Categories
мэдээ цаг-үе

Зуны байшин дунджаар 11-15 саяд элбэг босно

Нийслэл хотод хаа сайгүй л авто зам, байшин барилгуудын засвар ид өрнөж байна. Иймээс барилгын материалын үнэ ханш ямар байгаа талаар сурвалжлахаар Сүхбаатар дүүрэг дэх 100 айлын барилгын худалдааны төвүүдээр орлоо. Энд цаг ямагт хүмүүс бужигнаж, амьдрал буцалж байдаг тэр л хэвээрээ хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Зарим дэлгүүрийн гадна талд том, жижиг хэмжээтэй төмөр хаалгыг өрсөн харагдана. Төмөр хаалгыг төрөл бүрээр нь эгнүүлэн тавьсан худалдагч хэлэхдээ “Энгийн, даруухан хийцтэй хаалга 180-280 мянга, тансаг зэрэглэлийнх 320-450 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ жил хүмүүсийн худалдан авалт жаахан тааруу л байна. Гэхдээ орлого бол дундаж л байна даа” гэлээ. Харин “Сенко” гэсэн вакум цонхны үйлдвэр орж, үнэ ханшийг сонирхлоо. Ингэхэд борлуулагч Г.Энхболд ярихдаа “Хувийн орон сууц барихад гурван төрлөөр барьж болно. Модон, блок, цутгамал гэсэн төрөл байж болно. Мөн тоосгоор өрсөн байшингууд байдаг. Би барилгын салбарт олон жил ажиллаж байна. 4:6 харьцаатай зуны байшин 12-15 саяд элбэг босно. Харин хоёр вакум цонх оруулна гэж тооцвол 337500 төгрөг нэмэгдэнэ. Нэг цонх нь 168 мянган төгрөг гэсэн үг. Металл цонх гэж байдаг. Энэ нь оффист ашиглаж, хэрэглэх зориулалттай. Вакум цонхыг хуванцар материал хийдэг бол металлыг төмөр хийцээр хийдэг. Металл цонх нь м2 нь 280 мянга, вакум м2 75000 төгрөг гэж байна. Орон сууцны зориулалтад металл цонх хийхийг зөвшөөрдөггүй. Угаасаа болохгүй юм. Энэ жил иргэдийн худалдан авалт муу байна. Өнгөрсөн жил ч гэсэн орлого муу байсан. Цонх хийнэ гэдэг бол маш нарийн ажиллагаатай, хүнээс чадвар, хүч хөдөлмөр шаардана. Манайх арван жилийн баталгаатай олгож, сайн хийдэг. Харин зарим хүмүүс хятадаас ирсэн хямд материалд тулгуурлаж хийдэг. Иймээс зарим нь чанарын баталгаа олгодоггүй юм. Мөн ялаа шумуулаас хамгаалсан тор янз бүрээр хийнэ. Үнийн хувьд 35000-95000 төгрөг. Байрны хуучин цонх солиход ажлын хөлс 10000-15000 гэж байгаа. Тагтны хаалт хэмжээнээс хамаарч 1 м2 60000 төгрөгөөр хийнэ” гэж байв.

“Сутай” барилгын дэлгүүрийн эрхлэгч ярихдаа “Барилга барихад хамгийн түрүүнд газраа сайн судлах хэрэгтэй. Судлачихвал ямар материал, хэрхэн барих вэ гэдгээ тооцоолох нь амар байдаг. Тухайлбал, нам газар бол хөнгөн чанарын материал орно, өндөрлөг газарт хүнд материал гэсэн үг.

Хүнд материалд тоосго, хөнгөнд мод ордог. Сүүлийн үед Канад технологиор зуны модон байшин их барих болжээ. Ийм технологиор бүх нарийн оролцох материалууд нийлээд хөлстэйгөө 4:6 харьцаатай байшин 10 гаруй сая төгрөгөнд бэлэн болно” хэмээсэн юм. Амины орон сууцны нэг мкв нь 650 мянган төгрөг байгаа гэнэ. Энэ үеэр барилгын бүх төрлийн үйлчилгээ хийнэ гэсэн бичгийг хүзүүндээ зүүсэн цөөн тооны хүмүүс ч харагдаж байлаа. Зуун айлын “Jobi” барилгын худалдааны төв ороход хятад обой 8000-28000, 6000-15000, орос болон европ обой 13500-29000 төгрөгийн үнэтэй байлаа.

Модон материалын хувьд брүс 5:7-н 15000-30 000, Нарсан банз 5 см 450 000, Хар банз 5 см – 280 000- 350 000, Хашааны банз м3- 170 000- 180 000, Тал шургааг 4м- 7 000- 8 000, Бүтэн шургааг 4м- 15 000 төгрөгийн үнэтэй байлаа. Харин гипсэн хавтан-8000, цементэн хавтан- 9 000, Хар панерь нимгэн 24 000, хар панерь зузаан-28 000, OSB хавтан- 16000-25000, ДСП өнгөтэй 30 000, ДСП өнгөгүй 26000-28000, Цаасан шахмал хавтан (өнгөтэй)- 14000-30000, Аргелит /өнгөгүй/- 8 000 төгрөг аж. Ган зангилаа (арматур бэлдэц) тн 120 000, Хятад арматур Ш10мм-Ш25мм тн 1 250 000 төгрөг. Бетон зуурмаг “Суурь” ХХК-ийнх маркаасаа хамаарч 117 000, 126 000, 134 000, 148 000 төгрөг гэнэ. Дээврийн материал буюу хар цаас орос чулуутай- 15 000-30000, хар цаас – 25 000-27 000 төгрөг бол дээврийн төмөр нэг метр нь 4500-6000 төгрөг. Хөтөл цемент нэг тн 167497, Эрэл цемент (савласан) тн 154 000, Эрэл цемент (задгай) 174 900, Хятад цемент 7000-150 000 төгрөг гэв. Пенобетон блок м3 135 000 бол хөнгөн блок 135 000 төгрөг юм. Эмьулс дотор 4 кг Солонгос 17000, Орос 3 кг-7000, Хятад 4кг-5000 төгрөг байлаа. Эмьулс дотор 18 кг 70000-85000, 14кг – 25 000, 9500-10000. Хар замаска 25 кг хятад 8 000, орос 12000-25000, монгол 7000 төгрөг. Цагаан замаска 25 кг хятад 5 500, 30 кг 7 500, угаадаг замаска 20 кг хятад 12 500 төгрөгийн үнэтэй байв.

Ингээд “Цайз” зах дээр очиход амарсан байв. Ганц хоёр мод худалдаалах цэг болон цементний бөөний төв л ажиллаж байлаа. Зарагдаж байгаа материалуудыг олон хувь хүн борлуулах боловч үний хувьд зөрүүгүй гэнэ. Палк урт, өргөн, зузаанаасаа шалтгаалаад 10-70 мянган төгрөгийн хооронд, банз дөрвөн метрийн урт 100 ширхэг хоёр сантиметр зузаан багцтай нь 120 мянган төгрөг, цемент 50 килограммын шуудайтай нь 10-11 мянгын хооронд байсан юм. Үндсэндээ модны болон цемент гэсэн том том цэгүүдээс бүрддэг юм байна. Энэ үеэр худалдагч Б.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Барилгын материалын палк, банз, цемент ямар үнэтэй байгаа вэ?

-Палк 4 метрийн урттай 7,5 сантиметрийн зузаантай нь 17 мянга. Банз 4 метрийн урттай 2 сантиметр зузаан 100 ширхэгтэй багц нь 120 мянга. Цемент 50 килограммтай нь 11 мянга гэж байна.

-Танайд гол төлөв ямар хүмүүс ирж үйлчлүүлж байна вэ?

-Граш болон амины орон сууц барих гэж байгаа иргэд. Мөн хашаагаа тохижуулах хувь хүн болон албан байгууллынхан ирж үйлчлүүлдэг. Ер нь залуу хүмүүс л ирнэ шүү. Сүүлийн үед залуучууд хувийн орон сууцыг илүүд үзэх болжээ. Хямд өртөгтэй босохоос гадна өөрийн орон зайгаа хүссэнээрээ бий болгох боломжтой учраас тэр байх.

-4:6 харьцаатай 2,7 метрийн өндөртэй зуны зориулалттай байшин барихад шаардагдах барилгын материалын тоо хэмжээний талаар ярихгүй юу?

-Байшингийн торхыг барихад нийт 72 ширхэг палк орно. Дөрвөн метр урттай 7.5 сантиметр зузаантай гэсэн үг. Дам нуруунд (тааз), лампир, цагаан цэнхэр замаск гурван шуудай, гурвын хар шрүп гурван хайрцаг, 80, 150, 200-ын хадааснууд орно. Мөн таван ширхэг палк, шувуун нуруунд (дээвэр)- банз 14 ширхэг (4 метр урт 2 сантиметр зузаантай). Төмөр хаалга 230-800 мянган төгрөгний хооронд байна. 1,5 метр нэг ширхэг болон 1,2 метртэй нэг ширхэг нийт хоёр цонхтой байна гэж үзье. Дотор талд гибсэн хавтан 2,4:1,2 метрийн харьцаатай 16-17 ширхэг. Обой арван метрийн урттай нь арван ширхэг хэрэгтэй юм. Хундаам буюу сууринд нэг тонн цемент (50 килограммын цемент 20 уут). Шалаа бетондох юм бол дахин нэг тонн цемент орно. Модоор шаллавал 40 ширхэг банз орно. Ингээд нийтдээ дунджаар 11-15 сая төгрөг болох юм байна. Мөн байшингийн хийц загвараас шалтгаалж мөнгөн дүн өөрчлөгдөнө шүү дээ.

Б.ИТГЭЛТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *