Categories
мэдээ цаг-үе

Ж.Дэлгэрсайхан: Ойрын үед өсөж буй валютын ханш эерэг шийдвэр гаргахад саад болох талтай

Санхүү эдийн засгийн их сургуулийн багш Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Намар эдийн засагт ямар өөрчлөлтүүд гарах бол. Улирлын шинж чанартай эрэлт нэмэгдэхээс өөр ямар давуу талууд байна вэ?

-Эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй сайжирсантай холбоотой эрэлтийн нөлөөлөл өмнөх оны нөхцөл байдлаас илүү эерэг байх боломжтой гэж үзэж байна. Өмнөх оны гуравдугаар улирлын хувьд ДНБ-ы өсөлт -1.6 хувь гарч бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтгүй хэдэн сар дефляцийн байдалтай байсан. Энэ нь тухайн оны эдийн засгийн нөхцөл байдал маш дордсон байсныг илэрхийлж байгаа бөгөөд 2017 оны хувьд дээрх нөхцөл байдал давтагдахгүй байх боломжтой. Өөрөөр хэлбэл, энэ оны хоёр болон гуравдугаар улиралд эдийн засаг эерэг өсөлттэй байх бөгөөд инфляци ч гэсэн одоогийн түвшингээс бага зэрэг өсөлттэй байх болов уу. Өмнөх жилийн гуравдугаар улирлын эдийн засгийн өсөлтөд уул уурхайн салбарын дараа орох томоохон эерэг нөлөөллийг бий болгож байсан ХАА-н салбар, ялангуяа газар тариалангийн салбарын нөхцөл байдал эргэлзээтэй байгаа нь инфляци болон эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх магадгүй юм. Эдийн засгийн хувьд гол давуу тал нь өнөөг хүртэл өндөр байгаа уул уурхайн гол бүтээгдэхүүний үнийн өсөлт, алт тушаалтын байдал байх нь тодорхой. Мөн засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлууд хэрхэн хэрэгжихээс ихээхэн зүйл шалтгаална. Энэ хүрээнд засгийн газар эдийн засгийн бараг бүх л чиглэлийг хамарсан олон хөтөлбөрүүдийг тусгасан байгаа.

-Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд ямар арга хэмжээнүүд авагдах бол?

-Валютын сангийн хүрээнд хийгдэх гол ажлууд нь институцийн хөгжлийн асуудал, төсөв, мөнгөний бодлого, санхүүгийн зах зээл рүү чиглэсэн байхаар тусгагдсан. Саяхан Монгол Улсад ажилласан ОУВС-гийн төлөөлөл биднийг эхний үе шатны хэрэгжилтийг амжилттай хангасан гэж үзсэн тул цаашдын ажил, дараагийн санхүүжилтийн асуудлууд хөндөгдөх байх. Мөн нэг гол ажил нь хөтөлбөрийн хүрээнд тусгагдсан банк, санхүүгийн зах зээлийг чанаржуулах ажлын хүрээнд хийгдэх ажлууд өрнөнө гэж харж байгаа. Энэ хүрээн эрх зүйн орчныг сайжруулах, банкуудын активын чанарыг үнэлэх зэрэг ажлууд хийгдэх хүлээлттэй байна.

-Валютын сангийн хашаа, мал барьцаалахыг хориглох сануулга амьдрал дээр биеллээ олбол эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ. Хамгийн түрүүнд банкуудын мал барьцаалсан зээл чанаргүй ангилалд шилжиж, банк санхүүгийн салбар хэцүүднэ гээд байгаа. Таны хувьд валютын сангийн хөтөлбөртэй холбоотой үүсч болох ямар эрсдлүүд харагдаж байна?

-Хэрвээ энэ асуудал хэрэгжиж эхэлбэл Монгол Улсын банкны салбарт сөрөг байдлаар нөлөөлөх нь тодорхой. Хүн амын дунд томоохон хувь эзэлдэг малчин өрхүүдэд малаас өөр барьцаа хөрөнгийн асуудал хүндрэлтэй болно. Мөн бага орлоготой өрхүүдийн хувьд хашаа байшин нь гол үндсэн хөрөнгө болдог. Түүнчлэн банкуудын томоохон харилцагчдын асуудал хөндөгдөж лицензийг барьцаанд авахгүй гэдэг асуудал тавигдвал сөрөг нөлөөлөл улам нэмэгдэх хандлагатай юм. Үүнийг Монголбанк, Засгийн газрын зүгээс аль болох санхүүгийн салбарт нөлөөлөхгүй байдлаар зохицуулахыг хичээх нь зүйтэй. Жишээлбэл, манай улсын болон малчин иргэдийн маань хувьд мал гэдэг нь хэдэн мянган жил тогтвортой хөрөнгө байсаар ирсэн цаашид ч байх болно гэдэг нь тодорхой тул энэ асуудлыг бидний онцлогт нийцүүлэн авч үзэх боломжтой гэж би хувьдаа үзэж байна. Дээрх барьцааны асуудал болон банкны салбарын активыг ОУ-н өндөр хөгжилтэй оронд мөрдөж буй стандартын дагуу үнэлэх нь банкны салбарын нөхцөл байдлыг хэт доогуур харагдуулах эрсдэлтэй байж болох юм. Ер нь миний харж байгаагаар өнөөгийн Монгол улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй хэт өндөр стандартыг барих нь сайн зүйл биш юм.

-Валютын сангийн хөтөлбөр хэрэгжиж байгаагийн давуу талууд ирэх намар яаж илрэх вэ?

-Тухайн хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөөллийг хэрэгжиж эхэлсэн цагаасаа эхлэн бий болгосон гэдгийг дурдах хэрэгтэй. Үүний үр дүнд бид тулгамдсан өрийн дарамтыг давж, зээлжих зэрэглэл бууралгүй үлдсэн, гадаад өрийн дарамтыг цаашид ч шийдвэрлэх боломжоо хадгалж үлдсэн гэдгээ санах хэрэгтэй. Намрын хувьд хөтөлбөрийн хүрээнд төсвийн шинэчлэл болон дээр дурдсан санхүүгийн зах зээлийн хүрээний асуудал нь гол эерэг нөлөө байх болно. Ялангуяа эрүүл зөв төсөв хийх зоригтой алхамыг хийх нь цаашдын нийгэм эдийн засгийн хөгжилд чухал юм. Эдийн засгийн хүрээнд бол санхүүжилтын дараагийн шатны асуудлууд үргэлжлээд явах байх.

-Есөөс арваннэгдүгээр сарын хугацаанд ам.долларын ханш яаж хэлбэлзэх бол, өсөх эрсдэл ажиглагдаж байна уу?

-Миний хувьд ойрын хугацаанд гарч буй валютын ханшийн өөрчлөлтийг суурь хүчин зүйлээс шалтгаалсан өөрчлөлт гэж үзэхгүй байгаа. Энэ нь улс төрийн орчинд гарсан өөрчлөлт, ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний нэр дэвшигч ялсан болон сонгуулийн өмнө сөрөг хүчин болон эрх баригч намын зүгээс гаргасан болчимгүй амлалт шийдвэрүүд зэргээс шалтгаалж гадаад дотоод нөхцөл байдал түүнд хандах хандлага хүлээллтэй холбоотой болов уу. Эдийн засгийн нөхцөл байдлаа бүхэлд нь харвал таны асуугаад байгаа саруудад гадаад валютын ханш хэт ихээр өсөх эрсдэл байхгүй гэж би хувьд үзэж байгаа. Учир нь эдийн засгийн үзүүлэлтүүд бага зэрэг сэргэж нааштай зүйлүүд харагдаж байгаа боловч эдийн засаг бүрэн сэргэж идэвхжих болоогүй байна. Үүний дээр энэ эерэг үр дүн эдийн засаг, нийгмийг бүрэн хамрах болоогүй ерөнхийдөө сул хэвээр байсаар байна. Үүнтэй холбоотой нийт массын худалдан авах чадвар тэгтлээ сэргэж чадаагүй байгаа болов уу.

-Сургууль, цэцэрлэг орж эрэлт огцом нэмэгдэхээр инфляцид хэр нөлөөлөх вэ. Ер нь инфляци өсөх ямар эрсдлүүд анзаарагдаж байна?

-Өмнөх оны намар бид хэдэн сар дарааллан үнийн өсөлт биш уналттай явсан гэж дээр хэлсэн. 8-9 сар бол эрэлт таны асуусан шалтгаанаар тодорхой чиглэлд нэмэгддэг нь үнэн. Гэхдээ энэ нь юмны үнэ бүгд өснө гэсэн үг биш. Өнөө жилийн хувьд эдгээр саруудад инфляцитай байх боловч хэт өсөхгүй байх. Инфляцийг ихээр нэмэгдүүлэх гол эрсдэл нь эдийн засгийн идэвхжил, бодлогогүй мөнгөний нийлүүлэлт, хөтөлбөрүүд л байдаг гэж би хувьдаа үздэг.

-Таван толгой тэргүүтэй том төслүүд хөдлөх шинж ажиглагдаж байна уу?

-Засгийн газрын зүгээс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах зорилготой хийсэн төсвийн тодотголын үеэр Сангийн сайд томоохон төслүүдийг энэ онд багтаан хөдөлгөх боломжгүй гэж мэдэгдэж байсан санагдаж байна. Засгийн газрын зүгээс энэ чиглэлд энэ онд томоохон арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байх гэж бодож байна. Гэхдээ Таван толгойн хувьд үнэ болон менежментийн хувьд энэ засгийн газар тодорхой дэвшил бий болгож чадсан гэж боддог. Томоохон төслүүдийн хувьд миний хувьд хурдан хөдөлгөх нь зүйтэй гэж үздэг. Хүлээх шаардлага байхгүй.

-Засгийн газрын эдийн засгийн чиглэлээр явуулж буй бодлогын талаар таны байр суурийг сонсъё. Өнгөрсөн хугацаанд эдийн засагт эерэг болон сөрөг ямар шийдвэрүүд гаргав?

-Засгийн газрын хувьд 2016 оны наймдугаар сарын төсвийн тодотголоос эхлээд харьцангуй зөв эхэлсэн бөгөөд боломжийн түвшинд ажиллаж байна гэж би хувьдаа үздэг. Тэдний хувьд харьцангуй хүнд нөхцөл байдалд ажлаа эхлүүлсэн. Тэр үед татварын өөрчлөлт, төсвийг нэгтгэх, хавтгайрсан нийгмийн халамжийг хязгаарлах зэрэг асуудлыг оруулж ирсэн нь шинэлэг бөгөөд зөв зүйл байсан. Энэ хугацаанд тэдний хийсэн гол эерэг ажлууд нь төсвийг нэгтгэсэн, төсвийн алдагдлыг хязгаарлаж чадсан явдал юм. Мөн уул уурхайн чиглэлээр дээр дурдсан өмнөхөөс сайжруулсан зүйлийг хийсэн гэж үздэг. Гол нь ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж гадаад, дотоод нөхцөл байдлыг тогтворжуулж чадсан нь хамгийн том эерэг нөлөөллийг бий болгосон гэж үздэг. Энэ ажлын хувьд Засгийн газрын хүчин чармайлтыг үнэлэх хэрэгтэй. Мэдээж энэ нь Засгийн газар 100 хувь сайн ажиллаж байна гэсэн үг биш. Сайны хажуугаар саар бас байна. Үүнд дээр та бидний ярьсан томоохон төслүүдийн хувьд удаашралтай хандаж байгаа явдал нь уул уурхайн таатай нөхцөл байдал үргэлжилж байгаа энэ үед биднийг томоохон алдагдалж оруулж байна. Мөн эдийн засгийн бодлогын хүрээнд 2016 оны 11 сард УИХ-аар батлуулсан хөтөлбөрт тусгагдсан ажлуудаа хийх, эдийн засгийн суурийг бэхжүүлэх асуудалд хугацаа алдаж байна гэж харж байна. Засгийн газрын зүгээс энэ асуудалд судалгаа шинжилгээтэй, сайн төслүүдийг бэлтгэх шаардлагатай гэж үзэж байгаа нь зөв боловч аль болох хурдан хийх нь бидний хувьд чухал юм. Одоо гол хийх ажил бол эдийн засгийг төрөлжүүлэх, суурийг бэхжүүлэх ажил юм.

-Монголбанк бодлогын хүү дээр ямар шийдвэр гаргах ёстой гэж та харж байна вэ?

-Монголбанкны хувьд саяхан бодлогын хүүг хоёр хувь бууруулсан шийдвэр гаргасан. Энэ удаагийн мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэр нь миний таамаглаж байгаагаар хүүг хэвээр хадгалах байх болов уу. Учир нь хавар эдийн засгийн нөхцөл байдал 2016 оны байдлаас маш ихээр эерэг өөрчлөгдсөн байдалтай байсан бол одоо цаашид харгалзан үзэх эргэлзээтэй нөхцөл байдлууд байсаар байна гэж би хувьдаа үзэж байна. Мөн дээр нь ойрын үед өсөж буй валютын ханш эерэг шийдвэр гаргахад саад болох талтай.

-Чанаргүй зээлийн төлөв ямар байгаа бол?

-Сүүлийн статистик мэдээнээс харахад чанаргүй зээл өмнөх оны мөн үеэс бага зэрэг өссөн боловч 2015 оны сүүл 2016 оны дунд үетэй харьцуулахад өсөлт саарсан байдалтай байна. Цаашид эдийн засгийн нөхцөл байдал эргээд муудахгүй л бол чанаргүй зээлийн өсөлт нэмэгдэхгүй байх боломжтой. Харин ОУВС-гийн хүрээнд хэрэгжиж буй банкуудын активын чанарыг үнэлэх, барьцаа хөрөнгийн асуудалд өөрчлөлт орвол чанаргүй ангилалд одоо хэвийн байгаа зээлүүд орж болох юм. Жишээлбэл, малыг барьцаа гэж үзэхгүй бол өмнө мал барьцаалж олгосон зээл шууд ангилал буурах боломжтой юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *