Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Олон нийтийн телевизээр олон ангит гадаад кино гаргах нь зөв үү

ХУД-ийн VIII хорооны иргэн Э.Төрөө

Бүр Монголын Үндэсний олон нийтийн радио телевизээр Хятадын олон ангит кино гарч байгаа нь хэр ёс зүйтэй хэрэг вэ. Хятад улсын бодлого нь манайх шиг хүн ам цөөн, зах зээл багатай орныг аажмаар өөрийн эрхшээлд оруулах байдаг. Энэхүү бодлогоо соёл, бараа бүтээгдэхүүн, шашин, эдийн засаг гэх мэт бүхий л чиглэл, нүх сүвээр дайран хэрэгжүүлсээр байх юм. Үүнийг нь мэдсээр байж, яагаад олон нийтийн телевизээр хятад кино гаргаад байгааг ер ойлгохгүй юм. Бүр олон ангит шүү. Хэвлэл мэдээллийн салбар, тэр дундаа телевизээр гарч буй бүхэн нийгмийн оюун санаанд асар их нөлөө үзүүлдэг. Үүнийг цаашид болих хэрэгтэй. Гаргах олон ангит кино олдохгүй байгаа биш очиж, очиж хятад кино шүү. Дээхэн үед олон нийтийн телевизээр Солонгос, Орос, Америк кинонууд гардаг л байсан. Тухайн үед үндэсний телевизээс өөр суваг нээгдээгүй байсан учир ийн гаргахад үзэгчид дургүйцдэггүй байж. Харин өдгөө телевизийн тоо зуу давсан. Гурван сая иргэдэд энэ тоо маш өндөр гэсэн үг. Энэ олон сувгаар гадаад дотоодын олон ангит кино, нэвтрүүлэг хангалттай гарч байгаа. Ийм байхад монгол гэсэн нэртэй кино, нэвтрүүлгийг үндэсний олон нийтийн телевиз зай завсаргүй гаргаж байх учиртай. Гэтэл гадаад кино бүр хятадын олон ангит кино гаргаж байгаа нь үнэхээр харамсалтай санагдах юм. Орой бүр хуучны сайхан монгол киногоо гаргаж байж болдоггүй юм уу. Гол нь хятаддаа биш. Ер нь үндэсний олон нийтийн телевизийн бодлого гадаад дотоодын үзэгчдэдээ Монгол орныг сурталчилах, монгол ёс заншил, соёлыг түгээх гэж бодож байна. Улс эх орны ирээдүй болсон хүүхэд, залуучуудад монгол хүн гэж ямар хүнийг хэлэх, эртний үүх түүхийг түлхүү хүргэж байвал зүгээрсэн дээ. Юм олон талтай. Нэг талаас нь харахад олон нийтийн үндэснийхээ сувгаар хятад киног орой бүр хармааргүй л байх юм.

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр”-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу. Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *