Шадар сайд У.Хүрэлсүхийн ажлын албанаас Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Шадар сайдыг мөрдөж мөшгисөн гэх хэргийн талаар долдугаар сарын 3-ны өдөр хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хандсан. Өнөөдрийг хүртэл хариу аваагүй гэж Шадар сайдын ажлын албаныхан мэдэгдлээ. Тэд Мэргэжлийн хуульчтай хамтарч ажиллахаар болсон байна. Хэвлэлийн хурлын үеэр Шадар сайдын хуульч Ц.Баасандорж ийнхүү ярилаа.
“2017 оны тавдугаар сараас нэр бүхий зургаан иргэн, нэр бүхий гэрээт харуул хамгаалалтын компани зохион байгуулалттайгаар У.Хүрэлсүх сайдыг дагасан, мөрдсөн үйл ажиллагаа явуулсан.
Энэ талаар АТГ, ТЕГ-т долоодугаар сард гомдол гаргасан байдаг.
Өнөөдрийг хүртэл уг байгууллагууд дорвитой арга хэмжээ аваагүй. Уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан таван төрлийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Төрийн эрхийг хууль бусаар авах, төрийн өндөр албан тушаалтны амь биед халдахыг завдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Хууль бусаар мөрдөж мөшгисөн этгээдүүд өнөөдрийг хүртэл хариуцлага хүлээгээгүй, эрүүгийн хэрэг үүсгээгүй, хуулиар бол тав хоногийн дотор хэрэг бүртгэлт нээх ёстой. Сарын дотор шалгаад, эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг гомдол гаргасан этгээдэд мэдэгдэх учиртай. Өнөөдрийгхүртэл ямар нэг мэдээлэл байхгүй байгаа нь эдгээр байгууллагуудад Засгийн газрын өндөр албан тушаалтан нөлөөлсөн юм биш байгаа гэж үзэхэд хүргэж байна.
Уг хэргийн цорын ганц гэрч болох Батболдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж өгөөч гэж Ерөнхий прокурорт хандсан.
Гэрч нь мэдүүлэг өгье гээд очиход тагнуулын байгууллагын ажилтан тайлбар авахаас зугтсан тохиолдол гарсан. Энэ ажилтныг шалгуулна.
ЦЕГ, АТГ, ТЕГ нэг сарын хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг биелүүлсэнгүй. Тиймээс төрийн өндөр албан тушаалтнууд энэ хэрэгт нөлөөлж байгаа гэж хардаж байна” гэв.
Шадар сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр “У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүн. Засгийн газрын гишүүнийг тагнаж чагнаж мөрдөж мөшгөсөн хэрэг гарчихаад байхад Засгийн газраас анхаарах ёстой. Нэг сар болчихоод байхад Засгийн газраас ямар ч мэдээ, мэдээлэл хийсэнгүй.
Долоодугаар сарын 3-ны өдөр У.Хүрэлсүх сайд МАН-ын удирдлагууд М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарт энэ хэргийн тухай мэдэгдсэн байдаг.
Тэгэхээр юу болж байгааг та бүхэн мэдэж байгаа байх.
Монгол Улсын Шадар сайд түймэр, гал, ус, гамшиг гарсан газарт өөрийн биеэр ажилладаг.
У.Хүрэлсүх сайд үүнийг өөрөө зохион байгуулсан гэх мэдээлэл явж байна. Өөрөө зохион байгуулсан бол яагаад зургаан гэрчтэй байгаа юм.
Бид энэ бүхнийг хууль хяналтын байгууллагууд ёс журмаар нь шалгахыг хүсэж байна.
Энэ бол ганцхан Шадар сайдтай холбоотой биш. Өнөөдөр Засгийн газрын гишүүнийг мөрдөх, тагнах, гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа юм бол энгийн иргэнийг яах вэ” гэв.