“Өдрийн сонин”-ы 2017.08.14-ний даваа гаригийн №172 (5739) дугаараас авч нийтлэв.
Монголчууд анхны даншиг наадмаа 1639 онд Өндөр гэгээн Занабазарт зориулан зохиож байжээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байсан даншиг наадмыг 1911 онд болиулсан түүхтэй. Харин гурван жилийн өмнө “Хүрээ цам-Даншиг наадам”-ыг сэргээн зохион байгуулсан. Тухайн жил анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулан даншиг наадмыг сэргээсэн гэдгийг зохион байгуулагчид хэлж байв. Басхүү аравдугаар Богдыг тодруулах ажлын урьтал болгож буй гэх яриа ч чих дэлсэж байсан. Тэрхүү наадамд 600 гаруй лам оролцон сүсэгтэн олонд зориулан ном хурахын зэрэгцээ өндөр гэгээн Занабазарын бүтээсэн соёмбот туг залах ёслол, мандал өргөх, Очирваанийн шүтээний тахилга, цам харайх гэхчилэн шашин номын цэнгүүн, лам нарын дундах тэмцээн болж байлаа. Мэдээж хэрэг наадам учраас хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур харваа болсон. Энэхүү шашин, соёлын арга хэмжээг баяр гэхээсээ илүүтэй түүх, ёс заншил, соёл уламжлалаа дэлгэн харуулах боломж хэмээн онцолж байв. 100 жилийн өмнөөс тасраад байсан наадмыг сэргээх болсны цаад зорилгыг гадаадын жуулчдыг татах, Монгол Улсаа дэлхийд сурталчлах боломж гэж тайлбарладаг. Тэгвэл гурван жил болоход даншиг наадам ямархуу нэр хүндтэй, зохион байгуулалттай болж байна вэ. Энэ жил даншиг наадам болсныг Гандангийн хэдэн ламаас өөр хүн мэдсэн юм болов уу. Лавтай манай ойр тойрныхон тийм наадам болж байгаа тухай дуулаа ч үгүй байна лээ. Таарсан хүн бүрээсээ даншиг наадмыг очиж үзсэн үү гэж асуухад “Хаана болсон юм бэ. Мэдсэн бол очиж хуушуур иддэг байж” гэсэн дэг. Нэг ёсондоо ямар ч сурталчилгаа байсангүй. Улсын төсвөөс өчнөөн зуун сая төгрөг гаргаад зохион байгуулж байж олигтойхон сурталчлаад иргэдэд хүргэж болдоггүй юм уу. Наадам болохын өмнөх өдөр хэдэн сонин, сайт өөрсдийн санаачилгаар хөтөлбөрийг нь мэдээлсэн байх. Түүнээс өөр сурталчилгаа, менежмент байсангүй. Уг нь бол даншиг наадам зохион байгуулна гэдэг дэлхийд байхгүй санаа. Дэлхийн буддистуудын жилдээ ганц цуглардаг томоохон наадам болгох боломж. Өнөөдөр дэлхийн хүн амын тавны нэг хувь нь буддын шашинтан гэх судалгаа бий. Өөрөөр хэлбэл тэрбум гаруй хүн бурхны шашинд итгэж, хүндэтгэлтэй ханддаг. Тэдний тал хувийг биш юмаа гэхэд дөрөвний нэгийг цуглуулсан нүсэр том наадам зохион байгуулж яагаад болохгүй гэж. Энэ бол дэлхийд өөр хаана ч байхгүй том боломж, санаа шүү дээ. Хагас жилийн өмнөөс ийм наадам болно гэдгийг гадны хэвлэл мэдээллийн байгууллагаар сурталчилж жинхэнэ тэсрэлт хийх хэрэгтэй. Жил бүрийн нэгдүгээр сард дээрхийн гэгээнтэн Далай лам ном айлдаж, сан тавьдаг. Энэтхэгийн аль нэг хотод болдог энэхүү номонд суухаар дэлхийн өнцөг булан бүрээс сүсэгтнүүд зорин очиж байна. Монголчууд ч гэсэн тэр үед хэдэн зуугаараа Энэтхэг явдаг. Өнгөрсөн жил гэхэд 200 гаруй хүний суудалтай онгоцны тусгай нислэг хүртэл гарч байсан шүү дээ. Үүн шиг дэлхийг хамарсан сайхан баяр зохион байгуулмаар байна. Үзсэн хүн бүрийн сэтгэл догдолж очихыг хүсдэг тийм гоё сурталчилгаа хийгээд дэлхийгээр цацаад үз. Хагас тэрбум хүнд сурталчилгаагаа хүргэчих юм бол ядаж 50 сая жуулчин хүрээд л ирнэ. Тэдэнд зориулаад өв соёл, зан заншлаа гайхуулах хэрэгтэй. Ингэж даншиг наадмаа хийсэн шиг хиймээр байна. Түүнээс биш өнөө жилийнх шиг тав аравхан хүн суулгачихаад бөх барилдуулах хэрэггүй. Иймэрхүү наадмыг гадаадын жуулчид битгий хэл дотоодын үзэгчид ч тоохгүй. Угаасаа юуг нь ч үзэх вэ дээ. Сар хүрэхгүй хугацааны өмнө улсынхаа их баяр наадмыг үзээд сэтгэл нь цадсан хүмүүст илүү гарах зүйлгүй даншиг онц санагдахгүй нь ойлгомжтой. Үнэхээр тийм байна гэдгийг өнөө жилийн даншиг хангалттай харуулах шиг боллоо. Зурагтаар гарсныг анзаарах нь ээ Төв цэнгэлдэх хүрээлэн хоосон шахуу л байсан даг. Хэдхэн хүн суусан нь бодвол зохион байгуулагчид байсан биз. Ингэж хоёрын хооронд зохион байгуулсан нэртэй төсвийн хөрөнгийг үрэн таран хийх хэрэггүй юм. Аливаа ажлыг олигтой зохион байгуулж чаддаггүй манайхны алдаа нь гэнэтийн шийдвэр гаргадагтай холбоотой. Бараг л шөнө нь зүүдэлж хоноод өглөө нь шийдэх юм. Төрийн ажил лав иймэрхүү маягаар явдаг. Шашных ч бас ялгаагүй байдгийг даншгаас харлаа. Залгамж холбоо гэж зүйл төрд ч, шашинд ч байдаггүй юм байна. Урд намын ажлыг хойдох нь хийдэггүй гэх муухай хийрхлээс болж даншиг наадмын нэр хүнд, зохион байгуулалт, менежмент ерөнхийдөө унах тийшээ хазайчихлаа даа. Зохион байгуулж буй хүмүүс өөрсдөө менежментээ хийж чадахгүй байгаа бол улсын наадмын комисстой хамтарч болно. Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх рүү үнэгүй нийтийн тээврийн үйлчилгээ гаргаад, хуушуурын зөвшөөрөл олгоод, аж ахуйн нэгжүүдийг урьж оролцуулаад хийсэн шиг хийх хэрэгтэй. Ер нь бол улсын наадмаас илүү зохион байгуулалттай, илүү сонирхолтой байж гэмээнэ олны анхаарлыг татна. Тэгж чадахгүй бол утгаа алдаад байна шүү. Дээрээс нь ганцхан Гандантэгчинлэн хийд голлох биш Монголын сүм, хийдүүд тэр чигтээ хөдлөх хэрэгтэй. Нэгдэж, нийлж байж илүү үр дүнд хүргэнэ. Тэгэхгүй хөндлөнгөөс хараад суугаад байвал хэнд ч хэрэггүй болж хувирах нь ээ.
Энэ наадмын бас нэг хэрэггүй зүйл нь бөхийн цол. Энэ жил улсын арслан Р.Пүрэвдагва даншгийн даян аварга цолонд хүрсэн л гэнэ. Гэвч тэр нь ямар утгатай цол юм бүү мэд. Ямар ч байсан үндэсний бөхийн эрэмбийг жагсаахад түй ч нэмэр болохгүй. Хэний ч танихгүй, огт цолгүй хүн даншгийн аварга боллоо гэхэд сумын начны дээр эрэмбэлэгдэж чадахгүй. Нэг ёсондоо үндэсний бөх тэрхүү цолыг хүлээн зөвшөөрдөггүй гэсэн үг. Ингэж хүлээн зөвшөөрөгдөхгүй дэмий хоосон цолоор яах юм бэ. Нэг их аварга, арслан цол өгч байгаа мэтээр маяглах хэрэггүй. Үнэхээр цол өгмөөр байгаа юм бол бөхийн холбоотой ярилцаж байгаад хооронд нь уялдуулчих. Даншгийн наадамд түрүүлсэн бол чимэг нэмдэг байж болно. Түүнээс биш хаана ч хэрэг болохгүй худлаа цол өгөөд яах ч юм билээ. Ямар бөхчүүд цол авахын дон туссан биш. Тэгээд ч бөхчүүд цол өгөхгүй бол барилдахгүй гээгүй биз дээ. Ингэж илүү дутуу зангаар даншиг наадмынхаа нэр хүндийг унагаад байвал хүүхдийн тоглоом болоод дуусах шинжтэй шүү. Дээрээс нь даншиг наадмын үеэр лам нар хоорондоо ямар эв түнжингүй байдаг нь ил боллоо. Нэг лам нөгөөгөө зодсон л гэнэ, цус нөжийг нь гаргасан л гэнэ. Нэг нь өчнөөн жил зодуулсан ч шашны нэр хүндээ бодоод тэвчдэг байснаа ярьж уйлаад зогсож байх жишээтэй. Нас биед хүрсэн хүмүүс байж яахаараа хүүхдүүд шиг бие биенээ самардаад байдаг юм бэ дээ. Ядаж л лам хүмүүс чинь энэрэнгүй нинжин сэтгэлтэй, зөөлөн ариун явдалтай байдаггүй юм уу. Бид тэгж л төсөөлж шүтдэг юм шүү дээ. Гэтэл юун ч айхтар харгис зодолддог юм. Ил гарсан нь л тэрхүү зодоон болохоос хөшигний цаана юу болж байдгийг мэдэхгүй. Ингэж лам нар өөрсдөө даншиг наадмынхаа нэрийг сэвтүүлээд байвал хэн сайхнаар хүлээж авах вэ дээ. Хоорондоо учраа олж чадахгүй энэ янзаар явбал гадны жуулчдыг татах бүү хэл дотоодын үзэгчдийнхээ элэг доог болох нь байна шүү.