Categories
мэдээ цаг-үе

Биологийн удаан хөгжилтэй хүмүүс хиймэл оюун ухаанд ялагдана гэжээ

“Ватсон” хиймэл оюун ухаан

Хиймэл оюун ухаан өдрөөс өдөрт хурдтай хөгжиж байна. Орос ардын үлгэрт сар, жилээр биш цагаар өсдөг хүүгийн тухай гардаг. Яг үүнтэй адил хиймэл оюун ухааны салбар секунд, долиор тэлж, өөрийгөө зогсолтгүй хөгжүүлсээр байгаа юм. Роботуудад суулгасан хиймэл оюун ухаан хүний төсөөллөөс ч давж заримдаа болгоомжлол төрүүлж байна.

АНУ-д л гэхэд хиймэл оюун ухааныг аж үйлдвэрийн салбарт нэвтрүүлснээр ажлын бүтээмж огцом нэмэгдэж байгаа бөгөөд үүнийг дагаад биеийн хүчний болон оюуны хөдөлмөр эрхлэгчдийн цалин ямар байх вэ гэдэг дээр маргаан үүсч байна. Хиймэл оюун ухааныг ингэж аж үйлдвэрийн салбартаа ашиглаж байгаа өндөр хөгжилтэй 12 орны эдийн засгийн өсөлт 2035 он гэхэд хоёр дахин нэмэгдэх төлөв ажиглагджээ. Эдийн засгийн өсөлт нь сайн талтай ч нөгөө талдаа хиймэл оюун ухаанаар програмчлагдсан машинууд хүний ажлыг булааснаар дөрвөн сая хүн энэ салбарт ажлаасаа халагдах магадлалтай юм байна. АНУ-ын хувьд одоогоос дөрвөн жилийн өмнө хийсэн судалгаагаар нийт ажлын байрны 47 хувь нь автоматжуулалтад орно гэж мэдэгдсэн нь тухайн үедээ шуугиан дэгдээж л байсан. Харин томоохон үйлдвэрлэгч, аж үйлдвэр эрхлэгчид “Хиймэл оюун ухаан олон талын ашигтай ч эцсийн мөчид бид хүнээ л бодож байна. Аж үйлдвэрийн салбарт гэнэтийн осол ихээр гарч олон мянган хүн хүнд, хөнгөн бэртэж гэмтэж, заримдаа амь эрсэддэг. Ийм эрсдлүүдийг роботуудад үүрүүлж байгаа юм” гэсэн хаацайлсан өнгө аястай зүйл ярьжээ.

“Ватсон” оюунаа уралдуулах нэвтрүүлэгт хүмүүсийг хол хаядаг

Уг нь робот, хиймэл оюун ухааныг хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, амьдралаа хялбаршуулах зорилгоор ашиглаж эхэлсэн ч одоо тэр утгаасаа давж хүнтэй зэрэгцэхүйц, заримдаа давсан хэмжээний үзүүлэлт харуулаад байгаа нь хүн төрөлхтөнд айдас төрүүлж байна. Нэрт физикч Стефен Хокинг “Хиймэл оюун ухааны хөгжил хүн төрөлхтнийг мөхөлд хүргэнэ. Учир нь хиймэл оюун ухаан өөрийгөө тасралтгүй сайжруулах чадвартай байдаг бол биологийн удаан хөгжилтэй хүмүүс түүнтэй өрсөлдөж чадахгүй, ялагдах болно” гэж ярьсан нь олон хүнд эргэлзээ төрүүлсэн. Үнэхээр робот, хиймэл оюун ухаан хүн төрөлхтнийг ялна гэж үү. Гэвч электроникийн салбарт тэргүүлж байгаа зарим эрдэмтэн хиймэл оюун ухааныг бурханчлан шүтэх ёсгүй. Хиймэл оюун ухааныг хазаарлахгүй бол цөмийн зэвсгээс ч илүү хор хөнөөл учруулна, тиймээс хиймэл оюун ухааныг хөгжүүлэх ажлыг аливаа улс орон үндэсний хэмжээнд хянах нь зүйтэй гэж уриалаад байгаа юм.

Гэхдээ хиймэл оюун ухааныг хянана гэдгийг хэт туйлшруулж болохгүй юм. Хоол зөөж, гэр цэвэрлэж, хүнтэй шатар тоглодог гэх мэт энгийн даалгавартай роботууд бол хоргүй. Харин өгсөн даалгаврыг эсэргүүцэж, өөдөөс тайлбар тавьж, өөрийгөө сайжруулж, хянаж чаддаг, өөртөө зорилго тавьж түүнийгээ тодорхойлдог болоод эхэлбэл хиймэл оюун ухаан жинхэнэ утгаараа хүн төрөлхтөнд заналхийлж эхэлнэ.

IBM Watson бол дэлхийн хамгийн алдартай хиймэл оюун ухаануудын нэг. Уг оюун ухаантай оюуны чадвараа уралдуулах гэж потенциал өндөртэй гэх залуус асуулт, хариултын тэмцээнээр өрсөлдөхөд өнөөх хиймэл оюун ухаан хурдаараа тэргүүлж байжээ. Энэ оюун ухаан “Морган” нэртэй киноны трэйлерийг бүтээсэн нь олны анхаарлыг татсан юм. Эрдэмтэд Ватсонд 100 гаруй аймшгийн киноны трэйлерийг үзүүлсний дараа хүний сарын хугацаанд хийх байсан ажлыг ердөө 24-хөн цагт багтааж хийж трэйлерийг бэлэн болгожээ. Ватсон трейлэрт орох дүрсүүдээ өөрөө бэлтгэсэн бөгөөд үүн дээр нь хүмүүс дарааллыг нь зохицуулахад л гар оролцжээ.

Sony-гийнхон Flow Machine нэртэй хиймэл оюун ухааны тусламжтайгаар хэд хэдэн поп дуу гаргачихаад байна. Мөн л олон мянган дууг роботод сонсгосны дараа хөгжмийн зохиолчид ерөнхий зураглалыг нь гаргаж өгсөн бөгөөд Flow machine үлдсэнийг нь өөрөө хийжээ. Хиймэл оюун ухааны бүтээсэн “Аавын машин” дууг анх сонсоход электро ч юм шиг сонсогдсоноо “Битлз” дууны хэв маягтай ойролцоо дуугарах аж. Та бүхэн youtube руу орж “Daddy’s Car” дууг сонсч болно. Одоогоор 1.6 сая хүнд хүрээд байгаа энэ дууг сонссон хүмүүс “Энэ хөгжмийн зохиолчид гээд байгаа хүмүүс ичээч. Роботууд та нараас илүү байна”, “Машин та дэлхийн урлагт тавтай морил”, “Мэргэжлийнх гээд байгаа дуу зохиогчид өөрсдөдөө дүгнэлт хий. Та нарын дуу нэгэн хэвийн, уйтгартай болоод байгаа. Та нарт одоо том өрсөлдөгч гарч ирлээ”, “Дууны студиуд үнэндээ роботуудаар л юмаа хийлгэдэг” гэх мэтчилэнгээр шүүмжлэлтэй байр суурь илэрхийлжээ.

Япон улсад судлаачдын хиймэл оюун ухаантай хамтран бичсэн “The Day A Computer Writes a Novel” буюу “Компьютер зохиол бичих цагаар” нэртэй өгүүллэг зохиолчдын дунд зарласан уралдааны эхний босгыг амжилттай давахад хүн бүр гайхан хүлээж авчээ. Гэтэл эл өгүүллэг эцсийн шалгаруулалтад үлдсэн нь бүр ч их алмайруулжээ. Энэ шалгаруулалтад 1450 зохиол ирсний 11 нь роботын тусламжтайгаар бүтээсэн байжээ. Энэ мэтээр хиймэл оюун ухаан аль ч салбарт цойлон гарч ирсээр байгаа юм. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Хятадад болсон покерын нээлттэй тэмцээнд хиймэл оюун ухаан зургаан тоглогчтой багийг хожиж 290 мянган ам.доллар хожжээ. Энэ нь хиймэл оюун ухаан покерын тэмцээнд хүмүүсийг хожсон хоёр дахь тохиолдол нь.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *