Сүүлийн жилүүдэд хэт халж буйн улмаас Дорнод аймгийн хойд сумдын нутгаар урсан өнгөрдөг Улз голын урсгал 60 км газар тасарч, адагтаа хүрэхээ больжээ.Голын урсацын эх үүсвэр нь хурын ус байдаг бөгөөд урсгал нь шургах үзэгдэл байнга давтагдах болсон.Энэ удаагийх шиг “60 км-ээр тасарч байгаагүй” хэмээн нутгийн иргэн мэдээлэв.
Улз гол нь Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг дахь Их, Бага бүрд хэмээх булгаас эх авч, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар зүүн хойш урсан улсын хил давж ОХУ-ын Тарь нууруудын хонхорт орших Баруун Тарь нуурт цутгадаг.Нийт урт нь 520 км, үүний 495 км нь манай улсын нутаг дэвсгэрт хамаардаг.
Өнгөрсөн сард Онон, Улз голын сав газрын захиргааны хийсэн шалгалтаар Улз гол Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт очоод шургаж, адагтаа хүрч чадаагүйг тогтоосон байна.Уртаараа улсад дээгүүрт бичигддэг Улз голын усны түвшин 1996 оноос хойш багассаар иржээ.