УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай ярилцлаа.
-Сайхан наадав уу, та. Энэ жилийн наадмын онцлогийг хэрхэн харж байна вэ?
-Сайхан наадлаа. Шинээр арслан цолтон төрсөн, хоёр заан, найман начинтай сонирхолтой наадам боллоо. Харин хурдан морины уралдааны хувьд монгол мориороо уралдъя гэдэг санаа нь зөв боловч гэнэтийн огцом шийдвэрээс болж олон зуун уяачдын бүтэн жилийн хөдөлмөр талаар болж урам нь хугарах шиг болсон. Морины уяа сойлгыг тааруулах гэж олон сарын хүч хөдөлмөрөө уяач хүн зарцуулахаас гадна, чамгүй их хөрөнгө мөнгөө зарцуулдаг. Энэ жилийн Улсын наадмаар уяж сойгдсон хурдан хүлгүүдээс 800 гаруй морьд хасагдсан гэдэг харамсмаар тоо шүү. Үүний дотор бие галбир сайтай нутгийн монгол морьд ч олноороо хасагдсан юм билээ. Яг үнэндээ бол хурдан морины хурд үзэх наадам болохоос биш монгол морьдын жагсаал биш шүү дээ.
-Мэдээж энэ оны онцлох үйл явдлын нэг яах аргагүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль байлаа. МАН-аас нэр дэвшигч, танай намын дарга ялалт байгуулж чадсангүй. Ялагдах болсон гол шалтгаан юу байсан юм бол?
-Энэ асуултад чинь хариулахын тулд өмнөх 2016 оны УИХ-ын сонгууль руу эргэж орох хэрэгтэй болно. Энэ сонгуулиар ард түмэн маш их итгэл өвөрлөж, УИХ-ын 76 гишүүний суудлаас 65-ыг нь манай намд өгсөн. Сонгуулийн үеэр нам бүр л сэтгэл булаам сайхан амлалттай мөрийн хөтөлбөрийг танилцуулсан. Тэр хөтөлбөрүүд дотроос манай намын “Мэргэжлийн Засгийн газар” байгуулна гэсэн нь олон нийтэд илүү таалагдаж, түүнд нь итгэл өгч, ард түмэн дэмжсэн. Гэтэл олон нийтийн хүлээсэн мэргэжлийн Засгийн газар байгуулагдаагүй. Энэ талаар би УИХ-ын анхны хуралдаан дээр байр сууриа хэлж байсан даа. Мөн нэг ч татвар нэмэхгүй гэж амлаж байснаа, гадныхан ОУВС-гийн шаардлага гээд л татвар нэмсэн. Тэр ч бүү хэл тэтгэврийн насыг уртасгасан. Үүнд дуртай хэн байхав дээ. Ер нь үндэсний том нам хэлсэн үгэндээ эзэн байхгүй бол эргээд юу болдгийг энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль харуулах шиг боллоо. Энэ бол ард түмний том сануулга шүү. 2020 оны өмнө өгч буй урьдчилсан үнэлгээ гэж үзэхээс өөр яах билээ.
-Та бол мэргэжлийн Засгийн газар байгуулна гээд мэргэжлийн Засгийн газраа байгуулж чадаагүй нь ялагдлын гол шалтгаан гэж үзэж байгаа юм уу. Тэгвэл сайд нарыг өөрчилж болохгүй гэж үү?
-Тийм. Сонгуулийн дараа Засгийн газраа хэрхэн бүрдүүлсэн, тэр нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэр ажиллав гэдэгт ард иргэдийн өгсөн үнэлгээ гэж хэлж болно. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар өмнөх Засгийн газар руугаа бурууг чихээд суух биш иргэдийн амьдралд нөлөөлөх, дэм болсон арга хэмжээнүүдийг авах ёстой байсан байх. Түүнээс биш сонгуулийн сурталчилгаан дундуур сайхан арга хэмжээ авахаар олон нийт “Өмнө яагаад авч болоогүй юм” гээд үнэлэхгүй байгаа нь харагдсан. Засгийн газар олон түмнийхээ амьжиргааг сайжруулах алхмууд хийж байж л ажил нь үнэлэгдэнэ. Гэтэл сонгуулиар л ухаарч зөв шийдвэр гаргаад бусад цагт хэдэн сайд нь хувийн ажил, амьдралаа бодоод байвал намын нийтлэг эрх ашиг л хохирно. Тухайлбал, сонгуулийн өмнө, Засгийн газрын гишүүн хэдэн сайд нар өөрийн болон ойрын хүмүүсийнхээ хувь эзэмшил бүхий компаниудад концесс гэдэг нэрээр зах зээлийн үнээс хэт өндөр өртөгтэй (нийт 300-аад тэрбум төгрөг) хэд хэдэн хөрөнгө оруулалтын ажлын гэрээг сэмхэн байгуулах гэж байсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн. Зарим яамд дээр хэдэн зуун саяын авлигын асуудал ч гарсан. Иймэрхүү асуудал дээр Засгийн газар хариуцлага ярихгүй, хүний зөөлнийг харж БСШУС-ын сайдад хариуцлага тооцсон нь нүдээ олоогүй. Ер нь сонгуульд хангалтгүй үнэлгээ авсан асуудлыг Засгийн газартай холбохоос өөр аргагүй. Тиймээс Засгийн газартай хариуцлага ярих асуудал гарах нь тодорхой биз ээ. Ийм алхам хийхээс эхлээд алдаагаа засахгүй бол 2020 оны сонгуульд яаж амжилттай оролцох юм. Намын шинэчлэл гээд олон асуудал шийдэж байж дараа дараагийн сонгуульд амжилттай оролцоно.
-Сонгуульд ялагдал хүлээх болсон өөр нэг шалтгаан нь 60 тэрбумын гэх бичлэг. Мөн Д.Гантулга нарын зарим гишүүдийн болчимгүй үйлдэл нөлөөлсөн болов уу?
-Манайхан намын бүтэц мөнгөний хүчин зүйлд илүү ач холбогдол өгөөд ард олны итгэл хүлээх гэдэг хүний хүчин зүйлийг үл тоосноос ийм үр дүн гарлаа гэж болно. 2016 оны УИХ-ын сонгуульд бие даагч Ц.Даваасүрэн бид хоёроос гадна МАХН-аас Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАН-тай хамтарч сонгуульд орсон нь намын гишүүн биш иргэдийг “МАН нам нь арай дээр юм уу” гэсэн сонголтыг хийхэд ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн. Гэтэл сонгуулийн дараа анхны шийдвэрээсээ эхлээд л иргэдийн итгэсэн амлалтаасаа ухарч эхэлсэн. Ялангуяа мэргэжлийн бус, хөрөнгө мөнгөтөй холбогдсон хүмүүсийг Засгийн газарт оруулсан нь саяын сонгуульд гол сөргөөр нөлөөлсөн “60 тэрбумын бичлэг”-ийг үнэн юм биш үү гэсэн бодлыг олон нийтэд төрүүлсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр гол сенсаациудын нэг яах аргагүй байсан. Харин энэ бичлэгийг эвлүүлэг мөн эсэхийг шийдэж байж дараагийн сонгуульд орох ёстой юм билээ. Энэ заваан асуудлаас манай нам салах хэрэгтэй. Д.Гантулга гишүүний асуудлыг ёстой мэдэхгүй юм. Сонгуулийн үеэр даарин дээр нь давс үрнэ гэгчээр шоу болгосон байж ч мэднэ.
-МАН-ын Бага хурлын гишүүн Ч.Ганхуяг уриалга гаргаж намаа шинэчлэх талаар дуугарах болсон. Танай нам шинэчлэгдэх үү. Намын шинэчлэлээ яг юунаас эхлэх ёстой вэ. Намын даргаас уу?
-Тэр Ч.Ганхуяг гэх хүн 2012 оны сонгуульд нам удирдаж орон даяар ялагдал хүлээсэн багт багтаж байсан санагдаж байна. Энэ хүний санаа гэхээсээ түүний цаана байгаа багийн хүсэл, илэрхийлэл болов уу. Тэднийг харин олон нийт мартаагүй байгаа биз. Одоо нам, олон нийтийн нам болж шинэчлэгдэх хэрэгтэй. Түүнээс биш олигархи, оффшорчдын хоргодох газар байж болохгүй. МАН нэг үеэ бодоход гишүүд нь бодол санаагаа чөлөөтэй илэрхийлдэг нээлттэй нам болсон шүү дээ. Нам шинэчлэх гэдэг үг түүхийн бүх л цаг үед байсан зүйл. Алив зүйл шинэчлэгдэж байж оршин тогтнох нь байгаль-нийгмийн мөнхийн хууль. Гэхдээ тэр намаа шинэчилнэ гэж хашхираад байгаа хүмүүс ямар зорилготой гэдэг л гол асуудал. Шинэчлэх хүмүүс нь мөн үү, биш үү гээд олон асуудал гарна.
-Мөн намын даргыг тойрсон хэсэг бүлэг хүмүүс намын даргад үнэн зөв мэдээлэл өгөхгүй, вакуумжуулсан гэх юм. Эрхбиш гишүүдийнхээ санаа оноог сонсож зөвлөгөө авсан байлгүй дээ?
-Гэрэл тойрч эрвээхэй, шавж эргэлддэгийн адил эрх мэдэл бүхий намын даргыг тойрон хүрээлэгчид битүү шавж, уг хүний алсыг харах мэлмийг харанхуйлдаг учир дутагдал бий шүү. Харин миний хувьд 100 жилийн түүхтэй Сүхбаатар, Чойбалсангийн Ардын намаа жинхэнэ олон түмнээ гэсэн Ард түмний нам байгаасай гэж бодохоос хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийн нам байхыг хүлээн зөвшөөрөхгүй.
-Таныг Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатарыг дэмжиж ажилласан гээд байх юм. Сурталчилгааны нээлт Дорнодод болоход таныг ирсэнгүй гээд байсан л даа?
-С.Ганбаатартай өнгөрсөн дөрвөн жилд бие даагч гишүүн гэдэг утгаараа бид санаа зорилго нэгтэй хамт ажиллаж байлаа. Нөхрийн хувьд, эр хүмүүсийн харьцаа хэвээрээ. Харин улс төрийн зам мөрийн хувьд салцгаасан. Яаж дэмжсэнийг хэлсэн, сонссон хүнээсээ сайн асуувал зүгээр болов уу. Мэдэхгүй байна. Сурталчилгааны нээлт Дорнодоос эхлэхийг намын сонгуулийн тухайн үеийн нууц байсан юм байлгүй надад хэлээгүй. Тэгээд ч бидний хэсэг гишүүд гадаадад томилолттой байхгүй байсан.
-МАН дотор хотын фракц буюу М.Энхболдынхныг улс төрөөс холдуулах ажил эхэлсэн гэх юм. Нэг үгээр хэлбэл МАН доторх фракцийн тэмцэл ил гарч эхлэв үү дээ. Та ямар бодолтой яваа бол?
-Ардчилсан нам өнгөрсөн жилүүдэд таван фракцтай гээд зарладаг байлаа. Харин манай намд албан ёсны тийм фракц гэж байхгүй. Харин хүмүүсийн эрүүл шүүмжлэл дүгнэлт бол байнаа байна. Намын шинэчлэлд бодол, зорилгоо нэгтгэж, хамтрах асуудал гарна байх шүү.