Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын академич Б.Ширэндэвийн нэрэмжит долоон жилийн сургуулийн 7а ангийг 1957 онд төгссөн төгсөгчдийг “Нэг анги” буландаа урилаа. 60 жил уулзаагүй ангийнхан энэ сарын 15-нд Сүхбаатарын талбай дээр уулзахаар болжээ. Болзсон газартаа товлосон цагтаа цуглалаа. Энэ ангийнхны тэн хагас нь орчлонгоос буцжээ. “Бидний нас 70 гарчээ. Ангийн багш маань одоо 81 настай. Манай ангийн Б.Галсан гэж Булганы багш маань урлаг соёлын арга хэмжээ зохиож, бид нэгдсэн концерт тоглодог байлаа. Багш хүн ямар байх ёстойг сурагч байхаасаа л мэдэж, төсөөлөлтэй болж байж дээ. Галдан, Цэен-Ойдов, Доржсүрэн гээд багш нар маань бидэнд хичээл зааж,хүмүүжлийн ажил хийлгэж, биднийг удирдаж байсан. Тэндээс л багш хүн сурагчдадаа их анхаарал тавьдаг, эрдэм ном сайтай хүн байдаг гэж мэдэж авсан” гэцгээж ам өрсөн магтацгаалаа. Эдний ангийнхан 60 жилийн өмнө гучуулаа төгсч байж. Уулзалтанд анги удирдсан багш Д.Доржсүрэн иржээ. Урт удаан насалж аз жаргалтай амьдрахыг ангийнхан нь ерөөж байлаа. Үнэн хэрэгтээ багш шавь гэж ялгагдахааргүй буурлууд болжээ.
Долдугаар ангиа төгсөөд байнга онц авдаг Алтбазар нарын найман сурагч Мөрөнгийн арван жилийн сургуульд хуваарилагдаж, их сургууль төгсөцгөөжээ. Хорь орчим нь хөдөө аж ахуй, төмөр зам, хүн эмнэлэг, Багшийн сургууль, техникумд элсэж мэргэжил эзэмшицгээсэн аж. Ангиас одоогоор хоёр гавьяат багш, гурван доктор, профессор төрөн гарчээ. Ер нь бүгд л одон медалиар шагнуулж салбарынхаа тэргүүний ажилтан болсон байна. Ангийнхны ихэнх нь эдийн засагч, багш, бага эмч мэргэжилтэй болжээ.
Тухайн үед Шинэ-Идэр сумын тус сургуульд зургаан сумын хүүхдүүд сурдаг, төвлөрсөн газар байсан гэнэ. 7а ангийнхан хоёр, гурван жилийн өмнө төрөлх сургууль дээрээ очиход материаллаг бааз, сургалтын заах арга зүй, аргачлал нь эрс өөрчлөгдсөн байна лээ гэж хуучиллаа. Мөн багш нар бүгд их, дээд сургууль төгссөн, авьяаслаг хүмүүс болжээ гэв. Эдний ангиас төросөн Монгол Улсын гавьяат багш Н.Төмөрбаатар “Тэр үед одоогийнхтой адил их, дээд сургууль төгссөн багш нар ховор байсан. Гэхдээ багш нар маань биднийг сургаж хүмүүжүүлэхийн төлөө бүх анхаарлаа хандуулж, чин сэтгэлээсээ ажилладаг байж дээ. Манай ангийн багш Д.Доржсүрэн тэр чин сэтгэлтэй хүмүүсийн нэг юм шүү дээ” гэв. Н.Төмөрбаатар МУИС-ийг математикч мэргэжлээр төгсч, МУИС, ШУТИС-д 53 жил ажиллаж өнгөрсөн жилээс тэтгэвэртээ суусан юм байна. Харин эдний ангийн Г.Жадваа улсад 45 жил ажиллажээ. Тэрээр “Манай ангийхан болж бүтвэл уулзаж учирч, эс бүтвэл утсаар ярьж холбоотой байдаг.Сургууль төгсөхөд багшилж байсан багш маань хамт байна. Их сайхан явдал юм. Багш маань “Сур, тэвчээртэй сур. Сурсан хойноо эзэмшиж сур” гэж хэлдэг хүн байлаа. Нилээн чанга хүн байсан. Чанга байсных нь ачаар бид эрч хүчтэй, хөдөлмөрч эрүүл чийрэг болж, 70, 80 руу тэмүүлсэн хэдэн хөгшчүүл үлдэж байх шиг байна. Бид гурван аймгийн сангийн албыг хашиж явлаа.Сан хөмрөгийн нөөц бололцоог нэмэгдүүлэх, улс аймгаа хөгжүүлэх, ард түмний амьжиргааг дээшлүүлэх гол хөрөнгийг зарцуулж явсан. Одоо ч гэсэн Сангийн яамныхаа ахмадын хороонд ажиллаж байгаа. Зүтгэж л байна” гэв. Эдний ангийн онц сурлагатны нэг Арцбазар Шинжлэх ухааны хүрээлэнгийн ажилтан, дэд эрдэмтэн, доктор болжээ. Харамсалтай нь тэр энэ уулзалт ирээгүй. Учир нь тэрээр бурхны оронд заларсан юм байна.Статистикийн төв газар ажиллаж байсан Сампилноров мөн бурхан болжээ.
7а ангийнхан олон төр засгийнхаа ивээл дор түмэн олныхоо ачаар улсынхаа хөгжил дэвшилд хандив нэмэр болох юмсан гэж ярьцгааж байлаа. Дунд сургуульд байхдаа “лапто” гэдэг тоглоомоор тоглодог байж. Даавуун бөмбөгөөр тоглодог, их хөгжилтэй тоглоом байж. Тэр үед хүүхэд тоглоод байх тоглоом тэр бүрий байхгүй болохоор энэ мэтчилэнэ лапто, чоно,тарвага гэж тоглодог байжээ.
Тэдний бага насны дурсамжид Хөвсгөл аймгийнхаа Мөстийн голын мөсөн дээр мөс мөргөлдүүлж тоглодог байсан нь тодоос тод үлджээ. Бүр сүүлдээ мөс мөргөлдүүлдэг тэмцээн зохиодог болж. Тэд сургуульд байхдаа дотуур байранд суудаг байж. Түрүүлсэн хүн нэг талх, домбон сахар өгнө. Ялагч домбон сахараа мампсаны хайрцганд хайлуулж чихэр болгож иддэг үе байсан гэж Б.Галсанжав хуучиллаа.
Харин ангийн багш Д.Доржсүрэн “Би 1957 онд энэ ангийг төгсгөсөн. Тухайн үед Алтбазар, Н.Төмөрбаатар зэрэг олон сайн сурлагатай, шигшмэл хүүхдүүдтэй анги байлаа. Одоо ангиас олон эрдэмтэн доктор, гавьяатууд нийгэм хөдөлмөрийн зүтгэлтнүүд төрөн гарсан байна. Бүгд л эх орондоо хэрэгтэй зүйл хийж бүтээж мэргэжлээрээ ажиллаад өнөөдөр уулзаж байна. 60 жил уулзаагүй гурван хүүхэд байна. Хүүхэд гэдэг бол хүний бие организмын үндсэн чиг. Энэ нь хэвээрээ л байдаг юм байна. Хүүхдүүдийгээ эрүүл энх сайхан явж байгааг харж уулзах сайхан юм. Их бэлгэшээж байна.Хүүхдүүд маань одоо 70 настай бол би 80-тай. Би боловсролын салбарт гучаад жил ажиллаж захиргаа,нэгдэл гээд томилолтоор улсад 42 жил ажилласан байна. Багш хүн хүүхдийг хүн болгож хүмүүжүүлдэг. Хамгийн гол нь эцэг эх, ард түмнийх нь уламжлалт ёс заншил, хөдөлмөрч чанарыг эзэмшүүлэхийг их эрхэмлэдэг байсан даа. Тухайн үеийн шаардлага ч ийм байсан.Тиймээс тэр үеийн хүүхдүүд их хөдөлмөрч. Сургууль ажил их хийлгэдэг байлаа. Тухайлбал, ногоо хураана, түлээ мод бэлтгэнэ, зурам агнах гэх зэргээр ажилладаг байж. Энэ бүхэнд хүүхдүүд маань суралцаж, өөрийгөө сорьж, хөдөлмөрлөж, хичээж зүтгэж, явна шүү дээ. Багш хүн хүүхдийг хүмүүжүүлэхдээ их л хөдөлмөрлөнө. Эцэг эхтэй нь харилцана. Үргэлж л хүүхдүүдээ эрүүл саруул байлгаж, хичээл сурлаганд нь амжилттай сургаж гарыг нь ганзганд хөлийг нь дөрөөнд хүргэж өгөх юмсан л гэж боддог байсан даа” хэмээн ярьсан юм. Мөн тэрээр “92 дугаар сургуульд хоёр зээ маань сурдаг. Зарим багш нар хүүхдийнхээ төлөө зүтгэж ажил хийж байна. Гэхдээ зарим багш өнгө харсан, идэвхигүй, хүүхэдтэй ажиллахаа больжээ. Энэ нь багшийн буруу биш юм.Нийгмийн нөхцөл байдал, багш нарын ахуй амьдрал, хүүхдүүдийн идэвхи ч нөлөөлж байгаа. Нөгөө талаас багш нарын хөдөлмөрийг үнэлж чадахгүй байна. Сайн, муу багш нар ялгаагүй тогтмол цалинтай. Энэ бол хүний идэвхийг бууруулдаг юм байна. Сайн багшийг ажилладаг хэмжээнд нь үнэлж өндөр цалин өгөх хэрэгтэй. Ингэхгүй бол багш шантардаг. Үүнээс болоод багшийн идэвхи суларч, багш нарыг үнэлэх үнэлгээ муудаж байна.Шинжлэх ухааны мэдлэг олгох талаасаа анхаарч байна. Ёс зүй, хүмүүжил талаас нь анхаарахгүй байна шүү дээ. Төрөлх хэлээ сурсан хүн чинь эх орныхоо тухай, түүх соёл, зан заншлаа мэддэг болно. Гадаадын соёл хөгжлийг сонирхох нь зүй ёсны явдал боловч сургалтын системээр зохицуулах ёстой” хэмээн ярив. Д.Түмэнбаяр “1950 онд анх дунд сургуульд орж, 1960 онд аравдугаар ангиа төгссөн. Уулзалдахгүй олон жил боллоо. Нэг нэгнээ танихгүй байна. Би ХААИС-д элсэн орж байлаа. Ханьтайгаа хамт төгсөөд Сэлэнгэд очиж ажилласан. Багш, намын хорооны зааварлагч, эдийн засагч гээд олон ажил хийсэн дээ. Сүүлд боловсон хүчний тасгийн дарга гэж хийж байгаад олон хүүхэд төрүүлсэн болохоор 25 жил ажиллаад тэтгэвэрт гарсан. Хөгшин бид хоёр малаа маллаад, хөгшин маань төв дээр ажлаа хийгээд л амьдардаг байлаа. Тэмээнээс бусад мал байсан шүү. Гахай, тахиа ч байсан. Аж ахуй л их эрхэлдэг байлаа. 2003 онд охин маань магистрт сурна гээд би хот руу орж ирээд эндээ шингэчихээд байна. Долоон хүүхэд төрүүлсэн. Ангиараа уулзана гэдэг их сайхан байна. Дээд сургууль төгссөн хотод байгаа хэд маань үе үе уулзана. Гэрт суухаар ганцаардах маягтай болчихдог юм байна. Манай ангийн хүүхдүүд их хамтач, сургуульдаа нэр хүндтэй сайн хүүхдүүд байлаа. Нийтээрээ л их сурлага сайтай байлаа. Амьдралын эрхээр долоон жилээ төгсөөд зарим нь техникумд, зарим нь арван жилд сураад тэрнээс хойш ер нь бараг уулзалдахгүй шахуу өдий хүрлээ. Тэр үеийн үйл явдлаас санаанд үлдсэн зүйлээс яривал бид давтлага их хийдэг байлаа. Даалгавраа хамтдаа хийнэ, бие биедээ их тусална. Би зургийн хичээлдээ тун тааруу. Заримдаа бас хүүхдээр хийлгэнэ” хэмээн дурсамжаа хуваалцлаа. Тэд хэдийгээр дал гарсан ч энэ л өдөр бүгд 60 жилийн өмнөх хүүхэд насандаа очсон мэт нүдэнд нь гэрэл гийж, бие биесээ хүүхэд гэж дуудна. Манай ангийн хүү, манай ангийн охин гэж биесээ дуудах буурлууд ой тойндоо 60 жилийн өмнөх гэрэл гэгээтэй хүүхэд насандаа энэ л өдөр очсон болов уу.