Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Машин машинаар нь татсан тэрбум тэрбум төгрөгөөр өчнөөн цэцэрлэг барьчихаар боллоо

Сонгуулийн сурталчилгааны үеэр байсхийгээд л тэнд төчнөөн төгрөг ачиж явсан машиныг илрүүллээ, мөнгийг нь хураалаа, татлаа гэсэн утгатай мэдээлэл цацагдаж байсан даа. Хураасан, татсан мөнгөнүүд нийлээд хэдэн тэрбум төгрөг болчихсон байгаа нь гарцаагүй. Лав л Говь-Алтай аймагт нэг тэрбум 80 сая төгрөг ачиж явсан машин саатуулагдлаа гэж дуулдсан. Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт 90 сая төгрөг ачиж явсан машиныг бас л саатууллаа гэсэн. Баян-Өлгий аймагт хар шөнөөр шатахуун түгээх станц дээр олон тооны машин цуглуулж шатахууны талон тараасан үйлдлийг газар дээр нь таслан зогсоосон мэдээг тэр үеийн хэвлэлүүдээс харчихаж болно. Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт сонгогчдын саналаа өгсөн цагаан хуудсыг 10-20 мянган төгрөгөөр худалдаж авч байгаа үйлдэл гарсан гэх мэдээлэл ч сонгуулийн үеэр олны анхааралд байсан. Бэлнээр 20-50 мянган төгрөг тараасан жишээ бол аймаг, хот, дүүрэг, сум гэлтгүй ташраараа. Энэ мэт жишээг түүвэл өнгөрсөн сонгуулиар нэр дэвшигчид мөнгийг бороо мэт цутгасан болж таарч байна.

Сонгуулийн үеэр мөнгийг баруун солгойгүй цацдаг улстөрчид, намуудад ард түмнээ гэсэн сэтгэл байдаггүйг баталсан жишээ хэдэн зуу, өчнөөн мянгаараа бий. Ойрхоны жишээ гэхэд цэцэрлэг байна. Цэцэрлэгийн насны хүүхдүүдтэй аав, ээжүүд жил бүрийн намар холын марафонд гүйх дайны юм болцгоодог. Бүртгэлээс хэд хоногийн өмнө цэцэрлэгийн гадаа майхан барьж хонож өнжих бол байх л үзэгдэл болоод удаж байна. Энэ жилээс цэцэрлэгт явж эхлэх гэж байгаа хоёр настнуудыг цахимаар бүртгэнэ гэж баахан шуугилаа. Сүүлдээ бүр ачаалал их хэсэгт нь сугалаа явуулна, сугалаа, цахим бүртгэл дээр цагдаа, тагнуулынхан хяналт тавьж байгаа гэх мэт түмнээ доромжилсон шийдвэрийг жишим ч үгүй гаргаад сууж байна.

Ардчилсан засаглалыг сонгоод жарны талыг барж байгаа, хөгжиж буй эдийн засагтай улс гэсэн статуст багтсан, хүсвэл мөнгийг хаанаас ч ямар ч аргаар босгож чадах суурьтай орны иргэд цэцэрлэгийн бүртгэл дээр амь наана, там цаана болдог гэхээр гашуун, гунигтай сонсогддог. Цэцэрлэгийн бүртгэлийн үеэр ”Иргэдээ яаж ингэж доромжилж чадаж байна аа” гэж чанга дуугаар хэлмээр санагддаг. Сургууль ч ялгаагүй. Социализмын үед барьсан сургуулиудын барилга түрүүчээсээ жагсаалаас гарч эхэлж байгаа. Заримынх нь дээвэр нурж, аргагүйн эрхэнд сурагчдадаа хажуугийн сургуулиа санал болгож байх жишээний. Лав л Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургууль зэргэлдээ сургуулийнхаа хүүхдүүдийг хүлээн авч хичээллүүлэхээс аргагүй байдалд хүрсэн. Бага ангийнхан нь гурван ээлжээр хичээллэж, цүнхээ даахгүй жаалууд өвлийн цагаар гуравдугаар ээлжинд хичээллэж харанхуй шөнөөр гэртээ харьж байгаа нь бодитой үнэн. 44 шиг ийм зовлонтой сургууль ганц хоёроор тогтохгүй. Төвийн сургуулиуд ачаалал ихтэй болохоор бага ангийн анги дүүргэлт ихэнхдээ 50, 60-аар яригддаг. Товчхондоо бага ангийнхан чихэлдэн байж, гуравлан сууж хэцүү, тав тухгүй орчинд, зарим нь бүр хүн амрах шөнийн цагаар хичээллэж байна. Цэцэрлэгийн насны жаалууддаа бид цэцэрлэггүй бол гэртээ бай гэсэн ганц сонголт тулгачихдаг. Харин сургуулийн насныхан яаж ийгээд сурахаас аргагүйд хүрдэг учраас тохьгүй орчинд хичээллэж байна. Япончууд буцалтгүй тусламжаар хэдэн сургууль барьж өгсө, өнгөрсөн засгийн үед өмнөхөө бодвол арай олон сургууль ашиглалтад оруулсан гэдгээс өөр том бүтээн байгуулалт сургуулийн хувьд өрнөсөнгүй өнөөдөртэй золгосон.

Цэцэрлэгт хамрагдаж чадалгүй гэртээ цоожлуулж үлддэг жаалуудын хувьд хотын төвд тохитой сууцанд амьдралтай боломжийн амьдралтай хэсгийн хүүхдүүд биш. Гэр хороолол, алслагдсан дүүргийн хэцүү хатуу амьдралтай хэсэг л хүүхдээ цэцэрлэгт өгч чаддаггүй. Захын дүүргүүдийн захын хороололд цэцэрлэг гэдэг ховрын үзэгдэл. Гэр хорооллынхон ихээр суурьшсан Сонгинохайрхан дүүргийн захын зарим хороо өнөөг хүртэл цэцэрлэггүй. Сонгинохайрханд цэцэрлэгийн насны 20 мянган хүүхэд бий. Тал нь цэцэрлэггүй гэсэн статистик хэдхэн жилийн өмнө дуулдаж байсан. Ойрын хоёр гурван жилд цэцэрлэгийн бүтээн байгуулалт өмнөхөө бодвол их байсан ч цэцэрлэггүй жаалуудын асуудлыг шийдэхээр хэмжээнд эрчтэй өрнөсөнгүй.

“Зуун хувь цэцэрлэгт” хөдөлгөөнийхөн цэцэрлэгийн насныхан гэртээ цоожтой үлддэгээс болж ямар хохирол гарсныг судалсан байдаг юм. Тэд “Жил тутам 17 хүүхэд харах асрах хүнгүйгээс болж энддэг” гэж мэдээлж байсан удаатай. Гэртээ цоожлуулаад галд өрстөн, муу усны нүх, жорлонгийн нүхэнд унасан, угаартсан, халуун зүйлд түлэгдсэн гэсэн шалтгаанууд зонхилдог юм билээ. Хоёулаа нийлж зүтгээд ч олсон хэд нь амьжиргаанд нь хүрэхгүй байгаа захын хорооллынхонд хүүхдээ гэрт нь цоожлоод ажилдаа явахаас өөр сонголт байдаггүй учраас ийм эмгэнэлтэй жишээ жил бүр гарсаар байна. Гэртээ цоожтой үлдээд галд эндсэн харамсмаар жишээ яг цэцэрлэг, сургуулийн цагаар, дүн өвлөөр гардаг давтамж буурахгүй байгаа. Чингэлтэй дүүрэгт 2011 онд хоёр настай хүүхэд гэртээ угаартаж нас барсан, 2012 онд Говь-Алтай аймагт нэг айлын хоёр хүүхэд гэртэйгээ шатаж нас барсан, 2013 оны есдүгээр сард Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд гарсан галд гурван настай хүүхэд эндсэн гэж ирээд тоочвол цоожтой хаалганы цаадах эмгэнэлтэй явдал өчнөөнөөрөө тоологдоно.

Өнгөрсөн жилийн өвөл гэхэд л арванхоёрдугаар сарын дундуур Хан-Уул дүүрэгт нэг айлын гурван жаахан орчлонгоос цаг бусаар буцсан. Мөн л галд өртөөд. Ой долоон сартай, таван настай хоёр хүү, дөрвөн настай бяцхан охин аав, ээжийнхээ элгийг эмтлээд буцсаны гол буруутан хэн бэ. Мэдээж хүүхдээ цоожлоод явсан аав, ээжийн хариуцлага эхэнд яригдана. Гэхдээ ингэж орхихоос аргагүй байдалд хүргэсэн төр, засгийн сэтгэлгүй дарга, удирдлагуудад хамгийн том гэм бий. Эрх ашиг, эрх мэдлийнхээ төлөө мөнгийг баруун солгойгүй халаасалдаг хэрнээ хүүхдийн цэцэрлэг, сургуулиас зоос харамлаж, хямрал яриад суудаг түшээд төрд олширсон учраас бид балчир жаахнуудаа цаг бусаар алдсаар байгаа юм.

Гэмтлийн Түлэнхийн тасагт очихоор ямар өрөвдөм дүр зураг угтдаг гэж санана. Тэнд сурвалжлагаар очсон сэтгүүлчдийн зүрх зүсэгдээд гардаг гэхэд хэтрүүлсэн болохгүй. Түлэгдсэн хүмүүсийн талаас илүү нь гурваас доош насныхан байдаг гэсэн айхавтар статистикийг эмч нар хэлдэг. Ингээд зогсохгүй, бага насны хүүхдүүдийн эндэгдлийн 70 гаруй хувийг түлэгдэлт эзэлдэг гээд төсөөл дөө. Харж хандах аав ээж нь ажилдаа явсан хойгуур ах эгч, эмээ, өвөөтэйгээ үлдээд буцлам халуун усанд түлэгдсэн хүүхдүүд түлэнхийн төвд олноороо ирдэг. Цэцэрлэггүй үлдсэн жаалуудын нэг хэсэг ийм золгүй байдлаар амьдралын аз жаргал, баяр хөөрийг мэдэрч амжилгүй буцаж байна.

Эх орон маань Монгол гэж тусгаар тогтносон улс. Тусгаар тогтнолоо дэлхийд хүлээн зөвшөөрүүлчихсэн НҮБ-ын гишүүн Монгол гэдэг улс ардчилсан засаглалтай, ардчиллын замыг сонгоод аль хэдийнэ 27 жил болчихсон. Ардчиллыг хөгжүүлсэн загвараараа Азидаа гэж яригддаг. Эдийн засгаараа өөдөө дээшээ явах боломж бололцоотой. Хөрсөн доорх эрдэнээ ашиглаж чадвал гуравхан сая хүнийг аятайхан аваад явах тийм том асуудал биш. Хүний амьдралыг нэгэн жарнаар хэмждэг орчлонд жарны тал гэдэг бага хугацаа биш. Ардчилал, зах зээл маань нялх, балчир дээрээ байна гэж өхөөрддөг цаг өнгөрсөн гэж хэлэх гээд байна л даа. Жарны талаар хэмжигдэх ардчилал, зах зээлийн түүхтэй Монгол Улс гээд харахаар чамламаар зүйл их харагдах юм. Дахиад хэлэхэд нэг том жишээ нь одоо хөндөж буй цэцэрлэг. Яагаад ийм улсын иргэд болж төрчихөөд цэцэрлэггүй гэсэн шалтгаанаар хүүхдээ гэртээ цоожлоод гарна гэж? Бидэнд бусад улс орнууд шиг дайн дажин, үймээн самуун алга. Дэлхийн ихэнх улс шиг хөрсөн дороо баялаггүй гэхийн зовлон ч алга. Амар амгалан, боломж дүүрэн улсын иргэд байж яагаад цэцэрлэг мэтийн аар саар жижигхэн асуудалд толгойгоо өвтгөөд байна аа? Шалтгаан нь иргэдээ гэх сэтгэлгүй төр гэхээс өөр тайлбар олдохгүй байна. Дайн дажинтай, хэцүү хатуу улс бол яая гэхсэн. Гэтэл Монгол тийм зовлонгийн үнэр ч байхгүй улс. Ийм орны иргэн болж төрчихөөд цэцэрлэггүй байна гэдэг том эмгэнэл. Тэгэхээр ийм байна, тэрбум тэрбум төгрөгийг баруун солгойгүй цацахдаа цацдаг эрхэм дарга нараа. Цэцэрлэгийн насны хүүхдийн ихэнх нь цэцэрлэгт хамрагдах боломжгүй, сугалаа сугалж азаа үзэцгээ гэсэн утгагүй, доромж мэдэгдэл хийгээд сууж байхынхаа оронд баруун солгойгүй цацдаг мөнгөнийхөө багахан хэсгийг цэцэрлэг барихад зарцуулмаар байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

“Машин машинаар нь татсан тэрбум тэрбум төгрөгөөр өчнөөн цэцэрлэг барьчихаар боллоо” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.


Баасан гаригийн дугаарын тэргүүн нүүрээс “Онцгой албан татварын хууль хэрэгжсэнээс хойш машины үнэ хоёроос зургаан сая төгрөгөөр нэмэгджээ” хэмээх сурвалжлагыг сонирхон хараарай.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс “Валютын сангийн хатуу шаардлагын хүрээн дэх “бөөрөнхий” үнэлгээ“, “МАН дахь залуус шинэчлэлийн хөдөлгөөнөө одоо л эхлүүлэхгүй бол оройтох нь байна шүү“, “Ц.Хуланг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томиллоо” зэрэг нийтлэл, мэдээ мэдээллүүдийг хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч Ц.Баасансүрэнгийн “Машин машинаар нь татсан тэрбум тэрбум төгрөгөөр өчнөөн цэцэрлэг барьчихаар боллоо” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Мөн улс төрийн тавдугаар нүүрнээс Эвлэрүүлэн зуучлалын талаар Ховд аймаг дахь анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Алимаатай хийсэн ярилцлагыг унших боломжтой. Тэрбээр “Шүүхэд салахаар хандаж байгаа гэр бүлийн 50 хувь нь эвлэрээд гардаг” хэмээн хэлжээ.

Баримт, үйл явдлын долоодугаар нүүрнээс сүүлийн үед бага насны хүүхэд эцэг, эх, асран хамгаалагчийн хоромхон зуурын анхааралгүй, хэнэггүй байдлаас болоод цаг бусаар хорвоог орхиж байгаа талаарх сэрэмжлүүлгийг хүлээн авч уншаарай.

12 дугаар нүүрний “Хүмүүс” булангаас “Адууны тэнгэр буюу Очирын Чүлтэм” хэмээх дурсамжийг сонирхон хараарай.

Харин 13 дугаар нүүрний “Уран бүтээлч” булангаас уртын дуучин Б.Батцэцэглэнтэй хийсэн ярилцлагыг хүлээн авч уншаарай. Тэрбээр “Марко Поло” киноны хоёрдугаар ангид “Зээргэнтийн шил” хэмээх уртын дууг дуулж байсан” хэмээн бахархалтай дурсчээ.

Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *