Өмнөговь аймагт малын шилжилт хөдөлгөөнийг гурван жилийн хугацаатай хориглосон шийдвэрийг нутгийн удирдлагын зүгээс гаргажээ. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 -ын “А” дахь заалт, малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.5.4 дэх заалтыг үндэслэн аймгийн Онцгой комиссын хуралдаанаар малын шилжилт хөдөлгөөнийг хориглосон байна.
Учир нь мал амьтны гоц халдварт өвчин буюу шүлхий, хонины цэцэг өвчний дэгдэлт улсын хэмжээнд зүүн болон төвийн бүсийн ихэнх аймгуудад гарч дэгдэлт буурахгүй байгаагийн улмаас дээрх шийдвэрийг гаргасан аж. Ингэхдээ бусад аймгуудаас мал худалдан авах, тууварлах замаар өөрийн аймагт мал оруулж ирэхийг энэ сарын 12-ноос гурван жилийн хугацаатайгаар хориглосон байна.
Мөн малчдад мал амьтны гоц халдварт өвчний талаархи мэдээлийг цаг алдалгүй хүргэж ажиллахыг аймгийн Онцгой байдлын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар болон сумдын дарга нарт даалгажээ. Түүнчлэн хориг арга хэмжээг зөрчсөн иргэн аж ахуй нэгжид хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газарт үүрэг болгожээ.