Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөлгүй баригдаж эхэлсэн барилгын ажлыг зогсоолоо. “Блю Скай” зочид буудлын ард баригдаж эхэлсэн тус барилга нь зөвшөөрөлгүй, барилга хоорондын зайн стандарт баримтлаагүй, нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан зэрэг зөрчилтэй учраас үйл ажиллагааг нь хязгаарласан гэнэ. Уг арван давхар барилга нь “Цацал сан” ХХК-ийн захиалгаар баригдаж буй аж.
Энэхүү барилгад мэргэжлийн хяналтын газрын байцаагчид анх долдугаар сарын 25-ны өдөр очиж, үйл ажиллагаагаа зогсоохыг шаардан лацаджээ. Гэтэл барилгын компанийнхан мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн лацыг дур мэдэн авч, барилга угсралтын ажлаа үргэлжлүүлсэн байна. Үүний дараа мэргэжлийн хяналтын байцаагч нар нийт зургаан удаа тус барилга дээр очиж, үйл ажиллагаа явуулахыг хоригложээ. Гэвч мэргэжлийн хяналтын байцаагчийн үгийг үл тоон үйл ажиллагааг үргэлжлүүлсээр байсан тул ийнхүү тус барилгыг битүүмжилж, ажлыг нь зогсоосон гэж мэдээллээ.