Монгол Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн ээлжит хэлэлцүүлэг өнөөдөр (2017.08.17) Увс аймгийн Баруунтуруун сумын Соёлын төвд боллоо. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Насанбат, Баруунтуруун сум Засаг дарга С.Лхагвасүрэн болон зүүн бүсийн Баруунтуруун, Өндөрхангай, Зүүнхангай, Зүүнговь, Малчин, Хяргас, Тэс, Цагаанхайрхан, сумын 131 иргэн, олон нийт оролцов.
Хэлэлцүүлгийг нээж Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Насанбат, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг Увс аймагт бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийг Увс аймгийн Өмнөговь, Улаангом суманд хийсэн. Өнөөдөр Баруунтуруун суманд зүүн бүсийн сумдын төлөөллийг оролцуулан зохион байгуулж байна. Бид дараагийн шатны хэлэлцүүлгийг сум, багтаа хийж, иргэд, олон нийтийн саналыг авах болно. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн энэ төсөл нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой учир идэвхтэй сайн оролцож, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хүсье” гэлээ.
Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат, “Монголчууд бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэж ярьдаг. Монгол Улсын хөгжилд чөдөр, тушаа болж байгаа асуудалд дүн шинжилгээ хийгээд Үндсэн хуулийн цөөхөн хэдхэн асуудалд нэмэлт, өөрчлөлт оруулан төсөл боловсруулж, ард түмнийхээ санал бодол, дуу хоолойг сонсохоор энэхүү хэлэлцүүлгийг хийж байна. Иргэд та бүхний хэлсэн, ярьсан саналуудыг УИХ-ын гишүүнийхээ хувьд анхааралдаа авч, цааш нь дамжуулах болно” хэмээсэн.
Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд энэхүү төсөлд тусгагдсан “Монгол Улсын Их Хурал”, “Монгол Улсын Ерөнхийлөгч”, “Монгол Улсын Засгийн газар”, “Шүүх эрх мэдэл”, “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага” гэсэн сэдвээр танилцуулга хийж, хэлэлцүүлэгт оролцогч иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.
Иргэдийн зүгээс багийн Засаг даргыг шалгаруулах журам, сумын Засаг даргыг шууд томилох, мөн төслийн талаарх иргэдийн саналуудыг хаана, хэрхэн нэгтгэх, Улсын Их Хурлын хянан шалгах байгууллага байх шаардлагатай эсэхийг тодруулж байлаа.
Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд хариултдаа, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг үе үеийн парламентаар ярьж ирсэн. Тэдгээрийн боловсруулж байсан төслүүд болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан ард түмний зөвлөлдөх санал асуулгаар хэлэлцсэн асуудлыг нэгтгээд уг төслийг боловсруулсан. Энэхүү төслийг ард түмнээрээ хэлэлцүүлж иргэд, олон нийтээс гарсан саналуудыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд 09 дүгээр сарын 10-ны дотор нэгтгэнэ. Нэгтгэсэн саналуудыг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан Ажлын хэсэгт нэг бүрчлэн танилцуулсны дараа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг эцэслэн боловсруулна.
Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд баг, тосгон, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүрэг, хотын Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар томилно гэж тусгасан байгаа. Төсөл батлагдвал Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, эрх зүйн зохицуулалт хийх шаардлага гарна. Өөрөөр хэлбэл, төсөл батлагдвал холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт орж багийн Засаг даргыг томилох шалгуур тодорхой болно. Харин сумын Засаг даргыг шууд томилох асуудал хөндөгдөөгүй.
Түүнчлэн Улсын Их Хурал нийтийн ашиг сонирхол хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах түр хороо байгуулж болно. Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй болон УИХ-дахь нам, эвслийн бүлэг уг хороог байгуулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал дахь олонхи цөөнхийн бүлгийн тэгш төлөөлөлтэйгөөр УИХ-ын дарга түр хороо байгуулна гэж тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл, төрийн өндөр албан тушаалтны хээл хахууль, нийгмийн ашиг сонирхол хөндсөн ноцтой асуудлаар УИХ хяналт шалгалт хийнэ гэсэн хариултуудыг өглөө.
Асуулт, хариулт дууссаны хэлэлцүүлэгт оролцогчид төслийн талаарх санал бодлоо хуваалцав. Иргэдийн хувьд сумын Засаг даргыг ард нийтээр сонгодог болох, Улсын Их Хурлын гишүүдийг давхар дээлгүй болгох, Ерөнхийлөгчийн эрхийг хасах нь зүйтэй, Төрийн албаны зөвлөл, төрийн албан хаагчийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай гэсэн саналуудыг хэлсэн.
Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн олонхи Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж байв. Тухайлбал, Увс аймгийн Тэс сумын иргэн Л.Наваан “Засгийн газрын бүрэлдэхүүнээ тогтоох, гишүүдээ томилох, чөлөөлөх эрхийг Ерөнхий сайдад олгох болсныг дэмжиж байна. Ерөнхий сайдад эрх мэдлийг нь өгч, хариуцлагыг нь сайжруулах чухал” гэж байсан бол Увс аймгийн Тэс сумын иргэн С.Намчин “Багийн Засаг даргыг харьяалах дээд шатны удирдлагаас шууд томилохоор болсныг зөв алхам гэж бодож байна. Энэ бол нүдээ олсон, хөрсөн дээрээ буусан асуудал болжээ” гэж байлаа. Мөн Увс аймгийн Малчин сумын иргэн Б.Бумцэнд “Ерөнхий сайд танхимаа бүрдүүлээд хариуцлага алдвал танхимаараа огцрох асуудал төсөлд тусгагдсаныг зүйтэй гэж бодож байна. Харин Ерөнхий сайдаас бусад нь давхар дээлгүй байх нь чухал. Түүнчлэн сумын Засаг даргыг ард нийтээс нь сонгодог болгох саналтай байна” гэж байлаа.
Энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг орон нутагтаа үргэлжлүүлэн зохион байгуулах аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, төрийн захиргааны байгууллагын 80 сургагч багш нарыг бэлтгэж, ном, гарын авлагаар хангав. Ийнхүү Улсын Их Хурлын Тамгын газраас томилогдон ажиллаж байгаа гурав дахь баг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдийн саналыг авах, олон нийтийн санал, бодлыг шийдвэр гаргагчид сонсох зорилготой хэлэлцүүлгийг 08 дугаар сарын 07-17-ны өдрүүдэд Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн есөн суманд бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж дууслаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ