Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Ерөнхийлөгч өө, зав гаргаач бидэнд

ХААИС-ийн Зөвлөх профессор Г.Батдэлгэр

Хэдэн жилийн өмнө манай Нано- квант биотехнологийн баг Хятадын эрдэмтэдтэй хамтарч, таримал ургамлын ургацыг нэмэгдүүлдэг, малын тарга хүчээ алдах байдлыг багасгах хоёр төрлийн бэлдмэл гаргаж, шинэ бүтээлийн гэрчилгээ авсан.Эх орондоо энэхүү шинэ технологийг нэвтрүүлэх, цаашид үйлдвэр байгуулах асуудлыг хэрхэх талаар манай нөхөд ХХААХҮ сайд П. Сэргэлэн, Засгийн газрын ахлах референт Б.Дэлгэрмаа, Боловсролын сайд асан Л.Гантөмөр, Академич н.Рэгдэл, Ерөнхийлөгчийн Ногоон Хөгжил, ХАА-н зөвлөх О. Чулуунбилэг, УИХ-ын орлогч дарга Ц.Нямдорж гээд мөн ч олон хүнтэй уулзаж хайран цагаа үргүй зарсан даа. Ерөнхийлөгчтэй уулзуулна гэж олон хүн амласан. Гэвч бүтээгүй өнөөг хүрлээ. Монгол Улсын Үндэсний аюулгүйн Зөвлөлд хүртэл албан бичиг хүргүүлсэн. Нэмэргүй юм билээ. Бидний бүтээгдэхүүнийг (LC) газар тариаланд 100 гаруй аж ахуйн нэгж ашиглаад ургацаа 15-аас доошгүй хувь нэмэгдүүлж, ган, хүйтэн, өвчинд тэсвэртэйг мэдэж авсан. Нэгж га талбайн зардал ердөө хоёр мянган төгрөг. Бид бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэж чадвал валют олох боломж бүрдэхээс гадна, эрүүл ой, ногоон бүс, цэвэр хүнстэй болох юм. Одоогоос хоёр жилийн өмнө Завхан аймгийн Тэс суманд зуд болоход бидний хандивласан бүтээгдэхүүн ( BEB) малын хорогдлыг зогсоож байлаа. Мал өөрийн биеийн жингийн хоёр хувьтай тэнцэх өвс, тэжээлийг өдөрт идэж байж хэрэгцээгээ хангадаг.

Үүнээс 40 хувь шингэж бусад нь ялгадас болдог. ВЕВ бүтээгдэхүүнийг хэрэглэсэн тохиолдолд идсэн зүйлийн 90 хувь малд шингэх боломжтой. Өвөлжилтөд нэмэр болж, цөөн мал хорогдоосой хэмээн бодсондоо оюунлаг хүмүүсийн бүтээлийг санал болгож байна. Манай төрийн албанд олон хүн ажиллаж байна. Асуудал шийддэг хүн Ерөнхийлөгчөөс өөр алга гэхэд болно. Манай оронд юм санаачилж хийдэг хүн, хийхгүй байгаа хүнээс нэр муутай, үнэлэгдэхгүй байгаа. Та ажилчин ангиас гарсан анхны Ерөнхийлөгч! Баялаг бүтээгч хийгээд, шинжлэх ухааны салбартаа илүү анхаарахыг хүсье. Ерөнхийлөгч өө, зав гаргаач бидэнд. Манай багийнхан Тантай уулзаж, мөрөөдлийн гарцаа олмоор байна. Уулзалт дээр илүү нарийн технологийн тухай ярих болно.

эрдэмтэдтэй

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр“-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *