Нийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамжийн дагуу Сүхбаатарын талбайн өмнөх 2.5 га газар бүхий талбайд 200 автомашины зогсоол байгуулах ажлыг эхлүүлсэн. Уг авто зогсоолын нээлтийн арга хэмжээ өнгөрсөн сард болсон.
Нээлтийн үеэр албаныхан авто зогсоолыг иргэдэд үнэ төлбөргүй байхаар зохицуулалт хийснээ мэдэгдэж байв. Гэвч гүйцэтгэгч компанийн зүгээс уг зогсоол нь хувийн аж ахуй нэгжийн газар тул уг зогсоолыг үнэ төлбөртэй ашиглуулах бөгөөд энэ долоо хоногоос эхлэн нэг цаг тутамд нэг мянган төгрөг авч, автомашины зогсоолыг ашиглуулах тухай хэлж байна.
Иргэд зогсоолд машинаа бүхэл өдрийн турш тавих тохиолдол их гардаг учир ийм зохицуулалт хийсэн аж.
Сүхбаатарын талбайн өмнөх хэсэгт нийтдээ автобусны зогсоол 6, хөгжлийн бэрхшээлтэй иргэний автомашины зогсоол 3, ердийн автомашины зогсоол 193, нийт 200 автомашины зогсоолыг байгуулжээ.
Зам талбайн ажлын хүрээнд 6650 м2 газрын хөрс хуулалт, асфальт бетоны хучилтын ажлууд хийгдсэн бөгөөд уг ажлыг 2017 оны 6 дугаар сарын 05-наас 6 дугаар сарын 23-ны өдрийн хугацаанд “Ю Би констракшн” ХХК хийж гүйцэтгэсэн.