Дэлхийн яруу найргийн өдрүүдийг манай улс анх удаа зохион байгуулж байна. Энэ сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлэх уг арга хэмжээнд дэлхийн 40 орчим орны 200 гаруй нэрт яруу найрагч, зохиолч, нийтлэлч, орчуулагч, урлаг соёлын зүтгэлтнүүд оролцож байгаа юм.
Дэлхийн яруу найргийн өдрүүдийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын ивээл дор зохион байгуулж буй “Данзанравжаа” олон улсын яруу найргийн наадам Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд эхэллээ. Энэхүү наадам нь цаашид Монголын байгалийн үзэсгэлэнт ба түүх соёлын дурсгалт газруудад жил бүр уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд дэлхийд нэртэй, сая сая уншигчтай зохиолчид Монголын талаарх төсөөллөө бодит болгож, Монголын түүх соёл, байгаль орчин, ан амьтан, ард иргэдийн тухай шүлэг зохиол бичиж, өөр өөрийн хэлээр нийтлэн, олон улсад сурталчлах өндөр ач холбогдолтой юм.
Монголын Зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн, МУСГЗ Ү.Хүрэлбаатар “Дэлхийн томоохон хотуудын жишиг нь өөрийн яруу найргийн наадам, фестивалиа жил бүр нэг нэртэй яруу найрагчийнхаа нэрэмжит болгон явуулдаг. Энэ жишгээр бид анхны наадмаа Монголын хосгүй, сод яруу найрагч, Данзанравжаагийн тэгш ой тохиож байгааг тохиолдуулан Данзанравжаагийн нэрэмжит болголоо.” гэсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд яруу найргийн наадмын нээлтийн үеэр “Бид Улаанбаатар хотоо олон улсад танигдсан, олон улсын соёлын төв болгох зорилт тавьж байна. Энэ хүрээнд хийгдэж байгаа томоохон арга хэмжээ нь Дэлхийн яруу найрагчдын их хурал болон өнөөдрийн яруу найргийн наадам юм. Энэхүү наадам үргэлжлээд Говийн ноён хутагтын нутагт болох учиртай. Цаашид 2 жил тутамд зохион байгуулж, дэлхийн яруу найрагчид Монголд чуулдаг арга хэмжээ болгох бодолтой байна. Бид дэлхийн яруу найрагчдад олгодог маш их нэр хүндтэй шагналыг бий болгосон. Энэхүү шагналаа өнөөдрийн наадмын төгсгөлд олгоно.” Хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.