Categories
мэдээ нийгэм

1,3 сая тун шүлхийн вакцин ОХУ-аас хүлээн авч вакцинжуулна

Мал, амьтны гоц халдварт өвчин нь дан ганц Монгол Улсын асуудал биш дэлхий нийтийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Сүүлийн жилүүдэд манай улсад төдийгүй бүс нутгийн хэмжээнд малын гоц халдварт өвчин голомтлон гарч, эдийн засгийн үлэмж хохирол учруулсаар байна. Жил бүр гоц халдварт өвчний тохиолдол нэмэгдэж, шинээр өвчин бүртгэгдэж байгаа нь уг өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээг боловсронгуй болгох, гоц халдварт өвчин оношлогдсны дараа биш өмнө зохион байгуулалттайгаар сэргийлдэг, эрсдлийг бууруулдаг байх шаардлага бидний өмнө тулгарч байна. Энэ нь олон улсын худалдаанд хориг саад болж, мал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг хааж, улс орон, аймаг сумын эдийн засагт төдийгүй малчдын орлого, амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2017 оны 06 дугаар сард ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон олон улсын эдийн засгийн 21 дүгээр чуулганд оролцох үеэр “Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн 2 дугаар үе шатыг хэрэгжүүлэх асуудлыг эцэслэн шийдвэрлэж, Монгол улсын Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачёв нар Монгол Улсад 4 сая тун вакцин нийлүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Ийнхүү хэлэлцээрт гарын үэсэг зурснаар Оросын Холбооны улсын “Холбооны Малын эрүүл мэндийн төв”-д үйлдвэрлэсэн шүлхий өвчнөөс сэргийлэх О, А хэвшлийн тосон хүчлүүртэй вакцин нийт 4 119,20 мянган тунг нийлүүлэх юм. Үүний эхний хэсэг болох 1,300,700 (нэг сая хоёр зуун наян мянга долоон зуу) тун вакциныг өнөөдөр /2017.07.31 / хүлээн авч байна.

Энэхүү үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуяг, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн захирал Б.Ганзориг, ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын зөвлөх И.Н.Аржаев, ОХУ-ын Бүх Оросын мал амьтан хамгаалах холбооны төвийн шүлхийн вакцин үйлдвэрлэх төвийн дарга Д.В.Михайлишин нарын төлөөлөл оролцов.

Эхний ээлжинд нийлүүлэгдсэн вакцинаар төвийн, зүүн бүсийн голомт, сэжигтэй, хамгаалалтын бүсийн мэдрэмтгий малыг вакцинжуулахаар төлөвлөөд байна. Цаашид үлдсэн вакциныг тодорхой үе шаттайгаар Монгол улсад нийлүүлэх ажлыг ОХУ-ын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах холбооны төв, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газартай хамтран зохион байгуулах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *