Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр иргэд, олон нийтийн зүгээс хүчтэй шаардаж, хэрхэн шийдвэрлэхийг нь хүлээж буй 60 тэрбум төгрөгийн асуудал болон төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрч 40 гаруй хүний нэр холбогдоод байгаа оффшор данстай холбоотой асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой сэдвээр ярилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр “Иргэдийн зүгээс чих тавин хүлээж буй эдгээр асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх ажлыг гардан хийх ёстой хүмүүс нь та нар. Энэ ажилд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тусалж дэмжихэд бэлэн байна.
АТГ, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, ТЕГ, ЦЕГ хамтран эдгээр асуудлаар ажлын хэсэг гаргасан байна. Одоо ажиллах хэрэгтэй.
Пакистаны Ерөнхий сайдын хүүхдүүд гадаадад оффшор данстай байсан нь илэрч, зохих байгууллагууд шалгасны үр дүнд Ерөнхий сайд огцорсон байна. Энэ хэрэгтэй нэгэн зэрэг Панамын хуудсуудаар ил болсон Монголын 40 гаруй хүний оффшор данстай холбоотой асуудлыг нэн даруй шйидвэрлэх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тэдэнд 49 хоногийн хугацаа өгөөд байгаа. Энэ дээр шийдвэртэй ажиллахад Төрийн тэргүүн дэмжиж ажиллана” гэж байлаа.
АТГ-ын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан нар хамтарсан ажлын хэсэг нэгэнт гаргасан тул одоо эдгээр асуудал дээр ажиллах боломж нээгдсэн гэдгийг хэллээ.
Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү