Categories
мэдээ цаг-үе

Хажуу өрөө, нийтийн байр эрэлттэй байна

Амралт зугаалгын цаг хараахан дуусаагүй, хот ерөнхийдөө хөл хөдөлгөөн аядуу байгаа ч хөдөөнөөс хотыг зорьсон хүмүүсийн цуваа нэмэгдэж байна. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулж хотод суралцахаар ирж байгаа оюутан, сурагч, ажил хайж яваа хүмүүс эдгээр өдрүүдэд зарын сонин, сайтаас байрны элдэв зар уншиж байр савтай болчих санаатай бие биетэйгээ уралддаг. Есдүгээр сар гэхэд ерөнхийдөө төвд ойрхон, боломжийн үнэтэй байрууд бүгд эзэнтэй болчихдог учир ийнхүү аль болох эртнээс байр сурагладаг болоод удаж байгаа.

Оюутнуудын хувьд сургалтын төлбөрөө бүтэн төлчихвөл оюутны дотуур байрандаа ороход элдэв асуудал байхгүй. Ялангуяа нэг, хоёрдугаар курсийн оюутнуудад оюутны байрны үүд хаалга илүүтэй нээлттэй. Их сургуулиуд уламжлал ёсоор есдүгээр сарын хоёр дахь долоо хоногоос оюутнуудаа дотуур байрандаа оруулах бол зарим хувийн дээд сургууль 20-ноос эхэлж оюутнуудаа дотуур байрандаа суулгах юм байна. Зарим оюутны хувьд сургуулийнхаа дотуур байранд суухаас илүүтэй найз нөхөд, ах эгч, нутаг усныхантайгаа нийлж байр хөлслөх нь бий. Ах, эгчтэйгээ нийтийн байраар амьдардаг нь ч байдаг. Тун болохгүй бол айлын хажуу, байрны доод давхар буюу подвальд ч амьдарцгаадаг.

Байраа түрээслүүлэгчдийн хувьд сар сард нь төлбөрөө авахаас илүүтэй аль болох бөөнөөр нь болвол жилээр нь авчих сонирхолтой юм байна. Нэг, хоёр, гурван өрөө байраа түрээслүүлэхээр сонинд зараа тавьсан хүмүүстэй холбогдоход “Хүмүүс их утасдаж байна. Төлбөрөө сар сард нь найдвартай өгье гэж гуйцгаах юм. Гэхдээ бөөнөөр нь авчихвал бидэнд ашигтай.

Зарим хүн нэг, хоёр сар амьдарч байгаад гараад явчихдаг гэсэн. Тэгэхээр аль болох найдвартай хүмүүст л байраа түрээслүүлэх сонирхолтой байна” гэцгээж байлаа.

300 мянгаар түрээслэх нэг өрөө байрны төлбөрөө 3-6 сараар төлбөл ямар нэг хямдрал үзүүлэхгүй, харин бүтэн жилээр нь төлбөл 250 мянган төгрөг болж хямдарна гэсэн зар их байлаа. Баянзүрх дүүрэг, Офицер хавьд буй нэг өрөө байрыг түрээслэхэд тавилгатай эсэх, байршил зэргээсээ хамаарч 400-450 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол 13 дугаар хороололд дунджаар 450 мянган төгрөгийн ханштай байна.

Харин хоёр өрөө байр түрээслэхэд Хөгжим бүжгийн ойролцоо 600 мянган төгрөг, III, IV хороололд 500 мянган төгрөг, Жуковт 500-550 мянган төгрөг, тансаг зэрэглэлийн хоёр өрөө байр 2-2.5 сая төгрөгийн ханштай байна. Дөрвөн өрөө байрны хувьд байршлаасаа хамаарч 850-1.6 сая төгрөгийн ханштай байгаа. Иргэдийн хувьд нэг өрөө байр түрээслэх хандлага илүү байгаа аж.

Айлууд хажуу өрөөгөө хүмүүст түрээсэлдэг. Түрээслүүлэгч айлуудын хувьд цэвэрч нямбай, ганц бие эмэгтэй эсвэл 1-2 эмэгтэй оюутанд хажуу өрөөгөө түрээслүүлэх сонирхолтой юм байна. Зарим нь нэгдүгээр курсийн оюутнуудад л хажуу өрөөгөө түрээслүүлнэ гэжээ. Цагдаагийн академийн ойролцоо хажуу өрөө 200 мянга, 1000 оюутны байранд 200 мянга, 16 дугаар хороонд 200 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол Бага тойруу хавьцаа 250 мянган төгрөг, нэгдүгээр хороололд 230 мянган төгрөгөөр айлын хажуу өрөөнд амьдрах боломжтой. Хажуу өрөөнд нь амьдрах хүн архи тамхи хэрэглэдэггүй, төлөв даруу, хүмүүжилтэй, эмэгтэй бол нэг их мөнгө нэхэхгүй 150 мянган төгрөгөөр л амьдарч болно, төлбөрөө сар сард нь өгнө гэвэл татгалзах зүйлгүй ч гэх хүн байлаа. Байршил, байр нь wifi-тай эсэхээсээ хамаарч хажуу өрөө 150-160, 220-300 мянган төгрөгийн үнэтэй байна. Бас хаусаа түрээслүүлэх ч айлууд байна. Тэд байшингаа аль болох урт хугацаагаар түрээслүүлэх бөгөөд сарын төлбөр нь 1.2-1.5 сая төгрөг гэж байлаа.

Хашаа байшин түрээсэлж амьдаръя гэвэл хотын төвдөө ойр байрлалтай бол 150-200 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин хотын захад, төвөөс зайдуу бол 1-2 өрөөтэй галладаг байшинг сарын 50-70 мянган төгрөгөөр түрээсэлж болох бөгөөд төлбөрийг нь 1-3, 3-5 сараар авна гэжээ.

Нийслэл хотын гэр хорооллын зам дагуух байрлалд нийтийн байрууд олноор бий болсон. 32-ын тойрог орчим, 100 айл, Долоон буудал руу явах замын хоёр талд нийтийн байр олон бий болжээ. 32-ын тойргийн орчим байх нийтийн байруудаар ороход бүр төвхнөөд олон жил болчихсон айлууд их байна. Хэд хоногоос оюутнууд ирэхээр угаасаа өрөөнүүд дуусчихдаг гэж түрээслэгчид нь хэлж “Жил ирэх бүр бид байраа сайжруулж, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг нь бүрдүүлдэг. Сантехникийн асуудлыг нь чадах чинээгээр шийдэхийг хичээдэг. Хэрвээ тохижилтыг нь сайжруулаад төлбөрөө нэмбэл хүмүүс орохгүй байх” гэдгээ ч тэд нуусангүй. Нийтийн байр түрээслүүлдэг Я.Баяраа “Нийтийн байр гэдэг чинь нийтийнх. Хэт нийтийнх гэж туйлширч байрныхаа эд хогшилд хайнга хандаж, бусад түрээслэгчдийнхээ ая тухыг алдагдуулдаг тохиолдол их гарна. Тэр бүрт нь бид сануулга өгч болохгүй бол байрнаасаа гаргадаг. Коридороо камержуулж, үйлчлэгч, харуултай болсон болохоор оршин суугчдаас гомдол гардаггүй” гэлээ.

Нийтийн байрууд голдуу хоёр давхар байх агаад дээд давхар нь бүхэлдээ нийтийн байр, доод тал нь дэлгүүр, дугуй засвар, авто засварын газар ажилладаг юм байна. Зарим нийтийн байр дотроо нэгдсэн жорлонтой ч тэр нь бөглөрөх асуудал байнга гардаг учир гаднаа жорлонтой. Оршин суугчид ундны усаа ойролцоох худгаас авдаг аж. Энэ хавьд нийтийн байр 150-160 мянган, Дэнжийн 1000-д 100 мянга, Чулуун-Овоо, Дамбадаржаад 150-180, 200 мянган төгрөгийн үнэтэй байна. Шар хаданд буудалдаа ойр нийтийн байрны сарын төлбөр нь 120 мянга. III, IV хороололд нийтийн байр 200 мянга, Дарь-Эхэд 70-90 мянган төгрөгийн үнэтэй байна. Тог цахилгааны мөнгөө өөрөө төлнө гэвэл гэр хороолол дахь нийтийн байрууд сарын 70-90 мянган төгрөгийн ханштай байна.

Хүмүүс бэл бэнчинтэй, боломжтой байсан бол шинэ байр худалдаж аваад л амьдрах байсан. Харамсалтай нь тийм боломж бүгдэд нь үгүй учир тэдний хэрэгцээ, эрэлтийг дагаж ийнхүү байр сав түрээслэх олон төрлийн бизнес дэлгэрчихээд байгаа юм. Иргэдийн худалдан авах чадвар буурсан учир шинэ байрны борлуулалт муу байгаатай холбогдуулж баригдаад 2-3 жил болсон байруудыг түрээслэх бизнес ч байна. Мэдээж шинэвтэр байр учир байршил, өрөөний тооноосоо хамаарч 350-500 мянган төгрөгийн ханштай. Гэхдээ баруун аймгууд, холын оюутнуудыг дөрвөн жилийн турш байр хайж зутраахгүй гэж мал хуйтай эцэг эхчүүд нь байр авч өгөөд түүндээ ахан дүүсээрээ, нутаг усныхаа найз нөхөдтэй бүлсэрч амьдраг гэж шийддэг хүмүүс ч бий. Уг нь наймдугаар сарын дунд үеэс орон сууцны үнэ эрэлтээ дагаад нэмэгддэг байсан бол энэ сард индекс нь буурсан үзүүлэлт гарчээ.

Толгой хоргодох байр хайж байгаа хүмүүсийн хувьд бас нэг сонголт байдаг нь подваль хөлсөлж амьдрах. Хотын төвийн орон сууцнуудын подвалийг хүн амьдрахад зориулж засч янзалсан бөгөөд сарын түрээс нь 130-200 мянга, 250 мянга, 130-140 мянган төгрөг гээд өөр өөр үнэтэй байна. Сансар, Баянцээлийн орчим дахь орон сууцны подвалиудыг хүн амьдрах зориулалтаар тохижуулж, халуун, хүйтэн усыг нь шийдэж, душ хийжээ. Ийм подвалийг 130-200 мянган төгрөгөөр түрээслэх боломжтой. Нэг өрөөнд 5-6 хүн амьдрах боломжтой аж.

Гэрэл зургуудыг Г.БАЗАРРАГЧАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *