Categories
мэдээ утга-зоxиол

Д.Нацагдорж: ​Харанхуй хад

Зуны шөнө богино тул, өглөөний найман цагт нар нэгэнт дээр гарчээ. Унтсан нойрноос арайхан сэрмэгц нэг янжуур асааж, шившив. Чилсэн биеийг талбируулан түр зуур хэвтэхийн завсар энэ өдрийн элдэв хэргийг бодох бөгөөд өдрийн тэмдэглэлийн дэвтрээ дэрэн доороосоо авч үзвэл, химич харандаагаар бичсэн хэдэн үсэг бараг бүрэг үзэгдэхэд түүнийг шүлсээрээ норгон улмаар ажиглавал: «Наймдугаар сарын гучны Бямба гариг, Харанхуй хад Ина » хэмээх хэдэн үгсийг тэмдэглэсэн байх нь утга ба учир тодорхойгүй, юун тухай бичсэн нь огт мартагдсан тул дахин нэг удаа алгуурхнаар уншиж эцсийн үсэг дээр нь хүрвээс, Ина хэмээх нь миний хуучин амраг охины нэр цахилгаан адил хоромхон зуур миний тархины дотор гэрэлтсэн бөгөөд мөнхүү охиныг хэдийнээ хайлаас модны сүүдэрт тэврэн үнсэж агсан цаг гэнэт санагдан, сормуусны сүүдэрт үзэгдэхэд даруй сэтгэл хөдөлж, улмаар эрт ба эдүгээ хол ба ойрыг улируулан бодох тутам ийн тийн уяран мэлмэрч, зүүд мэт болон зэрэглэсээр, агшин зуур үүргэлсэн нь татаж буй тамхины үнс хэнхдэг дээр унахад, гэдрэг цочин сэрэхүй лүгээ уг тэмдэглэлийн учир утга юу болохыг эргэцүүлэв. Үүнд юуны урьд би түүнтэй хязгааргүй янаглан ханилсан боловч, дараагаар хоёр бие уул далайн тэртээ энэтэйд завсарлагдан, сэтгэл зүрх ташаалагдсан бөлгөө. Хожим хайртай Ина хаана одсоныг мэдэхгүй, хэдийгээр эрэн сурвалжилсан боловч эс олоод алмайран гайхсаар агсан нь гэтэл энэ өглөө санамсаргүй өдрийн тэмдэглэлийг үзэхэд үл мэдэгдэх утга бүхий хэдэн үгсийн дотор түүний нэр байхыг үзээд, зүрхний дотор зул ноцвой. Эрэгцүүлэн санавал, эдгээр хэдэн үсэг нь түүний бие надаас салахад миний дэвтэр дээр тэмдэглэж өгсөн, сануулга лав мөн хэмээн сая мэдэвч, юу хэмээсэн утга нь басхүү далд амой. Өнөө ухамсар авч бодвоос Ина болбол энгийн хүн бус бөгөөд эрдэмтэн охины манлай мөн тул, энэхүү бичсэн нь лав учиртай биз. Үүний учрыг олбол, Инаг олох нь магад хэмээн сэтгэмэгц нэг аяга цай авчруулан уугаад, мөнхүү хэвтээ хэвээр уг тэмдэглэлийг утгыг шинжлэн боловсруулж эхлэв. Энэ үед манай тогооч их л сүрхий царай гарган надаас асууна.

-Ай данжаад яасан. Бие өвдсөн?
-Үгүй зүгээр.
-Ай би айж байнав шүү. Царай муу байна.
-Зүгээр, ядарч байна.
Дараагаар би буруу харж хэвтэн, хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд цааш бодов. Манай тогооч «Ай» хэмээгээд гарч одов.
Нэг цаг орчим зүйл зүйлээр эргэцүүлсний хойно арай хийж нэг сэдэв олсон бөгөөд юу хэмээвээс наймдугаар сарын гучны Бямба гариг гэсэн нь болзоо тавьсан өдөр болмой. Харанхуй хад хэмээсэн нь хэрхэвч нэг газар байж тохирох тул лав тийм газар уулзах гэсэн юм байна хэмээн сэтгэгдсэн бөгөөд бас дахин нэгудаа шалгаж үзвээс наймдугаар сарын Бямба гариг нь яг энэ өдөр болсон тул, даруй яаравчлан босмогц: «Морийг барь, эмээллэ» хэмээн тогоочид хэлбэл, түүний бие өмнөөс их нүд гаргаж, «Яасан данжаад» хэмээн амандаа шивэгнэсээр гарч одоод «Ай эмээллэсэн ба шүү» хэмээн гадна хашхирч байна. Миний бие даруй ташуурыг аван, шаламгайлан гарч, морин дээр мордсон хойно боловч аль зүгт одох ба «Харанхуй хад» хэмээгч нь ямар ертөнцөд оршиж байхыг огтхон ч мэдэхгүй тул, дэмий л мориныхоо хоёр чихийг ширтэн гайхаж хэдэн минут болов. Үүнд манай тогооч хажуугаас «Ай явахгүй яасан? Юу мартсан?» хэмээн үглэж баймой. Гэтэл миний морь удаан зогсоход хөл нь чилсэн ба угаас омголон морь тул ийш тийш тэмүүлэн тогтож ядахад жолоогоо султгавал тэр баруун өмнө зүг алхлав. Үүнд би нэг зэрэг бодоод морины хаашаа чиглэсэн тэр зүг шууд явав. Түүнээс нэгэнт мэдвээс, хэд хэдэн арван газар дэв дэмий явчихсан бөгөөд хүн амьтан үзэгдэхгүй цөл газар иржээ. Ам цангах нь хэмжээлшгүй, сэтгэл уйтгарлах нь хязгаарлашгүй. Морь хэдийгээр ихэд хөлөрсөн боловч, ядарсан байдал огт үгүй болохуйяа салхийг сөрөн, хэнхдэгийг яран давхисаар, хэд хэдэн ухааг давж, хужир ба бударгана элбэгтэй нэг цайдам газар хүрч очвоос, дөрвөн зүгт юу ч үзэгдэхгүй, харин тэртээгүүр бараан үүл хурж бороо орох янзтай байв. Санамсаргүй хүрч ирсэн зэрлэг цөл газрын байдал төдий л тааламжгүй. Дэмий л гайхамуй. Намрын салхи сэржигнэн салхилах нь сэтгэлийн дотор гулин галин байдлыг төрүүлнэ. Амраг Инаг олж уулзана хэмээсэн нь харин зүүдлэн давхиж, хөндий талд төөрөх нь ч юм уу? Гэтэл унасан морины чих соотогнож, хамар нь хуухинахад сэр хийтэл цочиж ийш тийш ажиглавал, тэртээ хажууд нэг амьтан явна. Юу ч болов очьё хэмээн шууд давхин ойртвоос, «үнэг буюу чоно буюу аль танигдахгүй нэг амьтан улам цааш зугтаамой. Морийг ташуурдаж довтолсоор гүйцэн очвоос, үнэг ч бус, чоно ч бус, харин нэг нохой явмуй. Өмнө ба хойгуур нэгэнт эргэлдэж, сүүлээ шарваад, баруун зүг удирдан явахыг үзвэл айлын нохой бололтой, ангийн ч нохой байдалтай тул, цангасандаа лав нэг хүнтэй газар хүрэх биз хэмээн итгэж, хойноос нь дагалдан шогшив. Чингээд цайдмаас холдон нэг ухааг давбал, газрын байдал их л өөр болоод өвс ногоо сахлаг ургасан хангай газар бөгөөд тэртээ баруун хойд талд өндөр уулс ханаран байхын наагуур, урт мөрөн урссан үзэгдэнэ. Нохойны явах нь алгуур болоод удалгүй нэг толгой тойрмогц, цаана нь нэг хар овоохой харагдав. Гадуур нь нэг ч малгүй, харин дэрс бут үргэлжилжээ. Нэг настай хар хүн гарч ирээд нохойгоо даллан дуудаж амуй.

Миний бие хагас өдөр хээр явсан нь хэдэн сар аян хийсэн мэт болж, бие зүдрэн, санаа галирсан тул, айл гэрийг үзэхэд амраг Инатай учирсан адил баярлаж морио тушаад оров. Хар хүн дагалдан ороод, зүүн хойно цомцойн суув. Би баруун хойно нь нэг гөрөөсний ширэн дэвсгэр дээр хагас завилан суусны дараа амар мэндийг мэдэлцэв. Мөнхүү хар хүн гуч илү настай бөгөөд илгэн дээл өмсөж суран бүс бүсэлжээ. Үг хэлэлцэх аялгуу нь чихэнд их л өөр сонсогдоно. Зүүн өмнө хатавчинд үстэй дээлээр нэг хучаастай хэвтэж байна. Дун буурал толгой цухуйж байна. Хар хүн нурманд шигтгэсэн домботой цайг нэг тэвш тарваганы махны хамт надад өгсөнд, цай нь гудамжны шалбааг мэт булингартай, мах нь халшгүй нэхүүн үнэртэй боловч, ундаасаж өлссөн минь их тул, аргагүй ууж идэв. Гэдэс бага зэрэг тайтгарч, бие бага зэрэг амарсан хойно Ина сэтгэлд орж ирэхэд «Харанхуй Хад» хэмээгч газрыг хар хүнээс сурваас: Би энэ газар өсөхөөсөө аваад өтөлтлөө суусан бөгөөд угаас гөрөөчин хүн тул, ойр хавийн газрыг бараг мэднэ. «Энэ завсар миний сэтгэлд баяр төрж байлаа.» Гэвч би ийм газар сонссонгүй хэмээхэд миний урам хугарч, одоо хаашаа явахаа мэдэхгүй алмайрна. Алтан дэлхий уудам их, Харанхуй хад хэмээх газар хаана байхыг хэн яахан мэднэ. Дөрвөн зүг найман зовхисыг тойрон, зуун жил, мянган он эрэвч бас олдохгүй байж болмой. Ина хэмээх охины бичсэн нэгэн зурвас тэмдэглэлийн төлөөнөө сэтгэл сүйдэж биеийг зовооно. Энэ мэтээр гайхан, царайгаа барайлгаж нэг үе суув. Гэтэл тэртээ хажууд хэвтсэн буурал эмгэн толгойгоо дааж ядан, өндийн босоод баруун хоймор тахисан бурхан юм уу алиныг мэдэхгүй нэг юмны өмнө мөргөхөд хар хөн их л гайхсан байдлаар харж:Эмгээ, эмгээ! гэж байна. Энэ үед би мөн гайхаж, хөөрхий энэ авгай үдшийн залбирлаа хийж байгаа нь энэ юм уу хэмээн бодож, эртхэн мордьё гэж сэтгэж байлаа. Гэтэл эмгэн тэрхүү тахилын тэндээс нэг юмыг аваад хар хүнд өгч: Хүү минь энэ бол манай эцэг өвгийн үеийн юм, энэ хүүгийн хэлж байгаа газар байх магадгүй хэмээмэгц миний чих сортойж нүд ширтэн санаа тавив. «Бараан цохио хэмээх нэг газраас олсон ховор юм гэнэ билээ» хэмээхэд хар хүн түүнийг авч үзээд: «Эмгээ зөнөглөх гэж аяны хүнийг одоо төөрүүлэх нь» хэмээгээд ширээн дээр тавьсанд би түүнийг яаран авсан нь тэр хэсэг чулуу болох нь хүнд тул гараас мултран газар унамагц, хоёр хэсэг хагарсан бөгөөд авч үзвэл яах аргагүй хир болсон нэг чулуу байв.

Би хэдэн удаа эргүүлж үзээд хар хүний адил дэмий юм хэмээн сэтгэж ширээн дээр тавихын үед оройн нар баруун хаяагаар тусаж буй гэрэлд мөнхүү чулууны хагарсан тал дээр гилтэгнэмэгц гэнэт сонирхол төрж эргүүлэн ажиглаваас, харин чулуу чулуунаас өөр тэмдэгтэй онц нэгэн чулуу болохуйяа, энэ нь надад хоёрдугаар тэмдэг болмой хэмээн санаж нэгэн талыг эмгэнээс гуйж аван өвөртлөөд баяртай байдал төрж мордов. Угаас би түмэн бодисын зүйлийг их л сонирхдог учир чулууны аймгийг нэлээн ялган салгаж танихын тул мөнхүү айлын хаяанаас эхлэн тохиолдсон чулууны хувирах байдлыг шинжлэн, энэ чулууны гарсан газрыг мөрдөн явав. Түүнээс нэг хэдэн цаг болсон хойно тэртээ харагдаж байсан уулсын хормойд хүрсэн бөгөөд мөнөөх их мөрнийг усны гүнд арайхийн гарч, мөнхүү уулын нэг амыг өгсөхөд ой мод үргэлжилсэн бөгөөд шавар намаг үлэмж, нэгхэн ч зам мөргүй, хааяа нэг хар хэрээ үзэгдэхээс өөр амьтан үл тохиолдоно.
Нар нэгэнт шингэж бүрий болсон тул, чулууны байдлыг шинжилж харагдах ч үгүй болов. Ердөө аливаа чулуу дээрээс өнхрөн буудаг жамтай тул дэмий л өгсөн явав. Гүн ойн дунд нэгэнт лав оржээ. Өдрийн бүрхэж байсан бороо сая асгаран оров. Ширүүн салхинд модны мөчир гуйвалзан шуугих бөгөөд аянгын дуу сүртэй хүржигнэмүй. Алхах тутам шавар намаг болоод гуу жалга тохиолдмой. Энд тэнд чоно ульж басхүү тас няс хийх чимээ гарах нь аймшигтай бөгөөд даруй үс босож зүрх догдлон, сэтгэл яарна. Өдөр дөрвөн зүгийн алин тийш явахыг гайхаж байсан нь эдүгээ дөрвөн зүг хаана хааш болохыг нэгэнт алджээ.
Зорьсон хэрэг ба шинжлэх явдлыг умартаж, гагцхүү амиа хамгаалж явахыг урьдал болгов.Угаас шалгадаг ухааныг шүтэж, боловсронгуйгаар хүмүүжсэн боловч, буг чөтгөр санагдаж, эрлэг тамын орон бодогдоно. Түүнээс бороо улам ширүүдэж дуу ба цахилгаан үргэлжилнэ. Газрын байдал улам бэрхтэй болж, айх цочих нь нэн олшров. Урагш явъя хэмээвээс өмнө этгээдийн бартаа хавьтах аргагүй, гэдрэг буцъя хэмээвээс замаас нэгэнт төөрчээ. Дөрвөн зүг туршивч, хад асга харанхуйлан хашиж, сүүхийлцэн хэртхийлгэхээс өөргүй. Хэдийгээр Харанхуй хад хэмээх нэр нь газрын байдалтай нийлэлцэн санагдах боловч, ийм оронд энхрий Ина хэрхэн орших аж. Тиймийн тул даруй мориноос бууж, хэзээ нар мандахыг хүлээнэ. Гэтэл морь нэгэнт үргэн харанхуй хадны дунд хангинтал янцгаах дуу ясанд тултал жихүүцүүлэхэд нэг амьтан тулж ирснийг мэдсэн боловч ихэд цочсон тул нэгэнт мэдрэл зайлжээ. Нэлээн удсаны хойно сэргэж үзвээс толгойгоо нэгэн хүний дээр тавьсан буй, унтсан ба зүүдэлсэн ба гэртээ буюу хаана буйг мэдэхгүй цочин босож үзвээс янаг охин Ина хажууд зогсож байх бөгөөд үзэсгэлэнтэй залуу охины хасын царай нь харанхуй хадыг гэрэлтүүлэн баймой.
-Хайртай чиний тэмдэглэлийг ухсан боловч хааш явахыг мэдэхгүй байтал тэмүүлсэн морь нь чиний эцгийн морь болохыг нэг зэрэг бодож итгэснээр чамайг олж ирэв.
-Их хүн аюултай юм лугаа нөхөрлөхийн тул энэхүү харанхуй хадны газар чармайн намайг эрж ирсэн нь харилцан амраглаваас сая болмой хэмээлцээд чанга тэврэлдэж үнсэлдэв.
Харанхуй хадан дунд хашралтай бөгөөд аюултай
Харин түүний байдлыг хасын охин сонирхмой
Яруу найраг хэмээгч нь ертөнцөд гайхамшигтай бөгөөд
Ина охины адил идэр хүний сэтгэлийг булаамой

1930 он

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *