СХД-ийн X хорооны иргэн Б.Гэрэл
Өнгөрсөн бичин жилийн өвлийг хаа, хаанаа хэцүүхэн өвөл болно гэцгээж байлаа. Харин ч байгаль цаг уур, бидэнд муу нүүрээ харуулсангүй, мал, хүн эсэн мэнд онд орсон. Харин өнгөрсөн хавар нийт нутгаар тарлантаж тогтсон цасан бүрхүүл хайлсан ч шууд хуурайшилт, хаврын хавсаргатай золгосон. Хавар хүйтэн байснаас болж, үр тариалалтын ажил өмнө нь тохиолдож байгаагүйгээр хожуу эхэлсэн билээ. Бараг л зуны эхэн сард тариаланчид маань тариалалтынхаа ажлыг эхлүүлсэн. Ингээд дэлгэр зуны сар гарснаас хойш саяхныг хүртэл ихэнх нутгаар хур тунадас багатайгаас болоод өвсний гарц муудаж, бог, бод мал төдийлөн тарга тэвээрэг авч чадсангүй. Харин наймдугаар сар гарснаар нийт нутгаар сэрүүсч, шөнө, өдөргүй шиврээ бороо шаагиж байна. Ёстой л оройтсон бороо цэцэг нэхнэ үү гэдэг нь л болж байна. Өнөө жилийн цаг агаарын нөхцөл байдал малчид, тариаланчид үнэхээр хүнд байхад төр засаг сонгуулийн шокноосоо гарч чадахгүй хоорондоо айлын авгайчуул шиг л хэрэлдэж, зодолдож, нэгнийгээ далдуур муулж байна. Юун намрын ажил, өвлийн бэлтгэл. Ёстой өмнөх хэрүүлээ яаядаа гэж байхад ард олны, улс орны ажил хамаа ч алга, цаадуулд чинь. Ингэж явсаар намрын адаг сараар найр хуримнаасаа салж, төрийн ажлаа хиймэршүү болохтой зэрэгцээд нөгөө ургац хураалт яасан, өвлийн бэлтгэл юу болж байгаа билээ… хэмээн мунаглах вий дээ. Тэр үед дарга нар оройтсон шийдвэр доод хүмүүсдээ хайр найргүй гаргах бололтой. Цагийн юм цагтаа гэдгийг манай төрийн удирдлагууд мэдэхгүй. Ямар ч том дарга байсан намрын ажлыг, өвлийн сэрүүнийг зогсоох боломжгүй. Тийм болохоор нам дотор, байшин тойрсон ширээ сандал, хулгай, луйврынхаа хэрүүлийг түр хойшно тавиад улс орныхоо ажлыг хийвэл яасан юм бэ, эрхэм төрийн түшээд минь.
Намрын адаг сараар ургац хураалт тааруу авсан, өргөн хэрэглээний барааны үнэ өссөн хамаг бурууг цаг агаар луу чихэв дээ. Хичнээн цаг агаар хэцүү байгаа ч гэсэн төрийн бодлого, шийдвэр чухал шүү.
“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр”-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.
Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН