Categories
мэдээ нийгэм

Япон улстай үлэг гүрвэлийн судалгааны хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Өнөөдөр Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, Японы Окаяамагийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулах, гарын үсэг зурах ажиллагаа боллоо. Тус санамж бичигт ирэх дөрвөн жилд хамтран хэрэгжүүлэх “Монголын үлэг гүрвэлийн Олон улсын судалгааны төсөл” судалгаа шинжилгээ, сургалт танин мэдэхүйн хамтын ажиллагааны хүрээнд гарын үсэг зуржээ.

Япон улсын Окаяама хотын шинжлэх ухааны байгууллагатай Монголын ШУА-ийн Палеонтологийн төв, геологийн хүрээлэн 1992 оноос хойш хамтран “Монгол говийн экосистем” сэдэвт судалгааг хийж ирсэн байна. Энэ хугацаанд Монгол, Японы эрдэмтэд Монголын говиос үлэг гүрвэлийн олон сонирхолтой олдворыг нээн илрүүлж, дэлхийн палеонтологийн шинжлэх ухаанд томоохон хувь нэмэр оруулсан аж. Түүнчлэн жил бүр Монголоос дөрвөн залуу судлаач, оюутныг Японд сургахаар болсон байна. Мөн палеонтологи болон үлэг гүрвэлийн судалгааг сонирхож байгаа Япон оюутан, сурагчдыг нутагтаа урьж хээрийн дадлага хийлгэхээр төлөвлөжээ.

ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар “Энэ удаагийн экспедиц зөвхөн үлэг гүрвэлийн судалгаанаас гадна орчин, мөн үлэг гүрвэлээр дамжуулаад Монголын говийн эртний экосистемийг сэргээн тогтоох судалгаанууд хийгдсэн байгаагаараа өмнөх жилүүдээс онцлог байгаа юм.

Монголын говиос олдсон дэлхийд гайхагдах олдворууд бий. Жишээлбэл, өмнө нь олдож байгаагүй бөөнөөрөө хадгалагдсан 15 үлэг гүрвэлийн зулзаганы яс олдсон. Мөн зургаан шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэлийг олж нээсэн. Хамгийн гайхалтай нь Монголд анх удаа үлэг гүрвэлийн мөрний судалгааг энэ экспедицийн явцад бий болгосон юм. Бусад оронд үлэг гүрвэлийн зөвхөн мөр нь олддог бол манайд нэг давхаргаас чулуужсан яс нь мөртэйгөө цуг олддогоороо онцгой” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *