Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Яармаг орчмын 20 халаалтын зуухнаас хангагддаг нэгдсэн эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдийг төвлөрсөн дулаанд холбожээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 180 ортой нэгдсэн эмнэлэг, 320 хүүхдийн 63 дугаар сургууль, 620 хүүхдийн 34 дүгээр сургууль, 210 хүүхдийн 12 дугаар цэцэрлэг, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн Хан-Уул салбар, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны өрхийн эмнэлэг, цагдаагийн барилгыг төвлөрсөн дулаанд холбох ажлыг хийж дуусгасан байна.
Дээрх газрууд дулаан хангамжид холбогдсоноор жилд түлдэг байсан 2470 тн түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, агаарт хаягдах хорт хаягдлыг 115.2 тн-оор багасгах аж.
Цаашид нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Их засаг их сургууль, Маахуур толгой, Амгалан дулааны станц, Баянхошуу орчмын халаалтын зуухнуудыг зогсоож, 68 уурын зуухыг төвлөрсөн дулаан хангамжид холбох зорилт тавин холбогдох тооцоо, судалгааны ажлыг хийж байна гэж холбогдох албаныхан мэдээллээ.