“Coal Mongolia-2017” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн ирэх сарын 7-9 өдрүүдэд, Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд болох гэж байна. Уг чуулга уулзалт “Монгол Улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь” уриан дор Монгол Улсын Засгийн газар, нүүрсний салбарт хөрөнгө оруулагч гадаад, дотоодын түншүүдийн дэмжлэгтэйгээр жил бүр зохиогддог уламжлалтай.
“Монгол нүүрс ассоциаци”, БНХАУ-ын нүүрс ассоциациуд хоёр улсын нүүрсний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нүүрсний худалдааг дэмжих зорилгоор Coal Mongolia-2017 чуулганы эхний өдөр “Монгол-Хятадын нүүрсний салбарын бизнес форум” болох юм. Олон улсад нэр хүнд бүхий Хятадын www.sxcoal.comвеб сайтыг эрхлэгч Фэнвэй Энержи Информэйшн Техноложи компанитай түншилж, “Coal Mongolia-2017” чуулга уулзалт, үзэсгэлэнг энэ жилээс хамтран зохион байгуулахаар болжээ.