Нийслэлийн Баянзүрх дүүрэгт НҮБ-ын Хүүхдийн сангийн “Schools for Asia” хөтөлбөр хэрэгжихээр боллоо. Хөтөлбөрийн хүрээнд дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч дарга Т.Баясах НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч нарыг өнөөдөр хүлээн авч уулзавв Уулзалтын үеэр нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүрэгт хөтөлбөрөө хэрэгжүүлэх болсондоо баяртайгаа байгаагаа төлөөлөгч нар хэлж байсан. Мөн уг хамтын ажиллагааны хүрээнд тус сангийн хөрөнгө оруулалтаар Баянзүрхийн таван цэцэрлэгийг бүрэн засварлахаар боллоо. Тодруулбал, дүүргийн 9,1,20,15,18 дугаар хороонд байрлах 3,22,63,122,129 дугаар цэцэрлэгийн засварын ажлыг НҮБ-ын Хүүхдийн сангийн “Schools for Asia” сангийн буцалтгүй тусламжаар хийж, гүйцэтгэхээр болсон юм.
Дашрамд мэдээлэхэд, Баянзүрх дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны нийт 34 мянган хүүхэд байгаагийн 25 мянга буюу 73 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжтой байгаа юм. Иймд тус сангаас дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран хүүхэд багачуудын сурч боловсрох таатай орчинг бүрдүүлэх, нэмэгдүүлэхэд бүхий л талаар туслахаа мэдэгдсэн. Түүнчлэн цэцэрлэгийн багш нарыг мэргэжлийн сургалтад үе шаттайгаар хамруулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.