МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр АТГ-т мэдүүлэг өгчээ. Тэрбээр мөн “МАН-ын гишүүн, иргэн А.Ганбаатарыг нэр төрд халдсан гэж шүүхэд хандаж байгаа”-гаа мэдэгдлээ.
Д.Амарбаясгалан сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа “МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас Ц.Сандуйг огцруулах шаардлагатай, шаардлагагүй гэсэн шийдвэр гаргаагүй. Хариуцлага тооцож, асуудлыг шийдвэрлэх нь зөв” гэж үзсэн хэмээн тайлбарлав.
Тэрбээр мөн ИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулахаар гарын үсэг зурсан төлөөлөгчдийн нэг юм. “Ц.Сандуйг огцрох ёстой гэж үзэж байгаа. Иргэний хувиар шүүх, хууль хяналтын байгууллагаар явж, нэр төрөө сэргээх ёстой гэж үзэж огцруулах бичигт гарын үсэг зурсан” гэлээ.
МАН-ын их,бага хурал дээр асуудлаа ярина гэв. МАН-ын 220 мянган гишүүн хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж намаа ялалтанд хүргэхээр ажилласан. Нэр бүхий гишүүдийг намын эсрэг ажилласан гэж буруутгах ёс зүй байхгүй. Зарим нэг хүнтэй үзэл бодол, эрх ашиг таарахгүй юм байсан. Жирийн гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллана. Засгийн газрыг огцруулах эсэхийг намын Удирдах зөвлөл, их бага хурлаар ярих ёстой гэлээ.
Төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр арилжихыг завдсан хэрэгт буруутгагдсан МАН-ын гишүүн А.Ганбаатар өчигдөр хэвлэлийн хурал зарласан билээ. Тэрбээр 60 тэрбумын схемыг ярилцсан хэмээн хардагдаад буй намын стратеги боловсруулах уулзалтад Нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуй, Шадар сайд М.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Г.Доржзодов болон миний бие байсан хэмээн мэдэгдсэн юм.