Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ын бүлэг УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардав

УИХ дахь АН-ын бүлгээс хэвлэлийн хурал хийлээ. АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан “АН-ын бүлэг хуралдаж, гурван асуудлыг нухацтай авч хэлэлцлээ” хэмээн мэдээллээ. Засгийн газарт тодорхой асуудлаар шаардлага хүргүүлэх, УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах хэрэгтэй гэж тэд үзсэн байна.

“Хүүхдийн мөнгийг Ерөнхий сайд бүх хүүхдэд өгнө, нөхөн олгоно гэсэн амлалт өгсөн. Энэ нь АН-ын бодлоготой нийцэж байгаа. Хүүхдийн мөнгийг нөхөж олгохын тулд төсвийн тодотгол хийх ёстой гэж бүлэг үзсэн. Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгоход 240 гаруй тэрбум төгрөг хэрэгтэй. Тодотгол хийх замаар эх үүсвэрийг нь төсөвт суулгаж байж энэ амлалт хэрэгжнэ. Бид Засгийн газарт “Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох” шаардлага хүргүүлж байгаа.

Өвөлжилтийн бэлтгэлийн талаар холбогдох сайд нарт маргаашнаас эхлээд асуулт тавьж, хариулт авч анхаарч ажиллах болно. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Ардчилсан нам Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг бодлогын хувьд дэмжиж байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа бүх ард түмнээсээ асуух хэрэгтэй. Зөвлөлдөх уулзалт нэрээр хэдэн аймгаар явж, хэдэн дарга нараас асуугаад өөрчилж болохгүй. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлавал АН-аас дэвшүүлсэн бодлого хэрэгжих боломжгүй болно. Олон чухал асуудал яригдаж байгаа хуулийн төсөлд ороогүй байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бие даасан төсөл боловсруулах тухай ярилцсан гэв.

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “Үндсэн хуулийн хэлэлцүүлэг бэлтгэгдсэн сценариар яваад байна. Хэлэлцүүлэг хийж байна гээд төрийн албан хаагчдыг оролцуулж, тоо бүрдүүлээд одоо өөрчилье гээд оруулж ирэх гээд байна. Үнэн хэрэгтээ ард түмний хүсэн хүлээсэн өөрчлөлт энд ховор. Нэг намд ашигтай байдлаар шийдээд явчих вий гэдэг үүднээс АН болгоомжилж байна.

Гадна дотны хөрөнгө оруулалт, өвөлжилтийн бэлтгэл гээд аминд тулсан асуудлууд тулгарч байна. Хүүхдийн мөнгийг он дуустал олгохын тулд төсвийн тодотгол хийх хэрэгтэй байна. Айлын хүүхдүүд ижил гараанаас хичээлийн бэлтгэлээ хийхэд хүүхдийн мөнгө нэмэр болно. Улс төр гэж харах хэрэггүй. Төсвийн тодотгол зайлшгүй. Энэ тухай АН бүлгээрээ хэлэлцэж олонхийн шийдвэр гаргасан гэв.

Ж.Батзандан сэтгүүлчийн асуултанд хариулахдаа “Бид хөдөө орон нутгаар явж иргэдийн саналыг авч байгаа. Сумын Засаг даргыг шууд сонгодог болъё” гэж иргэд хүсч байна. Тусгайлсан ажлын хэсэг гаргах ёстой. Түүнээс биш намынхаа төлөө Үндсэн хуулийг өөрчилж таарахгүй. Төсвийн тухай хуульд тодотгол хийх зайлшгүй шаардлагатай. Нэг сайд мэдэгдэл гаргаад хүүхдийн мөнгө өгөх, өгөхгүй тухай шийдвэр гаргаж таарахгүй. Төсвийн орлого 500 тэрбумаар давсан бол төсөвт тодотгол хийж, хүүхдийн мөнгө өгье, аж ахуйн нэгжүүдэд мөнгө өгье гэж ээлжит бус чуулганыг хуралдуулахыг АН шаардаж байгаа. Төсвийн тодотгол хийхгүй, төсвөөс гадуур их хэмжээний мөнгө зарцуулж байгаа асуудлаа зогсоохгүй бол улс төрийн хариуцлага тооцох тухай асуудал яригдах болно” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *