Categories
мэдээ нийгэм

Эрдэнэтийнхэн 25 жил хүлээсэн хотын статусаа дэмжиж байна

Эрдэнэтийнхэн 25 жил хүлээсэн хотын статусаа дэмжиж байнаУИХ-ын Тамгын газрын ахлах зөвлөх, Ажлын хэсгийн ахлагч Ц.Батбаатараар ахлуусан ажлын хэсэг өчигдөр (08.25) Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх уулзалт, хэлэлцүүлгийг Орхон аймгийн төв Баян-Өндөр суманд зохион байгууллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нь Улсын Бага Хурлын гишүүн, Ардын Их Хурлын депутат, Монгол Улсын гавьяат багш Р.Хатанбаатар, УИХ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, УИХ-ын Тамгын газрын ажилтан Б.Гандулам, Г.Нарантуяа, С.Эрдэнэчимэг нар ажилласан юм.

Орхон аймгийн ЗДТГ, ИТХ-ын ажилтнууд, сум, багуудын удирдлага төслийн хэлэлцүүлэгт эртнээс бэлтгэж, иргэддээ урилга тараан, сайтар зохион байгуулалттайгаар багуудаараа хэд хэдэн удаа хэлэлцсэний дээр наймдугаар сарын 31-нд дахин нэг хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байгаа аж. Үүнээс гадна Аймгийн ЗДТГ, ИТХ-аас ЗДТГ-ын “Иргэн танаа” сонины тусгай дугаарыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн сэдэвт бүхэлд нь зориулж иргэддээ тараажээ.

Үдээс өмнө Баян-Өндөр сумын Нутгийн удирдлагын ордонд болсон хэлэлцүүлэгт Орхон аймаг, Баян-Өндөр сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон төрийн 44 албан хаагч оролцож Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар санал бодлоо илэрхийлэн зарим зөрүүтэй ойлголтоо ажлын хэсгийнхнээс асууж, хариулт авлаа. Харин үдээс хойш “Уурхайчин” соёлын ордны Их танхимд болсон хэлэлцүүлэгт аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид,сумын 21 багийн Ажлын хэсгийн гишүүд, нутгийн иргэдийн төлөөлөл 450 орчим хүн оролцов.

Монгол Улсын Төрийн дууллаар ёслол төгөлдөр эхэлсэн энэ удаагийн хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн дунд Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, 1992 оны Үндсэн хууль батлалцаж явсан ахмадууд болох Д.Рэнцэннацаг,С.Ёндонжамц, Д.Цэен-Ойдов нар байлаа. Д.Рэнцэннацаг гуайн өгүүлснээр АИХ-ын депутат байсан 430 хүний тал хувь нь өдгөө тэнгэрт халиад байгаа, Эрдэнэтээс сонгогдсон таван хүн байдаг, үүнд өөрөөс нь гадна Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, мөн Д.Тогооч, Д.Ганболд нарыг дурдаж болох бөгөөд нэрт сэтгүүлч, зохиолч асан Ж.Барамсай нас нөгчсөн аж.

Баян-Өндөрийнхний хувьд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой сонирхож буй гол сэдэв нь Сэлэнгэ, Дархан-Уул аймагт яригдсан хамгийн гол, нийтлэг асуудал болох Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагатай холбоотой асуудлууд байв. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх энэ хэсэгт “улсын чанартай хот”, “орон нутгийн чанартай хот” гэсэн заалт шинээр орсон бөгөөд Орхон аймаг, түүний дотор Баян-Өндөр сумын хувьд энэ заалт 1994 онд Эрдэнэт хот сумын статустай болсноос хойш 25 жилийн турш хүсэн хүлээж буй, амин чухал заалт нь болохоор уг асуудлаар олон хүн санал бодлоо илэрхийлсэн юм.

“Баян-Өндөр сум буюу хуучнаар Эрдэнэт нь улсын чанартай хот болсноор багууд нь хороо болж, сумд хэмээх давхардсан бүтэц, хүнд суртал үгүй болно, нутгийн захиргааны байгууллагуудын бие даасан байдал, хэв шинж, чадвар чансаа сайжирч, төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ гэсэн утгаар нь Эрдэнэтчүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх дээрх заалтыг сайшаан дэмжиж байгаа. Эмч, багш нар зэрэг төрийн албан хаагчдын таван жил тутмын нэмэгдэл бол яригдах ёстой асуудлын нэг мөн ч сум, орон нутгийн нийтлэг эрх ашгийн үүднээс төслийг дэмжих учиртай юм. Иргэд маань Үндсэн хуулийн өөрчлөлт надад гэхээсээ илүү сум орон нутаг, улс оронд маань ямар ач холбогдолтой вэ гэдгийг бодмоор байна. Баян-Өндөр сум бол хүн амын төвлөрөл ихтэй, үйлдвэр, аж ахуйн том район атлаа баруун талдаа л гэхэд Булганы Бугат, Орхон сумын хилийн дээсээр хязгаарлагдаж, иргэд Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлж хувьчлах, өмчлөх ч газаргүй, малын бэлчээр байтугай бурхан болоочдоо ч оршуулах нутаггүй байгаа гэж аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал ярьсан юм.

Ер нь Үндсэн хууль бол иргэдийн язгуур эрх ашгийг хамгаалсан хамгийн том, эцэг, суурь хууль учраас түүнд оруулж буй өчүүхэн жижиг өөрчлөлтийг дагаад бусад 480 гаруй органик хуульд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулахад цаг хугацаа шаардлагатай учраас төсөл дэх Монгол Улсын Ерөнхийлөгчтэй холбоотой заалтыг 2021 оноос, бусдыг нь 2020 оноос дагаж мөрдөхөөр заасан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажил дээр нэг нам дангаар ажиллаагүй. УИХ-д суудалтай намуудаас гадна МҮАН, ИЗНН-ын төлөөлөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, ХЭҮК зэрэг байгууллагын Үндсэн хууль судалдаг эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил долоон үе шаттайгаар явж байгааг Ажлын хэсгийн ахлагч Ц.Батбаатар тайлбарлаж байв.

Хэлэлцүүлгийн үеэр үг хэлсэн хүмүүс сонгуульд оролцох иргэдийн оролцооны асуудал, энэ талаар хатуу зохицуулалт байж болох эсэх, УИХ-аар хууль эцэслэн баталж буй босгыг өөрчлөх, давхар дээлийн асуудал яригдаж байхад “гуравны нэг” гэдэг тоог заавал оруулах шаардлага байгаа эсэх, хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа гэхэд хэрэгжих хугацааг наашлуулж болох эсэхийг асууж, одоогийн төсөлд ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа багийнЗасаг даргыг томилох асуудал дээр иргэдээсээ сонгох нь зүйтэй гэсэн саналыг илүү дэмжиж байв.

АИХ-ын депутат байсан Д.Цэен-Ойдов гуай “Үндсэн хууль дахь нэмэлт, өөрчлөлтийн төслийг үндсэндээ дэмжиж байна” гээд УИХ-ын олон гишүүн давхар дээлтэй байгаагаас төр, засаг тогтворгүй байгааг шүүмжилж, Ерөнхий сайд, Шадар сайд хоёроос бусад нь УИХ-ын гишүүн байх ёсгүй гэсэн саналтай байгаагаа илэрхийлээ.

Иргэд ерөнхийдөө багийн Засаг дарга болон УИХ-ын гишүүнээр томилогдох насны хязгаарыг нэмэгдүүлэх, төрийн бэлгэдлүүд, түүний дотор Төрийн сүлдийг сэтгэлийн хөөрлөөр өөрчилсөн нь ард түмний сэтгэлд төдий л нийцтэй бус байгаа тул Төрийн сүлд, Төрийн дууллыг дахин өөрчлөх, бүх шатны байгууллагуудын сонгуулийг нэг дор явуулж, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг таван жил болгон сунгах, Үндсэн хууль дахь нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжиж эхлэх хугацааг 2020 оноос нааш татах зэрэг олон санал дэвшүүлсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр нэг бус иргэн “Монгол Улс мал сүргээ төрийн хамгаалалтад авсан. Тэгвэл Монголын төр монгол хүнээ хамгаалах заалтыг төсөлд суулгах хэрэгтэй гэж үзэж байгаагаа хэлж байлаа. Төсөл хэлэлцүүлэгч багийн гишүүн, гавьяат хуульч Р.Хатанбаатар энэ асуултад хариулахдаа:

-Монгол Улсын Үндсэн хуулийн хүний эрхтэй холбоотой хэсэг маш чамбай болсон гэж үздэг бөгөөд өнөө болтол энэ талаар өгүүлэл, гомдол гарч байгаагүй гээд “Мал төрийн хамгаалалтад байна” гэсэн заалт бол цаад үндсэн утгаараа монголчуудын амьдралын хэв маяг, нүүдэлчин ахуйг хамгаалах утгатай заалт юм хэмээн тайлбарлалаа. Харин сонгуульд оролцох иргэдийн оролцоотой холбоотой хатуу заалтын тухайд тэрбээр “Монгол мэтийн парламентын засаглалтай олон орны хуулийг судалж үзэхэд энэ талаар хатуу зохицуулалт хийсэн заалт байдаггүй. Харин зарим оронд хэрэв сонгуульд оролцохгүй бол төрөөс үзүүлдэг зарим үйлчилгээг хязгаарлах заалт байдаг юм билээ” гэж хэлсэн юм.

УИХ-ын Тамгын газраас томилсон долоон багаас зохион байгуулсан Үндсэн хууль нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн орон нутаг дахь хэлэлцүүлэг Орхон аймгийн Жаргалант, Баян-Өндөр сумдаар ийнхүү өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *