Энэ зун хур бороо ороогүйн улмаас газрын чийг багасаж, нийт нутгаар гандуу, хуурайшилт ихтэй байгаа билээ. Өнгөрсөн долдугаар сарын сүүлээр зарим нутгаар бороо орсон ч хөрсөнд чийг өгөх хэмжээнд хүрээгүй байна. Харин наймдугаар сарын эхээр төв болон, баруун аймгуудын нутгаар хүчтэй аадар бороо орж, өвс, ургамал бага зэрэг өнгө зассан. Гэвч одоогийн байдлаар нийт нутгаар гантай байна. Хуурайшилт, хэт халалтаас болж манай нутгийн хойд хэсгээр гарсан ой хээрийн түймэр одоог хүртэл бүрэн унтраагүй байгааг Онцгой байдлын газраас мэдээлсээр буй. Ган гачгаас болж манай улс ирэх намар ургац хураалтынхаа 40 гаруй хувийг алдах нөхцөл байдал үүсээд байгаа хэмээн салбар яамнаас мэдээлж байсан. Мөн нийт нутгаар өвс, ногооны гарц муу байгаагаас болж, бог, бод мал төдийлөн тарга тэвээрэг авч чадаагүй байна. Үүнээс болж малчид ирэх өвлийн зуднаас болгоомжилж, хэдэн малаа борлуулж эхэлсэн. Энэ мэт цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалсан олон асуудал шил дараалан үүссээр байна. Иймд энэ сард нийт нутгаар цаг агаар ямар байх талаар тодрууллаа.
Энэ сард баруун аймгуудын нутгаар агаарын температур 15-21 хэмийн дулаан байх ба сарын сүүлээр хур бороотой гэнэ.Тухайлбал Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Баян-Өлгий зэрэг баруун аймгуудын нутгаар энэ сарын 20-ноос эхэлж сэрүүсэх төлөвтэй байна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас -2 хэм хүйтэн, хөрсөн дээр -1-6 хэм хүрч цочир хүйтэрнэ.
Харин энэ сарын 15-наас нутгийн зүүн хэсгээр буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнодын тал нутгаар,сарын сүүлчээр ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орж, уулархаг нутгаар хур тунадас орох төлөвтэй байна.
Төвийн бүс нутгаар энэ сарын агаарын температурын дундаж нь Хөвсгөл, Архангайн нутаг, Булганы зүүн, Өвөрхангайн баруун хойд хэсгээр 11-15 хэм, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Өвөрхангайн ихэнх, Булганы баруун, Хөвсгөлийн өмнөд хэсгээр 16-21 хэм дулаан буюу Хөвсгөл, Булганы хойд, Сэлэнгийн баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас харицангуй дулаан байх нь ээ. Энэ сарын 15-наас Орхон-Сэлэнгийн сав нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм хүрч халах аж. Дээрх нутгаар энэ сарын сүүлчээр дуу цахилгаантай бороо орох ба борооны өмнө салхи түр зуур ширүүсч түр зуур 16-18 м/с хүрэх төлөв гарчээ.
Э.МӨНХ