“Херо” энтертайнментийн найруулагч Б.Баатар болон Шадар сайд У.Хүрэлсүх нарын утсаар ярьсан бичлэг цахим орчинд тархаж, олны анхаарлыг татсан билээ. Тэгвэл тэрбээр уг асуудлыг шалгуулахаар прокурорын газарт ханджээ. Б.Баатар өргөдөлдөө “Херо энтертайнмэнт студийн найруулагч Баатар миний бие Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхтэй утсаар ярилцсан бичлэгийг улстөрийн зорилгоор нийтэд тараажээ. Бичлэгийг эрх бүхий байгууллага тусгай тоног төхөөрөмж ашиглан хийсэн гэж үзэж байна. Энэ нь хувь хүниийг дагаж мөрдөж, тагнан туршиж байгаагийн илрэл юм. Миний бие улс орны аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлын эсрэг ямарваа үйлдэл хийж байгаагүй бөгөөд улсын нууцтай холбоотой төрийн албан тушаал хашдаггүй жирийн уран бүтээлч хүн. Энэ бол зөвхөн надтай холбоотой асуудал биш Монгол Улс дахь хүний эрхийн зөрчлийн нэг илрэл, гар утас ашигладаг хүн бүрийн эрхтэй холбоотой асуудал болохыг онцлон анхаарахыг хүсч байна. Уг бичлэгийг тараасны дараа бичлэгийг миний бие хийсэн мэт болгож харагдуулах гэж гүжир гүтгэлэг зохион байгуулжээ. Иймээс миний бөгөөд надтай утсаар ярьсан хүний нэр төрийг гутаах, олон нийтэд буруугаар ойлгуулахад чиглэсэн зорилготой, зохион байгуулалттай үйл ажиллагаа юм. Тиймээс энэ асуудлыг шалгаж, уг бичлэгийг хийсэн болон түгээсэн этгээдүүдийг олж тогтоон, хуулийн дагуу хариуцлага ногдуулахыг хүсч байна” гэжээ.
Б.УРАН