Бакула Ренбүчи гэгээнтний 20 дахь дүрийг Бэтүб Данжай Чойнхорлин хийдийн арслант ширээнээ залах ёслол өнөөдөр боллоо.
Тус хийдийн Хамба лам Ж.Дашдэмбэрэлийн санаачилгаар 20 дахь дүрийн Бакула Ренбүчийг Монголд анх удаа залах ажлыг зохион байгуулжээ. Тэрбээр хэлэхдээ “Дээрхийн гэгээн XIV далай ламын тодруулсан XX дүрийн Бакула Ренбүчи багшийг урьдын гэгээний Улаанбаатар хотноо байгуулсан Бэтүб хийдэд залах хурлын үеэр багшдаа Гүнсүн тугийн мандал өргөлөө. Монголын сүсэгтэн олны буян заяаг түшиж, ширээнд заларч буй ламынхаа ирээдүйн ном эрдмийн үйлс дэлгэрэхийн тухайд энэхүү номыг өргөж байна. Бакула Ренбүчи багш Бэтүб хийдийг анхлан байгуулсан учраас 20 дахь дүрийн Бакула Ринбүчийг урьд дүрийг анхлан залсан ширээнд нь залах ёслолыг хийж буй юм” гэв.
Энэхүү номын ёслолд оролцохоор сүсэгтэн олон олноор цугларсан байв. Сүсэгтэн олон “Бакула Ренбүчи багшийн 20 дахь дүр нь морилон ирж байгаад баяртай байна. Үр хүүхэд, ач, зээгээ сайн сайхан амьдруулахын төлөө залбирч сууна. Их багшийн буян хишиг монголын ард түмнийг ивээх болтугай” хэмээж байв.
20 дахь дүрийн Бакула Ренбүчийг арслан ширээнээ залах ёслолд 200 гаруй лам хувраг ном хурсан юм.
Бакула Ренбүчигийн 20 дахь дүр Данзан Агваан Жигмид Ванчиг нь өдгөө 11 насны сүүдэр зооглож байгаа бөгөөд Энэтхэгийн Ладакийн Нубра тосгонд эцэг Доржцэрэн, эх Сономдолгор нарын гэрт мэндэлсэн нэгэн юм.
2008 оны хоёрдугаар сарын 26-ны түмэн өлзий бүрдсэн билэгт сайн өдөр Дээрхийн гэгээн Далай ламтан Бакула Архадын XX дүр тодорсныг тунхаглан зарлигдсан байдаг. Харин 2010 оны наймдугаар сарын 12-ны сайн өдөр Ладакийн Бэтүб хийдэд хутагт ширээнд нь залжээ. Ийнхүү эх дэлхийдээ дахин мэндэлсэн Бакула багшийн хойд дүр нь Монголд анх удаа залран ирээд байгаа юм.