны задгайд зусч байжээ.

Голомт нь 135-р бага сургууль, 219-р цэцэрлэгийн цогцолбороос 700 метрийн зайд сууршлийн гэр хороололоос 10 метр, төв замаас 100 метрийн зайд байгаа юм байна.

Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан нийтийн тээврийн “Туул тосгон-Био-120 мянгат”, “Био комбинат-Сонсголон – 5 шар” чиглэлийн маршрутыг Нийслэлийн шуурхай мэдээллийн төв, Нийслэлийн тээврийн газарт мэдэгдэж маршрутыг нь Өлзийтийн замаар явуулах арга хэмжээ авч ажиллаж байна.

Хорио цээрийн дэглэм тогтоосон бүсэд 865 өрхийн 2881 иргэн, 18 өрхийн 2092 толгой мал үүнээс дүүргийн 14 өрхийн 1261 толгой мал, Төв аймгийн Аргалант, Борнуур сумын харьяа 3 өрхийн 815 толгой мал, Дундговь аймгийн Адаацаг сумаас тууварлан ирсэн 14 толгой мал, Дархан-Уул аймгийн 2 толгой мал байна. Бага сургууль, цэцэрлэгийн 1 цогцолбор, 2 зөөврийн худаг, 1 гүний худаг, 13 аж ахуйн нэгж байна.

Хорио цээрийн бүсэд хөдөлгөөнт болон хяналтын 17 постод дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Эмнэлгийн хөдөлгөөнт бүлэг, “Гүнтэрэм” ХХК-ийн мал эмнэлэг үйлчилгээний нэгж зэрэг мэргэжлийн байгууллагын 60 орчим албан хаагч, 20 гаруй автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна.

Хорио цээрийн бүсэд байгаа иргэдийн ажиллаж байгаа холбогдох албан байгууллагад тодорхойлолт өгч ажиллахаар шийдвэрлэсэн талаар танилцууллаа.

Шуурхай хурлын төгсгөлд, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр дараах үүрэг чиглэл, зөвлөмжийг өглөө. Үүнд,

– Голомтын бүсэд байгаа иргэдэд ухуулга, сурталчилгааны ажлыг сайн зохион байгуулах, иргэдийн дунд эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, иргэдэд зөв ойлголт өгөх,
– Иргэдийн ундны усны асуудалд анхаарах,
– Голомтын болон хяналтын постуудад ажиллаж байгаа алба хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах, Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын холбогдох мэргэжилтнийг томилон ажиллуулах,
– Голомтын бүсэд ажиллаж байгаа алба хаагчдын хоол хүнс, шаардагдах шатахууны зардлыг дүүргийн Онцгой комиссоос шийдвэрлэх,
– Голомтын бүс дэх хяналтын постуудад зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, эрүүл бүсэд тандалт явуулах,
– Мэргэжлийн байгууллагууд мэдээллээ солилцон харилцан уялдаатай ажиллах,
– Хүн, мал амьтны гоц халдварт өвчний голомттой аймаг, сумдаас орж ирэх малын шилжилт хөдөлгөөнийг зогсоох талаарх албан бичгийг аймгийн удирдлагуудад хүргүүлэх,
– Бүртгэлгүй, малаа вакцинжуулалтад хамруулаагүй, өвчний халдвар тархаасан малчинд хариуцлага тооцох зэрэг үүрэг, чиглэлийг өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *