Categories
мэдээ соёл-урлаг

Монгол балетчин олон улсын тэмцээнээс шагнал авсан байна

БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 03-13-ны өдрүүдэд Олон улсын балетын IV тэмцээн болж, Монголоо төлөөлөн ОХУ-ын Пермь хотын балетын академийн төгсөх ангийн оюутан Ө.Мөнхжин, Р.Булган нар амжилттай оролцоод ирлээ. Хоёр бүжигчин эхний шатанд бичлэгээ явуулж, тэмцээнд оролцох эрхээ авсан аж. Ингээд хоёрдугаар шатанд тайзнаа А.Аданы ‘Корсар’ бүжгэн жүжгийн Па-де-де, гуравдугаар шатандаа мөн А.Аданы ‘Жизель’ бүжгэн жүжгийн Па-де-де бүжиглэж мэргэжлийн үзүүлэлт, гүйцэтгэлийн техник, хослон бүжиглэх ур чадвар зэргээр шүүгчдийн анхаарлыг татсан байна. Эрэгтэй бүжигчин Ө.Мөнхжин уг тэмцээний NCPA SPECIAL AWARD шагналыг хүртжээ. Уг шагналыг дараа жил ХБНГУ-ын Берлин хот, БНХАУ-ын Шанхай хотноо болох олон улсын тэмцээний урилга дагалдаж буй юм. Тэдний дасгалжуулагч багшаар Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг ажиллажээ.

Ази тивдээ сүүлийн үед Япон, Солонгос, Хятад зэрэг улсууд тэргүүлэн олон улсын балетын тэмцээнийг олноор зохион байгуулах болж, манай бүжигчид тэдгээрт удаа дараалан өндөр амжилт гаргах болсон. Энэ төрлийн тэмцээн нь залуу бүжигчдэд харилцан туршлага судлах, суралцах, хөгжих бололцоог олгодгоороо үр дүнтэй, өгөөжтэй гэж үздэг. Түүнчлэн Монголын балетчид олон улсад, тэр дундаа Азидаа мэргэжлийн чадвараар үнэлэгдэхэд тодорхой хэмжээнд нөлөөтэй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *