УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, өчигдөр зарим сайд нартай уулзаж, мэдээлэл сонссон. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр энэ талаар мэдээлэл хийлээ.
-“Энэ жил зуншлага оройтсон. Одоогоор нийт нутгийн 20 хувьд гандуу байна. Тиймээс өвөл хүндэрч болзошгүй. Үүнд Засгийн газар онцгой анхаарах хэрэгтэй. Харин боловсролын салбарт төрийн нэгдсэн бодлого дутагдаж байгааг салбарын сайдад нь хэлсэн. Үүнээс гадна орон нутгаас ирсэн нийслэлийн харьяалалгүй оюутнуудыг эмнэлгийн тусламжаар хангаж байх нь чухал.
Орон даяар өвөлжилтийн бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байна. Гэхдээ эрчим хүчний дутагдал, дулаан цахилгааны эх үүсвэрийг хэрхэн шийдэх хэрэгтэй. Нэлээд хэдэн дулаан, цахилгааны станц баригдахаар төлөвлөгдсөн. Үүнийг үргэлжлүүлэхийг П.Ганхүү сайдаас хүссэн. Хөдөө аж ахуйн яам нэгдсэн бодлогын хэмжээнд ажил хийж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй. Энэ жил 66 сая мал өвөлжих юм байна. Энэ бол 17 их наяд төгрөг гэсэн үг. Тэгэхээр энэ өвөл төл, малаа өнөтэй өвөлжүүлэхийн тулд онцгой анхаарах хэрэгтэй. Ер нь малаа эрүүлжүүлэх, махны экспортын талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл авсан. Эцэст нь хүүхдийн мөнгөний эх үүсвэр тасалдах нөхцөл байдал үүсээд байгаа тул ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагатай” гэв.