Нөхцөл байдал хурцадмал байгаа хэдий ч Умард Солонгостой цөмийн дайн хийхэд хүрээгүй байна гэж АНУ-ын Тагнуулын төв газрын /ТТГ/ захирал мэдэгдлээ.
Гэхдээ тэрбээр “Вашингтоны стратегийн тэвчээр барагдсан” гэж анхааруулаад “Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун цөмийн зэвсгийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээ зогсоохгүй гэдэгт би эргэлзэхгүй байна” гэжээ.
Умард Солонгос АНУ-д цохилт өгч чадах хэмжээний цөмийн зэвсэг байрлуулахад хэр ойртсоныг асуухад тэрбээр “Тэд тун дөхсөн. Энэ зорилгодоо хүрэхийн тулд тэд урьд урьдынхаасаа илүү эрчтэйгээр урагшаа давшиж байна” гэж хариулсан байна.
Өнгөрсөн долдугаар сард тив алгасах хоёр баллистик пуужин харвасантай нь холбогдуулан НҮБ Умард Солонгосын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан нь Пхеньяны “уурыг хүргэсэн” юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унд “Хэрвээ болчимгүй үйлдэл хийвэл маш их харамсах болно шүү” гэж саяхан анхааруулсан юм. Харин Солонгосын хойгийг дайны ирмэг рүү түлхэж байна гэж Д.Трампыг Пхеньян буруушааж байна.